solongonews
Баяннуурын содон уяачдын хурдан хүлгүүд
2017-02-07 10:52
80-аад оны эхэн үед байгаль цаг агаар, нутаг бэлчээр тансаг, адуу мал тарга хүчтэй сайхан байлаа.

Нар хур тэнцэж өвс ургамал өтгөрөн шимтэх зуны сайхан эрин болоход Баяннуурын адуучин, уяачид хамгаас завгүй болж, өөр өөрийн морьдоосоо аль зэгсэн гэж тоосноо уяж арчлан, өрөөл бусдын хурдан хүлгүүдтэй уралдуулж, найр наадмын сураг чагнадаг байлаа.

Тэр үед Баяннуур бригадын нийтийн адуу гэгч гурван зуу шахам байсан бөгөөд өргөн уудам нутаг бэлчээртээ жилийн дөрвөн улиралд дураараа идэшлэн бэлчдэг байсан. Нутгийн минь уяачид морьдоо нүдлэн таньж ногтлон аваад уяж сойж хөлрүүлж, амьсгааг нь задалж, хүчийг нь тэнцүүлж, уяа эвлэрүүлэх торгон ир дааруулах зэрэг уралдааны морио уйгагүй оролдож завгүй болно. Уяач ахмад минь өөр өөрийн морьдынхоо идэш уушаас эхлүүлэн ямар цагт уях, ямар цагт идүүлэх, нэмнэх зэргийг маш нарийн тааруулдаг бөгөөд бусдын морьдыг нарийн ажигласны дараа өөрийн морио өөр морьдтой харьцуулж адилтгаж уяа сойлгын ажлыг нь улам нягт эрчимтэй нууц болгодог аж. Баяннуур нутагт нарийн хянуур, холыг сэтгэх сэтгэхүй, цөхөршгүй уралдах тэсвэр тэвчээр тэрчлэн жинхэнэ хурдан хүлгийг таньж, уяа сойлгыг нь тэнцүүлж чаддаг уяачид олон байснаас нутгаас минь олон сайхан хурдан хүлэг гарч билээ.

Нутгийн уугуул Балжирын хэлтэн хар морь 1976 онд Баянбулаг багт болсон Авганарын хошууны их наадамд тэргүүн байранд орсон бөгөөд дараа жил нь Рашаанбулаг нэгдлийн ардын их наадамд мөн тэргүүлсэн байна.1982 онд Шилийнголаймгийн мал сүргийн өнөр өсөлтийг тэмдэглэсэн бүх аймгийн VI удаагийн их наадам дээр дөрөвт орсон бөгөөд 1983 оны Шулуун хөвөөт цагаан хошууны наадамд дэд байранд оров. Балжирын хэлтэн хар гэж ингэж их бага найр наадмаар олон удаа тэргүүлсэн нэрдээ таарсан салхит хүлэг юм. Мужаан Рэнчин гэж мөн хол ойрдоо алдартай уяач бөгөөд түүний уясан ягаан морь 1982 онд Шилийнгол аймгийн VI удаагийн их наадамд тэргүүлж, үзэгч түмнийг гайхуулсан байна. Мөн түүний уясан өндөр хээр морь нь Рашаанбулаг нэгдлийн ардын их найрт тавдугаар байранд орж байсан түүхтэй.

Үүнээс гадна тухайн үед адуучин Гоцын хүрэн морь, уургын бор, Тэгшийн хамар цагаан хээр, Дамбын хар, Өлзийнасангийн хээр морь, Элбэгийн дөрвөлжин хээр гээд олон сайхан морьд хол ойрын найр наадмаар хурдлан нутаг усныхаа алдрыг өргөж байсан юм.

Зохиогч: Ш.НАЦАГДОРЖ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл