solongonews
Уулын гүнд мөөг түүгч монгол хосууд
2020-08-24 11:55
Уулын гүнд мөөг түүгч монгол хосууд

  “Хөлөнбуйрын хурд - 2020” гал уяачдын наадмын мэдээллээ амжилттай төгсгөн манайхан сурвалжлагын аяны жолоогоо Рашаан хот тийш залсан билээ.
Улс орондоо алдартай жуулчлалын үзэмжийн орон болсон Рашаан хот нь дэлгэр зуны улиралд улам ч гоё ганган. Тунляо хотын Хорчин зүүн гаран хойд хошуунд нутагтай, монгол хосуудын ажил амьдрал, үйл ажиллагатай нь танилцсан минь их олз байлаа.


        Залуу хосуудыг Шань Бао, Жао Гүйрүн гэдэг. Тэд 2006 онд Рашаан хотод ирж, мөөгний бизнес хийсэн байна. Тэднийхний дэлгүүрт алтан лянхуа цэцэг, хар дэлдүү, цагаан дэлдүү, цагаан мөөг, улаан мөөг, билэгт дэлдүү, удвал цэцэг, халгай, уйм ногоо, багваахай цэцэг зэрэг гучаад төрлийн  органик хээрийн ургамлыг худалдаж, цахимаар бүх улсад борлуулж жилдээ нэлээд орлого олж байдаг.


   Тэд ихэнх ургамлаа өөрсдөө ойн гүнээс түүдэг. Жил бүрийн наймаас есдүгээр сарын дундаж хүртэлх хугацаа бол Шань Бао, Жао Гүйрүн хоёрын хувьд хамгийн завгүй үе тохиодог. Тэд үүрээр ойн гүнд орж, өдөржин унасан малгай авах завгүй ажилладаг. Бусдаас амжиж шинэ соргог цэцэг ургамал олохын тулд мотоцикл унаад ч орж чадахгүй битүү ойн гүн баларт ордог байна.
Шань Бао хамгийн анх удаа ганцаараа ойн гүнд орсон явдлаа одоо болтол тов тодхон санадаг. Тухайн үед Шань Бао мөөг түүж байгаад хээрийн гахайтай харгаснаар айж зугтахын эрхэнд төөрчихсөн байж. Битүү ой дотор өдөр шөнө нь огт мэдэгдэхгүй байдгийн дээр бас элдэв зүйлийн хорт хорхой шавьж, баавгай, хээрийн гахай зэргийн зэрлэг амьтад цөөн бус байдаг тул тун аюултай байдаг. Тэрээр нэг өдөр гаруй төөрч тэнэж, булгийн усаар ундалж хээрийн жимс ногоогоор өл залгуулж яваад азаар цагдуулын цэрэгтэй таарч аврагдсан байна.
“Хал туулж хашир сууна” гэдэг. Тэр хоёул ингэж зовж зүдэрч арван дөрвөн хавар намрыг ардаа орхижээ. Энэ хугацаанд Шань Бао мотоциклоос хаягдаж ч байсан. Хаданд халтирч ойчиж ч өнгөрлөө. Модон салаанд өлгөгдөж ч байлаа. Тэгсээр байгаад одоо болоход нэгэнт хашир болчихсон ууланд гарч мөөг түүхээ бараг л өөрийн хашаа цэцэрлэгтээ зугаалж байх шиг л хялбархан ажил болсон байв.


 Жао Гүйрүн уг нь нутагтаа эмч байсан болохоор эдгээр хээрийн ургамлын үйлдэл чадавхийг бусдаас илүү сайн мэднэ. Холбогдох мэдээллийг сайн эзэмшсэнээр хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлж бараа бүтээгдэхүүнээ сайн тохируулж өгдөг байна. Тэд жилдээ 100 гаруй мянган юаний цэвэр орлого олж энэхүү гайхамшигт нутаг ус, эх байгалийн хишиг буян хэмээн сэтгэж, эх байгальдаа хязгаарлашгүй сүсэглэж даатгаж явдаг аж.
- Ирээдүйд бараа бүтээгдэхүүнээ улам нарийн болгож, аялал жуулчлалаар борлуулалтаа өргөжүүлнэ гэж  Шань Бао, Жао Гүйрүн хоёул итгэл дүүрэн ярьж байлаа.

Зохиогч: Нийтлэлийг: Агиймаа
Найруулагч: Ц. УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Амьдрал гарагийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл