
Айл гэрийн аж амьдралын өөдөлж дэгжрэх нь тэр айлын бүсгүйн цэцэн ухаан, ариун хөдөлмөрөөс шалтгаална гэдэг тун зүйтэй үг билээ. Ам бүл тавуулаа бөгөөд 533 га талбай нутаг бэлчээртээ өвөлжөө зуслан хэмээн оторлон нүүдэллэж, 300 гаруй бог мал, 75 бод малтай, суурь бүтээн байгуулалт иж бүрэн, ажилч хөдөлмөрч гэдгээрээ хот усныхаа дунд бишрэгдсэн айл өрх юм. Алтанцэцэг айл гэр үр хүүхдээ додомдон хүмүүжүүлж, хөдөөгийн бор ажлаа хоёр үзүүрийн нартай уралдан хичээсээр чинээлэг айлын тоонд орсон юм. Тэрээр үр хүүхэд нь ч ухаажин томоожиж, сургууль соёлын өргөн харгуйгаар замнаж, том охин нь Өвөр Монголын Багшийн Их Сургуульд суралцан, ихэр хүү охин нь хошууныхаа Монгол үндэстний хоёрдугаар монгол бага сургуульд суралцаж байгаа юм.
Ажилч хөдөлмөрч хүнд бурхан тэнгэрээс ч буян хайрладаг гэдэг. Ажилсаг зантай Алтанцэцэг ариун хөдөлмөрөөрөө айл гэрээ босгож ирснээр олон нийтийн хүндэтгэлийг хүлээж, сум багийн “Ажилч хөдөлмөрч бүсгүй”, “3•8 улаан тугч” зэрэг яруу алдраар энгэрээ мялаалгаж байв. 2013 онд тэр нутаг усны малчин түмнийхээ хүсэл найдвараар багийнхаа эмэгтэйчүүдийн төлөөлөгчдийн хурлын ажлыг хариуцаж, олон түмнийхээ хүсэл эрмэлзлийг биелүүлэхээр шуурхай ажиллаж явна.
Алтанцэцэг багийнхаа эмэгтэйчүүдийн төлөөлөгчдийн хурлын ажлыг үүрэглэж авснаас хойш багийн зөвлөлийн удирдах багтай байнга харилцан ажлын төсөв төлөвлөгөөг ярилцан зөвшилцөж, санал бодлоо үргэлж солилцохоос гадна мал аж ахуйн оронтой холбогдсон төрийн бодлого, дүрэм тогтоолыг цаг ямагт анхааралдаа авч багийнхаа малчиддаа дамжуулан танилцуулдаг билээ.
Мөн ядуу хүндрэлтэй өрхийг тэтгэн дэмжих, багийнхаа хот орж ажил үйлс эрхэлж байгаа эмэгтэйчүүд болон оюутан залуусын үндсэн байдалтай танилцаж, тэдний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зээл олж өгөх, ажил үйлс эрхлэх арга зам, туршлага сургамж, сураг чимээ хангах зэргээр удирдан дагуулж, ажил үйлс босгоход нь үргэлж өөрийн тус нэмрээ үзүүлдэг. Тэрчлэн багийнхаа эмэгтэйчүүдийн төлөөлөгчдийн хурлын сургалт, хурал цуглааныг идэвхтэй зохион байгуулахаас гадна “3•8” олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийн үйл ажиллагаа, хүнд өвчинд нэрвэгдсэн эмэгтэйчүүд болон бага балчир хүүхдүүдэд туслах үйл ажиллагаа, орчин ахуйгаа цэвэрлэн байгаль дэлхийгээ хамгаалах үйл ажиллагаа зэрэг сайн дурын үйл ажиллагааг байнга зохион байгуулдаг байна.
