solongonews
Сөнид зүүн хошууны малчин бүсгүйчүүдийн орлогын нэмэгдэл
2016-12-28 16:52
- Чихэр худалдсан жилийн орлого 100 мянган юань хүрч байна гэж Сөнид зүүн хошууны Мандалт суурингийн Улаангэрэл багийн Төвөргөөн хоршооны гишүүн Оюунгэрэл сэтгүүлчдэд ярьж байлаа. Сүүлийн жилүүдэд ган гачиг үргэлжилж, малын үнэ ханш буурч, өвс бордооны үнэ өсөж, малчид орлогынхоо тогтуун нэмэгдлийг хэрхэн батлах гэдэг тэдний шийдэх асуудал болсон байдаг.

Оюунгэрэл өнгөрсөн өвлөөс эхлэн цагаан идээ боловсруулж шар усаар нь чихэр хийж борлуулдаг болжээ. Хөдөөний малчид өмнө нь шар усыг хонь малдаа уулгах буюу ашигладаггүй байсан. Гэтэл Оюунгэрэл дүүгийн хамт амттай чихэр болгон боловсруулж худалдан орлого сайтай байгаа бөгөөд “Хаваржаа” гэх  бүтээгдэхүүний тэмдгийг бүртгүүлжээ. Чихрээ 150 гр бүрийг нэг боодол болгон, боодол бүрийг 25 юаниар Хөххот, Хөлөнбуйр, Жинин зэрэг газраар борлуулдаг. Жин бүрдээ 80 гаруй юань хүрдэг ч борлуулалт сайн байгаа болохоор жилийн орлого нь 100 мянган юанийг давсан байна. Оюунгэрэл: - Шар усаар чихэр хийхэд хөрөнгө оруулалт бага, зөвхөн арга технологийг нь сайжруулаад зоригтой хийхэд боломж их байдаг гэлээ.

Энэ жилийн 12 дугаар сарын 1-ний өдөр Сөнид зүүн хошууны Сайханговь сумын Баяндүүрэн багийн Таванхайрхан хоршоо цагаан идээний сургалт зохион байгуулж, Монгол Улсаас цагаан идээ боловсруулдаг тусгай мэргэжилтэн урин, малчдад шар тосны чихэр, сүүн чихэр, шар усны чихэр, тараг хийх аргыг заалгасан юм. Тус хоршооны малчин  Наранчимэг: - Сургалтын дараа оролцсон малчдын вичат холбоо байгуулж харилцан суралцаж, сургалтад оролцсон малчид сайхан амттай чихэр хийдэг болсон гэж байлаа.

Малчдын орлогыг нэмэгдүүлэхийн тулд олон төрлийн арга сэдэж байна. Шар усыг ч ашиг орлого олох бүтээгдэхүүн болголоо. Хэрвээ манай малчид хонины мах, арьс, ноос зэргээ ч энэ мэт сайн боловсруулаад зах зээлд гаргавал орлого нь нэмэгдэхгүй гэж үү ⁈


 

Зохиогч: Алтансүмбэр
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл