Бага байхад бид цагаан сарыг хуруу даран тоолж хүлээдэг байлаа. Дөнгөөд л цагаан сар болбол хамгийн түрүүнд шинэ хувцсаа өмсөж баярлана. Шинэ хувцсаа өмсчхөөд хотныхоо айлуудыг үлдээлгүй тойрч, айлын эгчээр шинэ хувцсаа мялаалгаж, амтат сайхан чихэр боорцогт нь дурлаж гүйдэг байсан хүүхэд насны цагаан сар одоо ч тодхон санагдана. Атга чихрийн шагналаа арвилан гамнаж, өдрийн нэг хоёрхоныг идэж “ходоодны хорхой”-гоо дардаг байсан цаг зөндөө. Гэвч заримдаа санаа сэтгэл минь яахын аргагүй чихрийн амтанд горилон, хармаан дахь хэдхэн чихрээ “хулгайлан” идсээр байгаад нэг мэдэхэд чихэр минь үгүй болдог байлаа.
Тэр үед цагаан сар болохоос өмнө манайхан байшин гэрийнхээ цаасан таазаа сониноор наадаг байсан нь сэтгэлд дандаа бодогдоно. Гал тахилгын 23-аас өмнө байшин гэрийн утаа тоосоо шүүрдэж цэвэрлэн, цаасан таазандаа шинэ сонин наадаг байлаа. Сонин наах үед би сонины аль сайхан зурагтай мөртөө сайхан зохиол бүтээлтэй хэсгийг нааш хандуулан наахаар чармайн ажиллаж, ах эгчтэйгээ дэвжээн болдог билээ. Тэр л үеэс би сонин сэтгүүл, ном бичигт хорхойтой болсон шиг санагдах юм.
1994 онд манайх телевизтэй болсноос хойш цагаан сар болбол битүүний үдшийн сар шинийн концертыг л тэсэн ядан хүлээдэг болов. Хүүхэд насны минь хөөрхөн цагаан сар нэг л мэдэхэд өнгөрөн одоод хорь гаруй жилийн нүүр үзчихлээ. Битүүний оройн салют хөдөөгийн балрын хүүхэд бидэнд хязгааргүй хөөр хөгжөөн авчирч, шинийн нэгэнд салютаа буудуулчхаад айлаа тойрохоор нэг хүний нэг цэргийн ногоон цүнх үүрэн явдаг байсан маань өнөөхний учир мэт. Олсон боорцог чихрээ цүнхэндээ хийгээд багтахгүй болбол хувцасныхаа хармаанд түнтийтэл хийгээд ирдэг байсан нь цагаан сараас олдог хамгийн том олз юмсан. Түүнийгээ цагаан сарын 15 болтол хадгалж, өдрийн нэг хоёроор гаргаж иддэг байсан нь дурдатгалтай. Идэж, өмсөх, эдлэх аль нь ч элбэг байгаагүй ч сэтгэл баян жаргадаг байснаараа хүүхэд насны минь цагаан сар энэ насны минь хамгийн сайхан дурдатгалтай мөч болон түүхийн хуудсанд тэмдэглэгдэн үлдсэн билээ.
