solongonews
Адуун соёлоороо бахархсан малчин
2016-12-29 11:28
Хүсэл бахархал гэж хүний сэтгэлийн орон зай. Сэтгэлийн орон зайдаа ажилласан хүний зориг хэзээ ч тал шиг уужим мөртөө тэсвэр тэвчээртэй байдаг.

Сөнид баруун хошууны Санбулаг сумын Баянцээл багийн малчин залуу Хаш-Эрдэнэ өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн адуун соёлоо хөгжүүлэх гэж олон жил зүтгэж яваа нэгэн.

Уяач залуу Хаш-Эрдэнэ адуунд их хайртай байдгийн учир 2002 оны цагаан сарын шинийн есний өдөр өөрийн төрсөн нутаг болох Дэрстийн толгой гэх газар хурдан морины уралдааныг хийв. Энэ нь түүний адуун соёлоо хөгжүүлэх аяны анхны гараа байлаа. Түүний энэхүү үйл ажиллагаа нь хол ойрын моринд хайртай хүмүүсийг уриалсан байна. 2003 онд Сөнид нутагт бороо хур муугаас малчид адуугаа худалдаж адууны тоо их хэмжээгээр цөөрч, моринд сонирхолтой олон хүн өөрийн эрхгүй сэтгэл эмзэглэж байсан. Нутгийн молор эрдэнэ болсон монгол адуугаа яасан ч авран хамгаалж, өсгөн үржүүлэх үүднээс малчин Хаш-Эрдэнэ хоёр дахь удаагаа адуун соёлын наадмаа “5 дугаар сарын 4”-ний залуучуудын баярын өдрийг тохиолдуулан хийсэн нь амжилттай болж, малчин түмнээ адуугаа хямгадан өсгөхийг уриалсан байна. Үүнээс хойш Хаш-Эрдэнэ маань хэчнээн жилийн турш адуунд хайртай хүмүүстээ сэтгэлийн дэм болж, адуугаа хайрлаасай хэмээн зоригжуулж, адуун соёлын наадмаа жил бүр уламжлал болгон таван сарын дөрвөний залуучуудын баярын өдөр хийх болжээ.

Шинэчлэл

“Хичээл зүтгэл хүнийг гомдоодоггүй” гэдгээр малчин Хаш-Эрдэнэ зүтгэж хичээж, хөгжүүлж ирсэн адуун соёлын наадам нь өргөжин тэлэхийг дагаад нутаг усны адуунд хайртай уяачид ч олширсон байлаа. Энэ үед малчин Хаш-Эрдэнэд санхүү мөнгөний асуудал тулгарав. Энэ үед нутгийн уяачид болон сум хошууны удирдлагууд халуун сэтгэлээр туслан дэмжиж, хандив өргөснөөр Хаш-Эрдэнэ маань уг наадмаа үргэлжлүүлэн зохион байгуулах боломж ой болж, төрөл зүйлээ ч олон болгож, хурдан морины уралдаан, дааганы уралдаан зэрэг олон төрлийн арга хэмжээг нэмжээ. Уралдааны шагналд эмээл, хазаар зэрэг морины эдлэл хэрэгслийг гардуулах болов. Тэрчлэн адуун соёлын наадмаа “Монгол хурд” адуун соёлын наадам хэмээн нэрлэж монгол түмнийхээ итгэл бахархлыг татсанаар барахгүй моринд хайртай залуусын “Ажнай хүлэг” вичат холбоог байгуулан адуун соёлоо хөгжүүлэх тухай санал бодлоо солилцдог болов. Энэ жилийн адуун соёлын наадмаар хол ойрын уяачдын 56  хурдан хүлэг хурдалж, айргийн тав хүртэл халуун хошуут хониор шагнуулжээ.

Санаашрал

Уяач Хаш-Эрдэнэ маань морьдоо хайрлах сайхан сэтгэлийг өвөрлөн арваад жилийн турш адуун соёлын наадмаа алгагүй сэтгэлээр зохион явуулсаар ирж билээ. Сүүлийн жилүүдэд үүлдрийн адуу олширч, нутгийн адууны тоо цөөрөх хандашгарч байгаа энэ үед Хаш-Эрдэнэ уяачиддаа монгол цусны нутгийн адуугаа хайрлан хамгаалахыг ухуулахын зэрэгцээ морин уралдаандаа ч монгол цусны адуу уралдуулдаг болов. Энэхүү үйл хэрэг нь олон сайхан моринд хайртай хүнд суралцах үлгэр дуурайл болж, монгол морио хайрлаж хамгаалан, өсгөж үржүүлэх ажлыг эрхэмлэх болгож байгаа юм.

Уяач залуу Хаш-Эрдэнэ: - Одоо морин уралдаан хийх сайхан байна. Ганц нэг санаа зовоож байгаа зүйл гэвэл морины уралдаан хийх газар олдохгүй болж байгаа нь хамгийн том асуудал болоод байна хэмээн ярьж байлаа.

Уяач залуу Хаш-Эрдэнэ адуун соёлоо хөгжүүлэх үйлсдээ өөрийн хувь нэмрээ оруулахаар ийнхүү сэтгэлийн тэнхээтэй хичээж явна.

Зохиогч: Б.Цэцэнт
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл