Тус үйл ажиллагааг Ар Хорчин хошууны Манж үндэстний соёлын нийгэмлэг санаачлан зохион байгуулж, Ар Хорчин хошууны 70 гаруй Манж үндэстний төлөөлөгч оролцсон уг хошууны Манж үндэстний анхны хамтын цагаалга болж билээ. Тэнгэр тахилга, бурхны тахилга, толгой шийр хуйхлах, шинийн золголт хийх зэрэг хуучин ёс заншлаа сэргээн Манж үндэстний ёсоор шинэлсэн байна.
- Энэ удаагийн цагаалгаар Манж үндэстний уламжлалт ёс заншлаасаа олон зүйлийг сурлаа. Миний үе дээр ирээд энэхүү үндэстнийхээ уламжлалт ёс заншлаа сэргээж байгаадаа их омогшин баярлаж байна гэж цагаалах тухай малчин Түмгээ ярив. Бизнес эрхлэгч Өлзиймэнд:
- Манай Өвөр Манжийн зан заншил нь өөр газрын зан заншлаас ондоо бөгөөд Монгол үндэстэнтэй бас ижил бус өвөрмөц онцлогтой. Энэхүү эрхэм нандин биет бус соёлын өвийг залуу хүмүүс уламжлан залгамжлах учиртай гэж өөрийнхөө бодлоо хуваалцав.
Ар Хорчины Манж үндэстний нийгэмлэг нь 2015 онд байгуулагдаж, сүүлийн хоёр жил Манж үндэстний “Гэгээний тахилга” зэрэг түүх соёлын үйл ажиллагааг зохион байгуулж, мартагдаж гээгдэж байгаа соёлоо сэргээн хөгжүүлж байна. Бүрэн бус статик мэдээгээр Ар Хорчин хошуунд хэдэн мянган Манж үндэстэн байдаг. Үүнд Чин гүрний үеийн гүнжийг дагаж ирсэн инж Манж болон Юй Хүши гэдэг манж түшмэлийн хойч үе болох Манж үндэстэн хамрагддаг.
