Хаслуу бол Олимпийн аварга, дэлхий нийтэд монгол хүний шандсыг таниулж явсан хүн. Тэрээр мөн өрөвч нэгэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг “тамирын ухаанаар хувь заяаг нь өөрчилнө” хэмээн “Өвөр Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүнд хөнгөн спортын суурин”-г үүсгэн байгуулж, хүч оюунаа шавхаж явна.

Олимпийн аварга Хаслуу
Арваад жилийн турш Хаслуу 40 гаруй тамирчин хүмүүжүүлж, зарим нь улс ба дэлхийн тэмцээнд алтан медаль авч, эх орондоо яруу алдар авчирч өгсөн юм. Шавь нь Мөнгөнжимс 2008 оны Бээжингийн Пара Олимпод алтан медаль авч Хаслууг хага баярлуулж байв. Харин жаргал дагаж зовлон явдгаар энэ жил түүний хувьд аз бус учрал хоёроор тохиожээ.
- Жад шидэгч Сүнь Пэншян 2015 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль авч, энэ оны 4 дүгээр сард дэлхийн рекордыг эвдсэн. 2016 оны олимпод алтан медаль авбал би тэтгэвэртээ гарна гэж бодож байсан маань хоосдсон. Дахин дөрвөн жил хүлээхээс дээ. Мөн Монгол Улсын Буян-Орших гэдэг хөгжлийн бэрхшээлтэй охин миний энд жил гаруй бэлтгэж, Пара Олимпод оролцох түвшинд хүрээд байснаа бүртгэлийн үеэр чөлөө аваад улс буцаж, удалгүй “уушгины хорт хавдраар нас барсан” гэх чимээ ирсэн. Уул нь тэр охин мөрөөдлийнхөө төлөө өвчнөө тас нууж байсан байж хэмээн Хаслуу харуусан ярьж байлаа.
Ингэхэд Өвөр Монголын анхны Олимпийн алтан медалийн эзэн, анхны дэлхийн рекордыг эвдсэн тамирчин Хаслуу маань сүүлийн жилүүдэд юу хийж яваа бол гэх сониуч бодолдоо хөтлөгдөн бид 10 дугаар сарын 21-ний өдөр түүний үүсгэн байгуулсан “Өвөр Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүнд хөнгөн спортын суурин” байрлах Ордос хотын Монгол дунд сургууль дээр очиж Хаслуутай уулзав.
“Хөдөө өссөн хүүхдээс жаргалын нар зайдуу” гэдгийг хэнээс ч илүү мэддэг Хаслуу хөдөө нутгаар бие эрүүл бус ч ухаан саруул, гар хүчтэй хүүхэд олон байгааг хараад “тэдний хувь заяаг тамирын ухаанаар өөрчилнө” гэх бодол анх орсон цаг нь 2004 он байсан бол 2005 онд “Өвөр Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүнд хөнгөн спортын суурин”-гаа үүсгэн байгуулжээ.
- Одоо манай сууринд 9 тамирчин байна. Эндээс 10 жилд 40 гаруй тамирчныг гаргасан. Ордос хотын Монгол дунд сургуулийнхан бидэнд дасгал хийх талбай гаргаж өгсөн бөгөөд төхөөрөмж бүрэн спортын ордноо ч хэрэглүүлж байна. Уг сууриндаа сая гаруй юанийн хөрөнгө оруулсан гэж Хаслуу ярилаа.
Нэг удаа Хаслуу Үндэсний шигшээ багт байгаа үеийнхээ дасгалжуулагч Шяо Нингийг урьж хамтдаа тамирчин элсүүлж явав.
- Бид Өөшин хошууны Толь сумын Толь багийн нэг айлыг эрж гадна нь хүрэхэд, гэрээс нь хол байгаа худгаас нэг намхан биетэй охин суулгатай усыг хоёр гартаа дээш өргөөд ажиггүй явж байхыг хармагц Хаслуу маань “энэ чинь яг тамирчин болох хүн байна” гэж дуу алдлаа. Энэ нь Хаслуу Мөнгөнжимстэй анх учирсан түүх гэж Хаслуугийн найз Цацралт эргэцүүлж байлаа. Ийнхүү 1.37 метрийн намхан биетэй Мөнгөнжимс 2008 оны Бээжингийн Пара Олимпод оролцоод зээрэнцгийн алтан медаль авчээ.
2011 оны Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн спортын наадамд 6 алтан медаль авсан Өвөр Монголын тамирчдын 5 нь Хаслуугийн суурины тамирчин байж, 2015 онд 8 алд авсан тамирчдын 3 нь эднийх байлаа.
Хаслуу Ордос хотын Өөшин хошууны Өөшинзуу сумын Цагаансүм багаар нутагтай. 1994 оноос одоо болтол Ордос хотын спортын товчоонд ажиллаж байна. 1986 онд 16 настайдаа зүүн өвдөг нь гэмтэж буруу эмнэснээс болж архаг үлдээд, зүүн өвдөгний үеэрээ нугарахгүй болов. Гэхдээ тэр тамир урлагт сонирхолтой бөгөөд авьяастай байснаар “эрүүл хүнээс хэд дахин илүү зүтгэл гаргаж” Хятадын хэмжээний олон төрлийн тэмцээнд шилдэг үр дүн олж байсан. 1996 оны Пара Олимпийн наадамд Хаслуу F42-43 зэрэглэлийн жад шидэх тэмцээнд алтан медаль авч, 53.54 метрийн дүнтэйгээр дэлхийн рекордыг эвдэж, монгол эрийн шандсыг дэлхий дахинд таниулжээ. 2004 оны Пара Олимпийн наадамд зээрэнцгийн хүрэл медаль авч, 47.32 метрийн дүнгээр Хятадын рекордыг эвдэж, энэхүү рекордыг нь одоо болтол шинэчилсэн хүн гараагүй. Хаслуу Олимпийн наадам, Ази тив Номхон далайн орны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн спортын наадам, Хятадын хэмжээний спортын наадам зэрэг дэлхийн ба Хятадын том том тэмцээнээс нийт 35 алтан медаль хүртэж, олон удаа дэлхийн тэмдэглэлийг шинэчилж байв. 2011 онд болсон Хятадын VIII удаагийн спортын наадамд 40 настай Хаслуу F44 зэрэглэлийн эрэгтэй зээрэнцгийн алтан медаль авч, дүнгээрээ дэлхийн 2-рт байрлаж 2012 оны Лондонгийн Пара Олимпийн наадамд оролцох эрхийг авав. Харамсалтай нь түүний зүрхний архаг өвчнөөс болоод Олимпийн наадамд оролцож чадаагүй байна. Ингээд нэгэн “монгол од” тамирын тавцангаас аяарласан байна.
- Бүх бие бараг гэмтээгүй газар гэж үгүй хэмээн ярьдаг Хаслууг Үндэсний шигшээ багт 12 жил тамирчин байсан үед гэргий нь арга бус ажлаа орхиж ар гэрээ додомдох болжээ. Одоо том охин нь ахлах сургуульд, бага охин нь бага ангид сурч байна. Хаслуу Хятад улсын “Ёс суртахууны хэв дуурайлын шагнал”, ӨМӨЗО-ны хөдөлмөрийн жишээч, УТЗЗ-ний гишүүн зэрэг яруу алдрыг хүртэн, 2013 онд Монгол Улсаас “Монгол туургатны анхны олимпийн алтан медалийн эзэн” хэмээн “Олимпийн алдар одон” цол хайрлажээ.
