Өвөр Монголын Шилийнгол аймгийн Сөнид зүүн хошууны залуу дуучин Х.Хөгжилбаатарын “Үйтэн хуартай аялгуу” шинэ цомгийн нээлтийн ёслол 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хөххотод боллоо.
Тэрээр өмнө нь “Богд хайрхан дархан уул”, “Хурдны өлгий нутаг” хэмээх хоёр цомгоо гаргаж байсан билээ. Түүний 3 дахь цомогт багтаж байгаа “Үйтэн хуар” уран бүтээл нь фенүүддээ хэдийн хүрээд удаж байгаа билээ.
“Үйтэн хуар”, “Салхин бор”, “Алагхан цэцэгсийг битгий таслаарай”, “Үүрээр дэлгэрсэн цэцэг” зэрэг олон сайхан уран бүтээлээрээ ард түмний дунд танил болсон дуучин Х.Хөгжилбаатарын шинэ цомгийн нээлтийн ёслолд Өвөр Монголын алдарт дуучин Загдсүрэн, алдарт морин хуурч Цэцэнт, алдарт уран бүтээлч С.Отгон нар хүрэлцэн ирж баяр хүргэн ерөөлийн үг хэлжээ.

Х.Хөгжилбаатар- Монгол Улсын нэрт хөгжмийн зохиолч, уран бүтээлчдийн буянаар олон сайхан уран бүтээл маань мэндэлсэн. Цаашид аялан тоглолтоо үргэлжлүүлэн хийх болно. Өвөр Монгол орноо нар зөв тойрон аялан тоглолтоо хийнэ гэсэн мөрөөдөл маань мөрөөрөө өөдлөн биелж байгаад маш их бэлэгшээж бахархаж байна. Монгол түмэн минь дуу хуурыг минь халуун дотноор өлгийдөн авч байгаад маш их баярлаж талархаж байгаагаа илэрхийлье гэлээ.

