Өвөр Монголын анх удаагийн “Саруул” цомын нэрэмжит Монгол зөв бичлэгийн тэмцээний Шилийнгол аймаг дахь хоёр дахь тэмцээн 1 дүгээр сарын 8-ны өдөр Шилийнхотын Монгол үндэстний бага сургуулийн спортын ордонд болов.
Уг тэмцээнийг Өвөр Монголын Саруул төрийн албан хаагчдын сургалтын газраас санаачлан зохион байгуулсан байна. Өвөр Монголд 8 хэсэг хувааж зохион байгуулсан бөгөөд Шилийнгол аймагт хоёр хэсэгт зохион байгуулжээ. Шилийнхот дахь хуваарь талбай тэмцээнд Бээжин, Шилийнхот, Шилийнгол аймгийн бүх хошуунаас хүрэлцэн ирсэн малчин, оюутан, албаны ажилтнууд зэрэг адил бус ажил мэргэжлийн 276 хүн энэхүү тэмцээнд оролцсон аж. Тэмцээн дан үсгийн баг болон холбоо үгийн багт хуваан 20 минутад 200 үсэг бүхий дууны бичлэгийг сонсгож бичих хэлбэрээр явагджээ.
- Нийгмийн хөгжлийн цаг үеийн урсгал гэх үү, хүмүүс монгол үсгийн зөв бичих тал дээр их хөнгөвчилж үзсэнээс болж монгол үсгийн зөв бичлэг алдагдаж, эрэмдэг зэрэмдэг үсэг хаа сайгүй харагдах болсон. Иймээс бид монгол үсэг бичгээ зөв бичиж хэрэглэх, зөв өвлөн уламжлуулахын төлөө уг тэмцээнийг зохион байгууллаа. Үүнээс гадна үндэстнийхээ үг хэл, үсэг бичиг, өв соёлын хөгжлийн төлөө өөрийн хувь нэмрээ оруулахыг зорилоо гэж Саруул төрийн албан хаагчдын сургалтын газрын захирал Саруул ярилцлага өгөхдөө ярив.
- Би энэ тэмцээнд оролцоод тун их баяртай байна. Нас хязгаарлахгүй, бүс нутаг хязгаарлахгүй зохион байгуулсан нь сайхан байлаа. Зарим дуудлага ижил үг дээр би алдаа гаргасан боловч монгол үсгээ зөв бичих мэдлэгээ дээшлүүлж чадлаа гэж бодож байгаа юм. Мөн энэ тэмцээнээр бид бүхний монгол үсгээ хир зэрэг бичиж байгааг шалгасан гэж бодлоо. Ирээдүйд энэ төрлийн тэмцээнийг олон зохион байгуулж байвал сайн гэж санал болгож байна хэмээн Шилийнхотын Монгол үндэстний бага сургуулийн багш Сэцэнгуа ярив.
- Уг тэмцээнээс монгол үсгээ зөв бичих тухай ойлголт гүнзгийрсэн. Мөн бидний монгол соёлын хожим ирээдүйн хөгжилтэй холбогдож байгаа том үйл ажиллагаа болж байна гэдгийг ойлгосон гэж Хөвөөтшар хошууны тэмцээнд оролцсон Нахиа ярилцлага өгөхдөө ярьж байжээ.
Үзэмчин баруун хошууны Баянхуа суурингийн малчин Амгалан тус тэмцээнийг зорин хүрэлцэн ирсэн байжээ.
- Нийгмийн хөгжлөөс болж монгол хэл соёл маань өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа хандлагатай. Үсэг бичигт ч өөрчлөлт гарч байгаа юм. Одоо цагт гар утас, компьютероор бичдэг болсноос зөв бичлэг алдагдаж байгаа байдал үүсэж байна. Монгол үг үсэг баялаг, үүний үнэ цэнийг бид заавал ойлгох ёстой.
Агуулга баялаг тус тэмцээн нь Монголоороо ажиллаж амьдарч байгаа хүмүүст үндэстнийхээ үг хэл, үсэг бичгээрээ хэрхэн зөв ярьж, бичиж байх тухай суралцах тавцан болсноор барахгүй өөрийн үндэстнийхээ агуу их соёлоо дээдэлж хүндэтгэж, өвлөн уламжлах дархан үүргээ заавал бодитой үйл ажиллагаагаар дамжин биелүүлэх хэрэгтэй гэдгийг олж харсан болно.
