Алшаа зүүн хошууны Олонбулаг суурингийн Дөхөм багийн малчин Бүрэнтөгсийн “Бүрэн гэрэлт номын сан”-гийн нээлтийн ёслол саяхан болсон байна. Ийнхүү Өвөр Монголын Номын сангийн баг тосгон дахь анхны номын сан үйл ажиллагаа явуулсан нь энэ билээ. Өвөр Монголын Номын Сан нь орон нутгийн малчдад зориулсан үйлдвэрлэл амьдралд шаардлагатай хууль зүй, эдийн засаг, соёл түүх, утга зохиол, урлаг зэрэг агуулгыг хамарсан нийт 50 мянга гаруй юанийн 770 гаруй ном бэлэглэсэн юм.
Энэ жил 72 насыг зооглоод байгаа Бүрэнтөгс гуай малчин түмэндээ үнэ төлбөргүйгээр ном уншуулан, ном бичгээр соён гэгээрч, малчид номын хишиг хүртэж, үр ач нараа соёл боловсролтой хүн болгон хүмүүжүүлэх талд ухаарч, хамт хөгжин урагшлах зорилгоор 2016 онд гэрийн номын сан ажиллуулж байсан. Сүүлийн жилүүдэд нам засгийн бодлогын дэмжлэгтэйгээр номын сангийн шинэ өрөө байгуулж ажиллуулж байжээ.
- Малчин айлыг сонгон гэрийн номын сан ажиллуулсан нь номын цуглуулгыг баяжуулж, шинэ хэвлэгдэж байгаа ном бичгээр малчиддаа үйлчлэх зорилго тавьж байгаа гэж Өвөр Монголын Номын Сангийн монгол номын сангийн дарга Бао Жиньшян танилцууллаа.
Өвөр Монголын Номын Сан нь үйлчилгээ үзүүлэх цар хүрээгээ тэлж, номын сангийн үйлчилгээг сургууль болон хорооллыг харуулахаар дамжин олон нийтийн соёлын үйлчилгээг хүн бүрд хүргэх зорилготойгоор 2012 оноос эхлэн орон нутагт нийт 20 гаруй салбар номын сан байгуулсан байна.
- Ядуу буурай орон нутгийн соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлж, номын сангийн нөөц баялгийн давуу талыг ашиглан ядуурлаас ангижруулах ажилд хувь нэмэр оруулан, хил хязгаар, ядуу буурай орон нутгийн малчин тариачин, ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд олон нийтийн соёлын үйлчилгээг үзүүлэхээр малчдыг нүүлгэн шилжүүлсэн Шинэ Барга зүүн хошууны Амгалан суурингийн Ивээл хороолол, Цахар баруун гаран хойд хошууны Монгол сургууль зэрэг олон орон нутагт номын сан байгуулахаар төлөвлөж байна гэж Бао Жиньшян ярилаа.
