
12 дугаар сарын 16-ны өдөр бид Хятад Монголын хилийн Мандал боомтын ажил байдалтай танилцахаар замд гарлаа. Талын буйд дахь жижиг хилийн боомт хөл хөдөлгөөнд орж, Монгол Улсын хаяг тэмдэгтэй хувийн жижиг машин, ачаа барааны том жижиг машинууд нааш цааш зөрөлдөн, Хятад, Монгол хоёр улсын хилийн шугамын 757 дугаартай хилийн тэмдэгт хоёр улсыг бараадан сүндэрлэнэ.

Мандал боомт Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны Мандал суурингийн хязгаарт байрладаг. Өвөр Монголын нийслэл Хөххот болон Өвөр Монголын хамгийн том аж үйлдвэрийн хот болох Бугат хоттой ойрхон оршдог. Хөххотоос 289, Бугат хотоос 288 километрт, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 600 гаруй километр зайтай байдгаараа газар зүйн хувьд давуу талтай. Энэхүү давуу талдаа түшиглэн Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн газраас 1992 онд улирлын чанартай гадагш нээх хоёрдугаар зэрэглэлийн боомт болгохоор зөвшөөрч, 2002 оны 12 дугаар сараас улирлын чанартай нээж эхлүүлсэн байдаг. Сүүлийн жилүүдэд боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалт тасралтгүй эрчимжиж, боомтын хөгжил урьд өмнө гараагүй амжилттайгаар урагш ахиж байгаа юм. Бид Мандал боомтын дарга Лиү Жян даргатай уулзаж ярилцлаа.

Л.Наранхүү: - Мандал боомт уг нь улирлын чанартай боомт байсан, хэзээнээс эхлэн хоёр талын байнгын үйл ажиллагаанд шилжсэн бэ?
Лиү Жян: - Дорноговь аймгийн Хатанбулаг суман дахь Монгол, Хятадын Ханги-Мандал авто замын боомт 2014 оны 2 дугаар сараас эхлэн хоёр талын байнгын үйл ажиллагаанд шилжихийг Монгол Улс зөвшөөрсөн. 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Хятад, Монголын Мандал-Ханги боомт албан ёсоор байнгын ажиллагаатай боомт болсон юм. Байнгын ажиллагаатай боомт болсноор хүн амын тоо олшрон, бараа бүтээгдэхүүний импорт, экспортын хэмжээ нэмэгдсэн байна. Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын тал дээр ӨМӨЗО, Бугат хотоос маш их дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Л.Наранхүү: - Боомтын импорт, экспортын үйл ажиллагааны тал дээр?
Лиү Жян: - Одоогоор Монгол Улсаас гол нь нүүрс, хүдэр импортолдог. Хятад улсын нүүрсний үнэ өссөнөөр компаниудын орлого сайн байна. Ердөө нэг сарын дотор 10- 20 сая юаний ашиг олдог компани олон бий. Импортоор орж ирсэн нүүрсийг голдуу Хятадын Хэнань, Хэбэй зэрэг томоохон муж, хотын компаниуд тээвэрлэн авдаг. Байнгын ажиллагаатай боомт болсноор зорчигчдын тоо олшрон, Монгол Улсын ноолуур, арьс, гоо сайхны бүтээгдэхүүн, архи, тамхи, чихэр зэрэг гэр ахуйн бараа бүтээгдэхүүний борлуулалт сайн байна. Экспортын тал дээр бол голдуу Бугат хотын өөрөө үйлдвэрлэсэн машин, барилгын материал, тоосго зэргээр гол болгосон байдаг. Хүнсний ногоо, жимс зэргийг экспортлох хэрэгцээ их шаардагдаж байна. Гэхдээ зам муутай, хол учир нөхцөл байдлын тал дээр хараахан хангагдаагүй байна. 2017 онд Сайншанд хүртэлх замыг засах төсөл гаргаад байна. Энэ зам тавигдсаны дараа гурваас таван жилийн дотор зорчигчдын тоо, бараа бүтээгдэхүүний импорт, экспорт ихээхэн нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Л.Наранхүү: - Боомтын хэтийн төлөвлөгөө?
Лиү Жян: - Мандал боомт бол ӨМӨЗО-ноос Монголын талтай худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг бүх салбарын харилцааны чухал цонхны нэг бөгөөд хоёр талын орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Цаашид өөрсдийн байршлын давуу талаа үргэлжлүүлэн ашиглаж, Монголын талын боомтын хамтын ажиллагааг улам бэхжүүлнэ. Боомтоор нэвтрэх дөхөм байдлыг тасралтгүй хөгжүүлж, боомтын болон тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Үүний үндэс суурин дээр Монгол Улстай уул уурхайн нөөц, бараа бүтээгдэхүүний солилцоог өргөжүүлэн ажиллана.
Мандал боомт нэвтэрснээс хойш хоёр орны харилцаа хамтын ажиллагаа ч өдрөөс өдөрт өргөжин тэлж, аялал жуучлалд таатай нөхцөл бүрдүүлсэн байна. Сүүлийн жилүүдээс Дархан муумянган холбоот хошууны аялал жуучлалын газар, найр наадмаараа Монгол Улсын бөх, уран бүтээлчдийг урьж оролцуулан хоёр орны иргэд хоорондын харилцааг бэхжүүлж байна. Мандал боомтыг байнгын чанартай боомт болгон нээн хөгжүүлэх нь орон нутгийн эдийн засгийн хөгжлийг ахиулж, эдийн засгийн бүс нутгийн хөгжлийг цаашид дээшлүүлэхийн зэрэгцээ Хятад, Монгол хоёр улсын аялал жуулчлал, уул уурхайг хөгжүүлэх, соёлын солилцоо, хөдөлмөр хүчний хамтын ажиллагаа зэргийг өргөжүүлэн сайжруулах нь лавтай. Тухайн өдрийн үдээс хойш таван цагийн үед хэдийгээр боомтыг хаах цаг болж байсан ч машин унаа мөн л цуварсаар байлаа.
Мандал боомт тасралтгүй өргөжин тэлж, Монгол Улсын Өмнөговь, Дорноговь аймаг болон Бугат хот, Дархан Муумянган холбоот хошуу хоорондын соёл, аялал жуулчлал, аж ахуйн нэгж, худалдаа зэрэг салбарын харилцаа хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааны найрсаг харилцаа байгуулах гол гүүр болсоор байна.
