Бид Мандал боомтод худалдаа эрхэлж байгаа иргэдийн байдалтай танилцахаар 12 дугаар сарын 15-ны өдөр Мандал сууринд хүрсэн юм. Хятад, монгол, кирил гурван хэл бүхий хаяг хадсан худалдааны байшингууд жирийж харагдана. Хүмүүс хилээр орж ирэхдээ ноолуур, арьс, гоо сайхны бүтээгдэхүүн, архи, тамхи, чихэр зэрэг гэр ахуйн бараа бүтээгдэхүүн, хачин чулуу зэргийг авч орж ирээд энд зардаг байна.

Мандал боомт хоёр талын байнгын үйл ажиллагаанд шилжсэнээр энд Монгол Улсын худалдаа наймаа өдрөөс өдөрт нэмэгдсээр. Бугат хот, Дархан муумянган холбоот хошууны олонх иргэд эндээс өөрийн хэрэгцээний гадаад бараа бүтээгдэхүүнээ худалдан авч буцдаг. Боомтоос хошуунд хүртэл хатуу хучилттай тосон зам тавьсан учир нэг цаг гаруйн хугацаатай давхиулаад л хүрээд очдог.

Мандал суурд худалдаа наймаа эрхэлж байгаа бизнес эрхлэгчид голдуу Монгол Улсын импортолж орж ирсэн бараа бүтээгдэхүүнийг хошуу сумын худалдаа эрхлэгчдэд бөөний үнээр зарж борлуулдаг учир боломжийн ашиг орлоготой байгаа юм байна. Сурвалжлагын үеэр дэлгүүрт ирж, хэрэгцээтэй зүйлээ худалдан авах хэрэглэгчид тасрахгүй байлаа. “8000 юаниас доош үнэтэй бараанд татвар авахгүй. Тухайлбал, есөн төрлийн 100 гаруй бараа оруулах боломжтой. Энэ боломж хоёр талын оролцоо дэмжлэгээр бий болсонд таатай байна” гэж мандалд дэлгүүр ажиллуулдаг иргэн Гэрэл хэлсэн юм.

Хилээр орж, гарахад бичиг баримт бүрэн байх хэрэгтэй. Одоогоор сүү, цагаан идээ, хонь, үхэр, адуу зэргийн түүхий махыг хилээр гаргахад хориотой байгаа. Хэн ч хориотой бараа бүтээгдэхүүнийг унаа машиндаа нууж хил, гаалиар нэвтрэх арга алга. Мандал боомтын хилийн хяналтын газар байгуулагдсанаас хойш хилийн боомтын аюулгүй байдлыг хамгаалах тал дээр анхаарлаа хандуулж, улсын хаалгаа бат сахиж, Мандал боомтын хөгжил цэцэглэлт болон Бугат хотын өрнүүн хөгжилд хүч хөдөлмөрөө зориулсаар ирсэн байна.
Мандал боомтын хил худалдааны хамтарсан чөлөөт бүс байгуулах төсөл боловсруулан барилгын ажлаа эхлүүлээд байгаа юм. Энэ бүс ашиглалтад орсны дараа мандал боомтын арилжаа худалдааны өсөлт нэмэгдэж, хилээр нэвтрэх хүний тоо эрс нэмэгдэн эдийн засгийн хөгжилд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна хэмээн Лиү Жян дарга ярьж байлаа.
