Шинэ эрэн цагийн малчид нь мал сүргээ өнөр өсгөхийн хамт зах зээлийн байдлыг нарийн судалж, зах зээлийн өөрчлөлтөд сэргэг мэдрэмжтэй байвал таарна. Баруун Үзэмчин хошууны Баянхошуу сумын Шауд багийн малчин Мөнхбаяр зах зээлийн байдалд их хянуур ханддаг хүний нэг юм.
Яг одоо төлөө тосоод тун завгүй байгаа малчин Мөнхбаяр хашир малчны нэг бөгөөд зах зээлийн байдалд зохицуулан мал аж ахуйгаа хөгжүүлэх тал дээр анхаарч явдгаас эрт төл тосож хургаа эрт зардаг болоод арваад жил болж байгаа юм. “Эрт төл тосож хургаа эрт зарвал үнэ хүрэх нь илүү бөгөөд өвлийн төл өвчин хижиг тусах нь ч бага байдаг. Тиймээс өвс бордоо хүрэлцээтэй, хашаа хорооны бүтээн байгуулалт сайн байхад эрт төл тосож хургаа эрт зарах нь илүү ашигтай” байдаг гэж Мөнхбаяр өөрийн туршлагаасаа хуваалцаж байлаа.
Шинэ мянганд орсон хойно мал аж ахуйн талд гарсан нэг өөрчлөлтийн хувьд өмнө нь малчид жил бүр төл малаа үлдээж, эх малаа зардаг байсан бол одоо харин эх малаа үлдээж төлөө зардаг болжээ. Тиймээс төл малаа яаж өндөр үнээр зарах гэдэг нь малчид өөр өөрийн арга ухаанаа сорьж, өвөл төл тосож эрт бойжуулах, бордож таргалуулж зах зээлд гаргах зэргийн олон арга авч эхэлсэн. Малчин Мөнхбаяр ч зах зээлийн байдалд нарийн ажиглалт хийсний дараа суурь бүтээн байгуулалтаа сайжруулж, эрт төл тосож, төлөө эрт зарвал олох ашиг орлого нь илүү гэдгийг мэдсэн байна.
- Эрт төл тосох нь өвс бордоо илүү зарцуулна. Өвөл төл тосвол энгийн 200 хонины идэх тэжээлээр төлтэй 100 хонийг тэжээнэ. Манай энд шил газар болохоор өвөл цас орж бэлчээр дарагдвал хонь малаа тэжээж эхэлдэг юм. Тиймээс энэ үед төлөө тосож эхэлбэл аль алиндаа ашигтай. Эрт төл тосох нь өвс бордоо хэрэглэх нь илүү гэдэг ч зарах үед үнэ хүрэх нь сайн юм. Өнгөрсөн жил хурганы үнэ муу байсан ч манай нэг хурга дунджаар 400 юань хүрсэн. Хэрвээ орой төл тоссон бол тийм үнэ хүрэхгүй. Өндөр үнэ хүрлээ гэхэд 300 юань хүрнэ гэж байлаа.
Эрт төл тосож хургаа өндөр үнэ хүргэж чадсан малчин Мөнхбаяр энэ жил 400 гаруй хониноос 300 гаруй төл тосохоос 150 гаруй төл тосоод байгаа аж. Өнгөрсөн жил ган гачиг болж, өвсний үнэ өндөр, хонь малаа өвөлжүүлэхэд хүндрэл үүссэнээс өнгөрсөн жил малчид хонь малаа ихээр зарсан байдаг.
Тиймээс энэ жилийн хонины үнэ ямар болох нь олны анхаарлын төвд байгаа асуудал юм. Малчин Мөнхбаяр ч энэ байдлыг ихэд анхааран, өнгөрсөн жил төллөх эх малаа хоёр хувааж хуц тавьсан ажээ. Тиймээс тэрээр өнгөрсөн жилийн 12 дугаар сарын сүүлээр 150 гаруй өвлийн төл тосож мэнд бойжуулсан бол одоо хавар эрт төлөө тосож байгаа юм. “Хоёр хувааж төл тосох нь хөдөлмөр хүч, төлийн өсөлт бойжилтод сайн байдаг. Мөн намрын худалдааны үед зах зээлийн үнэ ханшны байдлыг үзэж төл малаа зарахад ашигтай” хэмээн малчин Мөнхбаяр ярилаа.
Өөрчлөлт ихтэй зах зээлийн байдлыг аргацаахын тулд малчин Мөнхбаяр ингэж өвлийн төл, эртийн төл хэмээн хоёр хэсэг хувааж төл тосох аргыг хэрэгжүүлж байна. Зах зээлийн байдалд зохицуулан төл тосох ухаан гэж энэ юм.
