solongonews
Газар газрын хүчтэн зодоглосон гайхамшигт монгол бөхийн барилдаан
2017-02-09 10:13
Өвөр Монголын мөнгөн өвлийн XIV наадам болон Өвлийн улирлын Монгол гоёлын урлагийн Ⅶ наадмын Өвөр Монголын олон улсын монгол бөхийн урилгын уралдаан 1 дүгээр сарын 8-ны өдөр Үзэмчин баруун хошууны спортын ордонд зохион байгуулагдаж билээ.

Монгол туургатны их барилдаан

Хүчит 256 бөх Өвөр Монголын аймгийн бүх хошууны бөхчүүд, Улаанхад хотын бөхчүүдээс Ганьсүү мужийн Сүвэй монгол үндэстний өөртөө засах шяний бөхчүүд болон Монгол Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсын бөхчүүд хүрэлцэн ирж зодоглон барилдсан нь тус наадмыг дэлхийн хэмжээнд хүртэл тэлсэн бөгөөд тус тэмцээн нь Монгол туургатны нэгэн их барилдаан болсон билээ. Монгол бөхийн уламжлалт барилдааны дүрэм тогтоолын дагуу наадмын зодоглох бөхчүүдийг монгол бөхийн өмсгөл заслаа бүрэн өмсөхийг шаардсан бөгөөд бөхөө уламжлалт оноолтоор оноож, хоёр бөхийн барилдаанд цагийн хязгааргүй барилдуулсан байна. Энэ нь одоогийн олонх монгол бөхийн тэмцээнд хэрэгжүүлж байгаа шаваа татаж бөхөө оноох болон барилдааны цагийг арван таван минут буюу хагас цагаар хязгаарлаж, тэмцээний цаг болоход барьц сонгуулах буюу бага талбайд барилдуулдаг тогтоолтой адилгүй байлаа. Барилдааны цагийг хязгаарлаагүй тул тус тэмцээн арван цаг гаруй явагдсан байна.

Тэмцээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсын Тамир, Бадрах, Ганбаатар, Алтанцоож зэрэг бөхчүүд зодоглон барилдаж, үзэгч түмэнд ОХУ-ын монголчуудын бөхийн барилдааныг сонирхуулсан аж. Ганбаатар хоёрын даваанд Үзэмчин зүүн хошууны Эрдэнэмөнхөд өвдөг шороодож, Тамир гурвын даваанд Үзэмчин зүүн хошууны арслан Батжаргалд өвдөг шороодсон байна. Бадрах Оргилбаатар, Жаранбаяр зэрэг бөхчүүдийг хаяж дөрвийн даваан арслан Батжаргалд өвдөг шороодсон байна. Алтанцоож аварга Бүрэнсайн, Үзэмчин баруун хошууны залуу содон бөх Өлзий зэрэг бөхчүүдийг хаяж арван зургаад тунаж үлдэн Үзэмчин баруун хошууны Эрдэнэдалайд өвдөг шороодсон байна.

Наадмын сонирхолтой мэдээллүүд

Энэ удаагийн наадамд Үзэмчин зүүн хошууны аварга Баярбаатар, Хөвөөтшар хошууны алдарт бөх Насанцогт болон Хөлөнбуйрын алдарт бөхчүүдийн ихэнх нь зодоглосон болохоор бөхийн барилдаан ч анхны тэмцээнээс эхлэн ширүүн явагдаж эхэлсэн юм. Ингээд анхны нугалаанд Үзэмчин зүүн хошууны Мөнх-Эрдэнэ болон Буяндүүрэнд Баарин Гэгээрэх, Чинзориг нар өвдөг шорооджээ. Хоёрын даваанд Саха улсын бөх Тамир Шулуун хөхийн Буянцугалаар, Бадрах Үзэмчин зүүн хошууны Оргилбаатараар тус бүр давж, Үзэмчин зүүн хошууны Эрдэнэмөнх Ганбаатараар давжээ. Гурвын даваанд Монгол Улсын Бат-Эрдэнэ Үзэмчин зүүн хошууны Цэцэнбилэгээр давж, Үзэмчин зүүн хошууны бөх Билэг Үзэмчин баруун хошууны Галсанрашаар давсан байна. Мөн энэ гараанд Саха улсын бөх Алтанцоож аварга Бүрэнсайныг хаяжээ. Дөрвийн даваанд Төгөсжаргал Монгол Улсын Бүрэнбаатарыг, Мөнхдүүрэн Монгол Улсын Бат-Эрдэнэ, Саха улсын бөх Батжаргал Монгол Улсын Бадрахыг, Эрдэнэбулаг Монгол Улсын Хас-Эрдэнийг хаяж, Саха улсын Алтанцоож Өлзийгөөр, Монгол Улсын Гантулга Өлзийбаатараар давлаа.

Арван зургаад Мөнхдүүрэн Гантулгаар, Эрдэнэдалай Алтанцоожоор давснаар наймд Өвөр Монголын бөхчүүд үлдсэн байна. Батжаргал Мөнхдүүрэнгээр, Цагаанзаан Шархадаар, Батзаяа бага Цагаанзаанаар, Эрдэнэдалай Төгсжаргалаар давж, шөвгийн дөрвийн барилдаанд Цагаанзаан Батжаргалаар давж, Эрдэнэдалай Батзаяагаар давж үзүүр түрүү булаацалдах эрхтэй боллоо. Ингээд Эрдэнэдалай Цагаанзаанаар давж, тус наадмын манлай болсон байна.

Зохиогч: ХАД, А.ЭРХЭМБАТ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл