Элгэн элгэн манханд нь
Ингэн тэмээнүүд буйлаад байна
Ингэн тэмээний буйлаад нь
Ээжийн бүүвэйг үгүйлээд байна
Тэмээтэй нутаг Алшаад тэмээний сэдвээс сална гэж бараг байхгүй билээ. Манай сурвалжлах багийнхан ч энэ удаа тэмээчин айлын үйл учрыг сонирхож явтал Тэмээн-Уул багт 200 гаруй тэмээтэй тэмээчин айл байгаа гэж сураг олоод маш баярлаж, тэр зүгт аяны жолоогоо сунгасан билээ.
Баянхотоос гараад бид Баруунбэл суурингаар дайран, “Алшаа вангийн адууны бэлчээр байсан” гэдэг хараа алдсан талыг туулж, үзүүр нь холд замхарсан элсэн толгодын захаар орж явсаар довцог, шилэрхэг газартай бөгөөд уул хайрханы түшигтэй Алшаа зүүн хошууны Тэнгэр-Элс суурингийн Тэмээн-Уул багийн нутагт орлоо. Тэмээчин Оюунгэрэл гуайн хүү Улаанхүү биднийг замаас тосож, ашгүй төөрч тогшсонгүй амархан тэднийд хүрэв. Өндөр биетэй, энэрэнгүй зөөлөн харцтай атлаа ажилд шуурхай гэдэг нь мэдэгдэх Оюунгэрэл гуайтай уулзаад бид их удалгүй “тэмээ гэдэг чинь сайхан амьтан шүү” гэж түүний амнаасаа салгахгүй ярьдаг нэг үгийг нь мэдлээ.

Оюунгэрэл гуай
- Тэмээ түмэн лан. Матгар хүзүүтэй энэ тэмээ чинь манай идэж уух, эдэлж хэрэглэх бүх юмыг хангаж байна шүү. Унана, ачна, ноосыг нь зарна, мах сүүг нь иднэ, хорголыг нь түлчихнэ. Тэмээ гэдэг чинь сайхан амьтан шүү, их ачтай мал гэж Оюунгэрэл яриагаа эхлүүлсэн билээ.
1979 онд Оюунгэрэл хорин настай байхдаа одоогийн энэ нутагт Төвжаргал гэгч хүнтэй тоонот гэрт толгой холбож айл болжээ. Тэмээнд хайртай байдаг нь хар багын дурсамжтай нь шууд холбоотой байсан ажээ.
- Аав ээжийнхээ дэргэд байхад би арван хэдтэйгээсээ тэмээн аянд явдаг байсан. Цагаанбулагийн давсан нуураас давс, хужир ачиж Дэрсэн хот (Ниншягийн Жүн Вэй хот)-д хүргэдэг байлаа. Залуучууд (хөвгүүд гэсэн үг) цөөн болохоор би өөрөө тэмээ хөтөлдөг” гэж Оюунгэрэл хуучилна. Нэг хүү нэг охинтой, одоо хүү, бэр болон ачтайгаа амьдарч, охин нь Баянхотод айл гэр болсон юм байна.
Өнгөрсөн зууны наяад онд энд нэлээд олон тэмээчин айл байсан бол одоо хэдхэн монгол айл нь л үлдэж байгаа гэнэ. Ерээд онд ган гачиг, тэмээний ашиг орлого муу зэрэг шалтгаанаар энэ нутгийнхан тэмээгээ зарж эхэлжээ. Энэ үед Оюунгэрэл гуайн дотор хар бууж, бог малаа цөөлж, тормоороо айлуудын ингийг нь сольж аваад тэмээгээ өсгөж үржүүлж авав.
- Жилд 10 ботго аваад байвал тэмээ ч үрждэг, өсөх нь хурдан. Одоо манайх 200 гаруй тэмээнээсээ 40 ботго авахад жилийн 40 тэмээ босоод ирнэ гэж тэрээр омогшин ярина.
- Энэ мал сайн мал. Байр бэлчээрт халгүй, давшиж яваад идэшлэдэг. Тэжээл бордоо ч их иддэггүй. Тэмээ тасалж идээд байвал заг ургах нь сайн байдаг. Хол уудам бэлчээрт бэлчээрлэн зэрлэг өвс идсэнээрээ тэмээний мах, сүү нүнжиг шимтэй. Бэлчээрийг хувааж торлохгүй бол энэ янзаараа тэмээгээ маллаад байх юм байна гэж Оюунгэрэл гуай бас л тэмээгээ магтаад эхэллээ. Эднийх одоо жилдээ нэг бүрийг дунджаар 6000 юаниар 30-40 тэмээ зардаг.
- Малаа зарахад чухам хэцүү, нүдээ аниад чихээ атгаад л явуулна. Хишгийг нь хурааж байна гээд дандаа болгон зогдроос нь үлдээж авдаг. Манай өвгөн бол мал зарахад гэрээсээ зугтаад явдаг. Бид өөрсдөө тэмээний мах иддэггүй гэж Оюунгэрэл гуай хэлээд харцаа буруулав.
Өнгөрсөн зууны наяад онд ширээт цагаан атыг нь Ганьсуу мужийн амьтны хүрээлэнгийнхэн ирж 4000 юаниар авах гэсэнд өгөөгүй, нөгөө цагаан ат нь тэгээд 30 наслаад хөл нь биеэ даахаа больсон ч босоо бөхтэйгөө байсан гэж Оюунгэрэл гуай дурсан дурсан ярьж байв.
- Энэ малдаа хайртай болохоор тэмээгээ маллаад л ирсэн. Айлууд тэмээгээ зарахад би энэ малаа яасан ч үгүй хийхгүй гэж бодсон. Дээдээс өвлөсөн зүйлээ хүндэтгэж уржнан манайх тэмээн наадам хийсэн. Олон ч хүн цуглаж сайхан найр болсон. Тэмээний эдлэл хэрэгсэл манайд бүрэн бий гэсээр Оюунгэрэл гуай биднийг дагуулж оров. Мөн өвгөнтэйгөө тэмээн ачаа шатлахыг хийж үзүүлэв. Аргамжаа, суумал, хум, шат, тэмээн хонх гээд тэмээний эдлэл хэрэгслүүд олон янзаараа бүрэн байлаа. Яг л ингэж тэмээгээ амьтайгаа холбож жишээч малчин явснаараа Оюунгэрэл гуай хошууныхаа ардын төлөөлөгч болжээ. Мөн шилдэг намын гишүүнээр сонгогдон, Алшаа аймгийн эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан аялан суралцах багт орж Бээжин, Тяньжин зэрэг хотоор явж сонирхсон байлаа.
- Бичиг сураагүй нь л миний нэг харамсал. Хэрвээ би бичиг сурсан бол гээд гадагш явж нүд тайлсан үеэ эргэцүүлж, соёл мэдлэгийг бахархсан байдалтай ярина.
- Насаараа тэмээ маллаад тэмээнийхээ ачаар сайхан амьдарч байна. Одоо тэмээ малласан өрхийг дэмжих төрийн бодлого ч гарсан гэж байна. Тэтгэлэг энэ тэр өгөх сурагтай, сайхан л мэдээ байна гэж Оюунгэрэл гуай хэлээд инээмсэглэхэд нүд нь жаргалтай гэрэлтэнэ.
“Тэмээ гэдэг сайхан амьтан”-тай амин зүрхээ холбосон тэмээчин эмээ маань шаргал говийн гүндээ сэтгэл тэнүүн амар жаргах болтугай.
