solongonews
Баруун Үзэмчин хошуу малчдад тусламж үзүүлж байна
2017-03-01 11:48
Баруун Үзэмчин хошуу өвс хадгалах суурин гаргаж малчдад тусламж үзүүлж байна.

Өвс хадгалах сууриндаа 20.3 мянган тонн өвс хадгалж, бордоо хадгалах сууриндаа 210 тонн эрдэнэ шишийн мөхлөг, 251 тонн хэсэглэсэн эрдэнэ шишийн иш сүрэл хадгалжээ. 2 дугаар сарын 13-наас эхлэн өвс бордоо дутагдалтай байгаа малчин айл өрхөд өвс бордоо хүргэж эхэлжээ.

2 дугаар сарын 13-ны өдөр биднийг Баруун Үзэмчин хошууны гамшигтай тэмцэх өвс бордооны суурин газарт хүрэхэд Жирийн гол суурингийн Булаг багийн малчин Баянбат, Баянхошуу сумын Саруулнутаг багийн малчин Баатар зэрэг малчид ирж өвс бордоо ачиж байгаатай таарлаа. Шинэ жил цагаан сар өнгөрөөд Үзэмчин нутагт хэдэн өдөр дараалан цас орж шуурга шуурч малчдад гамшиг учрууллаа. Өнгөрсөн зун Үзэмчин нутагт ган гачиг болж, зарим малчид өвөл хаврыг мэнд туулах өвс бордоогоо хангалттай бэлтгэж чадаагүй юм. Тиймдээ хавар болж мал унаа төллөж эхлэх үеэр олон малчин айлын өвс бордоо дутагдаж эхэлсэн. Малчдад тулгарч байгаа хүндрэлийг мэдэж, Баруун Үзэмчин хошууны бүх сум суурин, баг хүрэх зам шугамыг даруйхан нэвтрүүлж, гамшигтай тэмцэх өвс бордооны суурин газраа нээж малчдад өвс бордооны тусламж үзүүлж байна.

Өнгөрсөн жил Баруун Үзэмчин хошуунд ган гачиг тохиолдож, өвс бэлчээрийн ургац муу болсноос зүүн хойдын гурван муж, Монгол Улс зэрэг газартай харилцан хөх өвс, хэсэглэсэн эрдэнэ  шишийн иш сүрэл, эрдэнэ шишийн мөхлөг зэрэг малын тэжээл өвс бордоо оруулан гамшигтай тэмцэх өвс бордооны суурин газартаа нөөцөлж хаврын улиралд өвс бордоо дутахад аргацаах бэлтгэл базаасан байна. Баруун Үзэмчин хошууны тариалан мал аж ахуйн товчооны дэд дарга Бат “Манайх өвс хадгалах сууриндаа 20.3 мянган тонн өвс хадгалж, бордоо хадгалах сууриндаа 210 тонн эрдэнэ  шишийн мөхлөг, 251 тонн хэсэглэсэн эрдэнэ шишийн иш сүрэл оруулж хадгалсан.  2 дугаар сарын 13-наас эхлэн өвс бордоо дутагдаж байгаа малчин айлд өвс бордоо хангаж эхэллээ. Өвс оруулсан газар, өвсний чанар адил бус болохоор өвсний үнэ ч адилгүй. Нэг тонн өвс 1215-1530 юань хүрч байгаа юм. Хошуунаас өвс худалдан авсан малчин айлд нэг тонн өвсөн дээр 200 юанийн нөхвөр олгож байна” гэж тайлбар хийв.

Өвс бордоо хадгалах суурин газраас өвс тээж байсан Жирийн гол суурингийн Булаг багийн малчин Баянбат: - Өнгөрсөн жил ган ихтэй байсан болохоор хадлан гэж бараг гарсангүй. Тэгээд гаднаас өвс бордоо оруулсан. Өвөл малдаа өгөөд аядуулчихлаа. Өнөөдөр эндээс өвс худалдан авч байгаа нь энэ юм. Манайх 10 тонн өвс авсан, хошуунд ийм нэг өвс бордоо хадгалах сууринтай болсон нь малчин бидэнд маш их дэмжлэг туслалцаа  үзүүлж байна хэмээн ярьж байв.

Баруун Үзэмчин хошуу ингэж эртнээс өвс бордоо нөөцөлж бэлтгэн, малчдын өвөл хаврын өвс бордоо дутах асуудлыг шийдэж өгсөн нь ёстой даарсан хүнд дах хүргэсэн явдал болжээ.

Зохиогч: Бо.Туяа
Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл