Ах дүү хоёрын амьдрал нэгэн үе нэлээд ядуу байсан боловч ажилч арвич бөгөөд Засгийн газрын дэмжлэг тэтгэлгийн ачаар тэдний амьдралын түвшин дээшилж, 2016 онд ядуурлаас ангижирсан байна. Энэ тухай Журамт ярихдаа:
- Байшинг аав ээжийн үед барьсан. “Арвыг хамруулах” төслийн ачаар гаднахыг нь тоосгоор бүрж дулаалж авсан. Одоо цагт төрийн бодлогын сайнаар зовох юмгүй сайхан амьдарч байна гэлээ.
Малчдын зээл авч байгаа асуудал бол хөдөө орон нутгийн түгээмэл асуудал билээ. Харин Журамт, Багана хоёр ямар ч хүнд хэцүү нөхцөл байдалд ч зээл авдаггүй байлаа. Ах дүү хоёр хэдий нэг нь тавин насыг зооглож, нөгөө нь жаран насыг давж яваа ч бүх ажлаа аль болох өөрсдөө хийж оролддог нь “зээл авдаггүй” нууц жор, амьдралаа өөдлүүлэх ур ухаан нь байжээ.
- Жил цагаан сар болоход хүүхдүүд минь шинэлэхээр ирдэг. Өвгөн би ганцаараа энэ муу байшиндаа суудаг, гал усандаа хэмнэлттэй. Хүүхдүүд ирэхэд том гэрээ дулаалдаг гэж Журамт гуай ярьсан юм.
Сайхан зан ааш гэрийн хүмүүжилтэй холбоотой гэж ярьдаг. Журамт гуайн аав нь амьд сэрүүн байхдаа тавиад жил нутгийн эмч хийж, айл гэр ажил амьдралынхаа талаар ямар ч тохиолдолд бүх зүйлийг зохицуулан, нутаг усныхаа ардад ач тус хүргэж явсан хүн байлаа. Журамт, Багана хоёр хэдий аавынхаа эмнэж домнодог эрдэм мэргэжлийг сурч эзэмшиж чадаагүй ч малчин хүнд л байдаг өгөөмөр буянтай, ажилч хөдөлмөрч, хал хүчрийг даадаг зан чанарыг тэр хэвээр нь өвлөж, амьдралдаа баримталсаар ирсэн нь тэдний үг яриа, үйл хэргээс нь илхэн харагдана.
