Тэнэгэр уудам Тамчийн талын элгэнд сүндэрлэн боссон Сайхантал суурин Сөнид баруун хошууны улс төр, эдийн засаг, соёлын төв юм.
Зам тээврийн чухал боомтын нэг болсон Сайхантал суурингийн зам тээвэр их хөгжсөн байдаг. Сайхантал суурингаас Өвөр Монголын төв Хөххот, тал нутгийн гэрэлт сувд Шилийнхот, хилийн хот Эрээн хот хүрэх зам шугам нэвтэрсэн нь Сайхантал суурингийн эдийн засгийн хөгжлийг дэмжжээ. Хол ойрын зорчигч энэ нутгаар өнгөрөхдөө тал нутгийн амтат идээг нь амсаж, Тамчийн талаар нь зугаалж сэтгэл санаагаа сэргээдэг. Энэ нь Сайхантал соёл аялал жуучлалын салбар, гуравдугаар аж үйлдвэрийн хөгжлийг дэмжсэнээс “Малчин айлын аялал жуучлал”, монгол хоолны газар, одтой буудал зэрэг нь тус нутгийн ард олны ашиг орлогоо нэмэгдүүлэх нэгэн арга зам болсон байдаг. “Хөгжье гэвэл замаа зас” гэдгээр Сайхантал суурин гадагш нэвтрэх замыг хөгжүүлснээс Сөнид баруун хошууны эдийн засаг ч ихээхэн хөгжиж, ноос ноолуурын үйлдвэр, мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах аж үйлдвэр илүү хөгжсөнөөр барахгүй бусад төрлийн уурхай боловсруулах үйлдвэр ч хөгжиж байгаа юм.
Өвөр Монголын төв, аймгийн төв, хилийн хотыг холбосон чухал нэг суурин болсон Сайхантал суурин сүүлийн жилүүдэд эдийн засгаа хөгжүүлэхийн зэрэгцээ хот суурингийн бүтээн байгуулалтад анхаарч, цэвэр цэмцгэр хот сууринг бүтээн байгуулахаар ажиллаж байгаа юм. Хот суурингаа бүтээн байгуулахдаа “Өөртөө Засах Орны баруун дахь тал нутгийн алдарт суурин"-г бүтээн байгуулах хөтөлбөрийн дагуу “Нэг жилд нэг гудамжийг засан шинэчлэх”, “Нэг гудамж нь нэг онцлогтой байх" зураг төсвийг тогтоон суурингаа бүтээн байгуулж байгаа юм.
2006 оноос одоог болтол Сөнид баруун хошуу нийт 140 сая юанийн хөрөнгө оруулж, Дүүрэн нэртэй гудамж болон Хангай гудамжны замыг өргөтгөн засаж, Сайхан их гудамж, Номгон гудамж болон Булаг гудамж зэрэг гол зам гудамжийг өргөтгөн засав. Үүнээс гадна суурин дотроо зургаан зам гудамжийг шинээр зассан байдаг. Ингэснээр суурин доторх авто замын нийт урт нь 49 километрт хүрч, иргэд нааш цааш явахад хялбар болсон байна. Замын хажуугийн хатуу хучилт болон ногооруулалт хот суурингийн гол өнгө үзэмж байх ёстой. Тиймдээ Сайхантал суурин замаа засаж өргөтгөхийн дагуу замын хажуугийн хатуу хучилт, ногооруулалтыг ч хийж 33000 метр урт гол гудамжны хажуугийн дэвсгэр чулууг сольж, 30000 кв метр зам явган хүний замыг засаж, хатуу хучилтын хэмжээ 80-аад хувьд хүрч, хот суурингийн 29 га газрыг ногооруулснаас суурингийн ногооруулалтын талбай 53 хувьд хүрч, цэвэр цэмцгэр харагдах болжээ. Нутгийн хүмүүс "Манай Сайхантал суурин их өөрчлөгдсөн. Зам шугам нь саруул, замын хажуу дахь модод ногоорон, явган хүний зам тэгш, харахад сэтгэлд нэг л тааламжтай” хэмээн бахархан ярих болсон билээ.
Хот суурин цэвэр цэмцгэр байвал хүн ардынх нь сэтгэл тэнүүн таатай байдаг. Хот суурингаа цэвэр цэмцгэр байлгахад бохир усыг гадагшлуулах ажлыг анхааралдаа авч сайн хийх нь маш чухал. Сайхантал суурин жилдээ 360 мянган тонн бохир усыг гадагшлуулах хүчин чадалтай бохир ус гадагшлуулах хоёр өртөө байгуулсан бөгөөд 26 километр урт бохир ус гадагшлуулах сувгийг зассаж, суурингийн бохир усыг цаг тухайд нь гадагшлуулахад асуудалгүй болжээ. Замын гэрэлтүүлэгч угсарахдаа "Нэг гудамж нэг онцлогтой” байхаар зохицуулан зам гудамж бүрийн хажуугийн гэрлийн хэлбэр маягийг өвөрмөц онцлогтой хийснээс Сайхантал суурингийн шөнийн өнгө үзэмжийг илүү гоёмсог сайхан болгосон юм.
Сайхантал суурингийн өртөөний өмнөх талбай болон Улаанмөчир талбай нь хотын иргэдийн чөлөөт цагаар өнгөрөөх, зугаалах, тоглож наадах гол төв болжээ. Сөнид баруун хошуу Өвөр Монголын ууган Улаанмөчир байгуулагдсан газар бөгөөд Улаанмөчир талбай нь Улаанмөчирийн хөгжлийн түүхийг зурагласнаас өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой болж, хол ойрын жуулчдад тал нутгийн Улаанмөчирийн хөгжлийг өгүүлж байдаг.
Хот суурингийн хөгжил нь хүрээлэн буй орчны ариун цэврийг хамгаалахад хатуу шалгалт учруулж байдаг. Сайхантал суурин хог хаягдал цэвэрлэх, зам, гудамж талбайг цэвэрлэх ажлын талд зах зээлжсэн бодлогыг явуулснаас орчин тойрны ариун цэврийг хамгаалах ажил урагштай явагдаж, гудамж талбай нь цэвэр цэмцгэр болсон байдаг. Сайхантал суурин хотын бүтээн байгуулалтын тал дээр энэ олон ажлыг хийснээр Сайхантал суурингийн өнгө үзэмж өдөр ирэх тусам өөрчлөгдөн шинэчлэгдэж, Тамчийн талын үзэсгэлэнт “хот” болон хөгжиж байгаа аж.
Сайхантал сууринд Дэмчигдоноров вангийн ордон зэрэг эртний түүхт газар ус, Сайхантал аялал жуучлалын хүрээлэн зэрэг олон сайхан үзэсгэлэнт орон, халуун рашааны сувиллын газартай. Эдгээр газар нь Сайхантал суурингийн онцлог болж, Сайхантал суурингаа хол ойрдоо алдаршуулж, мөн орон нутгийн хөгжлөө ахиулж байгаа юм.
