Хэдийгээр газар нутаг харьцангуй хол зайтай байсан ч “сэтгэл байвал сэрээгээр ч шөл ууна” гэдгээр цайран харагдах тал шилээр арваад цагийн аяыг ажиг ч үгүй туулж, миний төрсөн нутаг Өвөр Монголын Зүүн Үзэмчин хошууны барааг харсан юм.
Ажлын байдлаас болоод битүүний өдрийн үдээс хойно нутгийнхаа хязгаарт хөл тавьсан ч ганзага дүүрэн буцсан мэт сэтгэл дүүрэн байлаа.
Ар гэртээ харьж шинэлэх нь яг ямар сэтгэгдэлтэй вэ гэдгийг тод хэлж чаддаггүй ч баяр бахдал, амар амгалан, дотно таатай мэдрэмж яах аргагүй төрж байсан.

Битүүнд манай нутгийнхан айл саахалтынхандаа битүүний цай хэлж залдаг ёстой. Би энэ удаад орчин үеийн технологийг ашиглан гар утсаараа холбогдож гэртээ заллага айлтгасан юм. Харин бага байхад хөдөө орон нутгаар утас гэдэг бараг л харагддаггүй ховорхон зүйл байдаг болохоор тухайн үед миний бие үеэлд дүүтэйгээ хамт үргэлж мориндоо мордож айл болгоноор орж, битүүний цай хэлж залдаг байсан. Энэ бүхнийг эргэн санахад хатуу хөтүү хөдөөгийн төрх биш харин ч уламжлалт монгол ахуй амьдралдаа тулгуурлан байсан эртний сайхан уламжлал маань сэтгэлд тодорч таатай, баярлах бахдах зэрэгцэж байсан юм.


Дараа нь бид айл болгондоо харилцан битүүллээ. Битүүлэхээр саатсан зочид гийчдэд ээжийн минь балчир бага үеэс зааж цээжлүүлсэн битүүний ерөөлийг хүндэтгэл дэвшүүлсэн ийнхүү өргөн барилаа.

Битүүний ерөөл: “
Хутагт мэргэд эрдэмтэн
Гурван зуун жар хоногоор тогтоогоод
Битүүн өдрийг нэрийдэж
Билгийн шүтээнээ тахиж
Буурал ахмадаа залж
Бурхан шүтээнээ тахиж
Буурал настнаа залж
Буян ихтэй аав ахмад таныгаа
Энэ газарт ирж, цугларан суугаад найрлахад
Алтан мөнгөн хундаганд чинь
Дээгүүр гэж хэмнээд
Бал бурмын амттай
Батат сайхан ерөөлтэй
Баярын дээд найрын манлай
Сархад түүнийг барьж тандаа дэвшүүлье!хэмээн архи сархдаа барьсан юм.

Ийнхүү битүүний өдрөө найр хөөр бялхуулан ёслол төгөлдөр үдэж, шинийн нэгнээ угтлаа. Манай нутгийн хувьд шинийн нэгэнд хамгийн эхэнд гүйцэтгэдэг заншил бол цас мөсөөр босгосон овоондоо мөргөж, мөрөө гаргах зан үйлийг хийдэг ёс билээ. Ингээд шинийн нэгний үүр цайх үеэр бид гэрээрээ овоондоо мөргөж, овоон дээрээс сайн зүгтээ мөрөө гаргаж, дараа нь буян хишгийн зүгээсээ буцан ирж овоогоо тойрон мөргөөд хурайлдаг. Эртнээсээ уламжилж ирсэн ёс заншил болохоор бид ч том болж ухаан суусан хүмүүс болсны хувьд хичээнгүйлэн гүйцэтгэсэн юм. Энэхүү зан үйл нь бэлгэдлийн хувьд тухайн хүн шинэ жилдээ аж амьдрал, ажил үйлс, сурлага хөдөлмөр зэрэг аливаа үйл хэрэг нь цог хийморьтой байж, олз омог ихтэй эргэн буцаж ирэхийг зөгнөсөн утгатай гэлцдэг.


Үүний дараа золголтоо эхлүүлдэг. Нартай уралдан аав ээжтэйгээ гэр бүл дотроо золгож дуусаад, аав бид хоёр төрөл садан, айл саахалтынхандаа шинэлэхээр мордсон юм. Энэ жил цас ихтэй болохоор бид мориор аяллаа. Сүүлийн 4-5 жилд хүмүүс машин унаагаар айл хэсэж шинэлдэг нь олширсон. Гэхдээ одоогоос арваад жилийн өмнө буюу бидний хүүхэд ахуй насанд машин унаагаар явж шинэлдэг нь тун ховорхон байсан ба эмэгтэйчүүд болон ахмад настнуудыг нь эс тооцвол бүх айл саахалтынхан уралдан давхиулж нэг л өдөр ойролцоогоор 50 километр шахам газар мориор аялж, 30, 40-өөд айлаар шинэлдэг байсан билээ. Тэр үеийн хөдөөгийн төрх бидний сэтгэлд саяхан өнгөрсөн төдий санагдавч, цаг хугацаа өнгөрөн одох нь харвасан сум шиг тун хурдан аж. Нэг л мэдэхэд хүмүүс машин унаагаар явж шинэлэх нь багасаж, гар утас, вичатаар шинэлэх нь олширсон байлаа. Ийнхүү энэ удаад би ч гэсэн амар хялбарыг бодож, ойр орчмын арваад л айлаар орж шинэлэн, бусадтай нь вичат болон утсандаа найдсан юм. Үдээс хойш нь манайд аав ахмадууд морилон саатлаа. Би архи хэмнэхийн сөгнөж
“Арван хоёр сарын ойд
Амгалан цагаан сарын шинийн нэгэнд
Саруул газар овоо босгож
Сансар тэнгэртээ дээжээ өргөж
Сайн зүгтээ мөрөө гаргаж
Самбай хадаг шиг найгаж
Сар нар шиг гялалзаж
Сайн өлзийтэй ерөөлийг
Санаж хүссэнд нь дэвшүүлье!” хэмээн мөн л балчир бага байхад ээж минь өвлүүлж сургасан шинийн нэгний ерөөлөө утга утгын дээд хэмээн бодож уншин барилаа.

Хүүхэд ахуй насандаа өөрийн бүрэг ичимхий зангаасаа болж, ерөөл унших гэвэл гуйлгаж түүлгээд арай гэж уншдаг байсан бол харин энэ удаад битүүн болон шинийн нэгний ерөөлийн гүн далд утга учрыг ухаарч, өөрийн сайн дураараа уншсан юм. Энэ нь миний хувьд дэвшил шинэчлэл байлаа. Ер нь эрт дээрээс зөвхөн амаар уламжлагдаж өвлүүлж ирсэн ерөөл магтаалыг маань миний үед ирэхэд мартагдаж орхигдохоос хичээсэндээ л тэр юм.

Ерөөлтэй цагаан сар сайхан юм, дээдийн минь үлдээсэн магтаал ерөөл гэж юутай яруу тансаг юм!
