solongonews
Монгол шатраараа бахархаж яваа өсвөр үеийнхэн
2017-01-06 11:29
- “Оюуны спорт” монгол шатрын тэмцээний тухай сурвалжилга

2016 оны 12 дугаар сарын 11-ны өдөр Авга хошууны Монгол үндэстний бага сургуулийн хүрээ хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Үндэснийхээ хувцсаар гоёсон багш, сурагч, эцэг эхчүүд сургуулийн хүрээнд хуран цуглаж, удахгүй болох гэж байгаа  “Оюуны спорт” монгол шатрын оны шилдгийг шалгаруулах тэмцээнийг сонирхохоор бөөн баяр болж байв.

Монгол шатар бол монгол үндэстний эрт дээр үеэс уламжилж ирсэн уламжлалт наадмын нэг юм. Монгол шатар хүний оюун ухааныг нээж, мэдлэгийн хүрээ хэмжээг тэлдэг зэрэг олон давуу талтай. Сүүлийн жилүүдэд Шилийнгол аймгийн хошуу сумууд монгол шатрыг хичээлийн хуваарьт оруулснаас монгол шатар нь хүүхэд залуучуудын дунд өргөнөөр дэлгэрч, монгол шатраараа бахархах хүүхэд залуучууд олон болсон юм.

Авга хошууны Монгол үндэстний бага сургууль нь долоо хоног бүр монгол шатрын хичээл орж, сурагчиддаа монгол шатрын ур ухааныг уламжлан өгдөг байсан бол өсвөр үеийнхнийг монгол шатарт илүү сонирхолтой болгох, тэдний монгол шатар сурах урам зоригийг нь хөгжөөх үүднээс энэ онд сургуульдаа “Оюуны спорт” монгол шатрын тэмцээнийг зохион байгуулсан байна.

- Манай сургууль энэ жилээс эхлэн “Оюуны спорт” монгол шатрын тэмцээнийг зохион явуулсан. Тус тэмцээн сарын шилдгийг шалгаруулах тэмцээн, оны шилдгийг шалгаруулах тэмцээн хэмээх хоёр хэлбэрээр явагддаг. Сарын тэмцээн нь гурав, дөрөв, тав, зургаа, найм, ес, арав, арван нэгдүгээр сард явагддаг. Тухайлбал сурагчдын хичээллэж байгаа хугацаанд явагддаг. Сар бүрийн салбар тэмцээний шөвгийн наймд шалгарсан шатарчид оны шилдгийг шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авдаг гэж тус сургуулийн монгол шатрын багш Саруул бидэнд танилцуулсан юм.

12 дугаар сарын 11-ны өдөр сарын шилдгийг шалгаруулах тэмцээнээр оны шилдгийг шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авсан 64 шатарчид маань шатрын хөлөг дээр авьяас ухаанаа сорьжээ. Хурц ширүүн өрсөлдөөний эцэст сэргэлэн ухаан, гярхай мэргэн хараагаараа олны дундаас гялалзсан 5-1-ийн  Намуухан тэргүүн байр, тус ангийн Аяс дэд байранд тус тус шалгарчээ.

Хар багаасаа өвөг дээдсээсээ уламжилж ирсэн монгол шатрын ухаанд суралцан монгол шатрын уламжлалт соёлоо өвлөн залгамжилж явна гэдэг юутай сайхан.

Зохиогч: Хад
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Шилийнгол өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл