Монголчуудыг морины нуруун дээр төрөө байгуулсан гэдэг. Энэ үнэн үг байж таарна. Монголчууд морины нуруун дээр Ази Европыг дайлан дагуулж, дэлхий дээрх хамгийн том улс гүрнийг байгуулсан түүхтэй. Монголчууд улс гэрээ байгуулахад агт хүлгийн нуруун дээр байгуулснаар барахгүй, ажил амьдралаа ч морины нуруун дээр цогцлоосон гэж болох юм. Хол ойрын аян замд явахад морьтой явдаг. Мал сүргээ адуулахад морьтойгоо явдаг; ачаа тээш тээхэд морин тэрэгтэй явдаг. Морьтойгоо байхад үнэхээр сайхан байлаа.
Зам харилцаа хөгжиж мал аж ахуйн оронд хүртэл хар зам, авто зам нэвтэрч Монголчууд морины нуруу амрааж машин тэрэгний жолоо эргүүлдэг болжээ. Хол ойрын аянд машин тэргээр явж, хонь малдаа мотоцикл унадаг болсноос морины нуруу амарч, малчид ч адуу малаа ихээр худалдан зарим нь бүр унааны ганц морио хүртэл худалдаж, аливаа бүхнээ автомат болгоод санаа амарсан. Машин тэрэг хол замыг эвхээд түргэн байдаг нь сайхан ч бэрх бартаатай замд аялахад морийг гүйцдэггүйг бодолтой. Мотоциклоор хонь малдаа явах нь амар хялбар байдаг ч цас зуд ихтэй жилд яаж морийг гүйцэх билээ⁈
Өнгөрсөн өвөл манай аймгийн зарим газарт их цас орж, зам дарагдсанаас малчид нааш цааш явахад их хүндрэл учирсан билээ. Зам цасанд дарагдаж хаагдсанаас машин тэрэг, мотоцикл хөдлөхгүй болж, гачигдсан малчид “морьтой байсан бол хэчнээн сайхан билээ, энэ цас чинь мотоцикл машины хөлийг хорихоос биш морины хөлийг хорьж чадахгүй ” хэмээн агт хүлгээ үгүйлж гэдэг.
Малчин Монголчуудад морь хэзээ ч хэрэгтэй байдаг. Цас зудад морь гэдэг чинь олдошгүй унаа, хонь малдаа морьтой явбал нутаг бэлчээрийг эвдэхгүй бөгөөд байгаль ахуйгаа хамгаалдаг. Ганц хоёр унааны морь ч үлдээгээсэй, монгол хүн морьтойгоо байх сайхан шүү.
