Хасмөрөн олон сайхан монгол гэрүүдээ харан уужуу гэгч нэг амьсгалаад, багын үеийн ядуу амьдралаа санан санан хэлж чадахгүй хүнд бодолд автлаа.
Отог хошууны Арвас сумын Хөх толгой багийн шилийн оройн урдуур тэгш сайхан Шилийн тал гэж байдаг нь Хасмөрөний нутаг. Тэднийх 2006 он болтол хэдэн малаа түшиж энэ нутагтаа ядуухан амьдарч байжээ. Гадуур хэдэн жил нүд нээж явсан Хасмөрөн амьдралаа заавал үндсээр нь өөрчилнө гэж шүд зуун 2007 онд Шилийн талдаа буцан ирж аялал жуулчлалын төв ажиллуулж байснаа “Шилийнтал соёл жуулчлал”-ын ХК байгуулж, аялал жуулчлалын төвөө 3A зэрэглэлд хүргэн, жилийн цэвэр орлого 3 сая юань, ерөнхий хөрөнгө нь 50 сая юаньд хүрэв. Хасмөрөн оюун ухаан ариун хөдөлмөртөө түшиглэж, Шилийн талынхаа түүхийг дахин бичээд, ирээдүйд хааш яаж хөгжүүлнэ хэмээн эзэн хүний хувиар ухаан сорьж явна.
Ордос хотын Отог хошууны төв Улаан суурингаас зүүн хойно 20 км зайд Монгол үндэстний соёл, зан үйлийн онцлогийг илхэн тодруулж чимэглэсэн байшин барилга, монгол гэрүүд жигдэрсэн нь Хасмөрөний бизнес болно. 2007 онд анх үүсгэн байгуулахад 2.8 сая юаниар санхүүжүүлж, 12 монгол гэр барив. 2009 онд дахин 6 сая юанийн хөрөнгө оруулж, 24 монгол гэр нэмж барин, тухайн жилдээ Өвөр Монголын 4 одтой зэрэглэлийн аялал жуулчлалын төвөөр үнэлэгдэв. 2010 онд дахин өргөтгөн байгуулж, 2011 онд Өвөр Монголын 5 одтой зэрэглэлийн тал нутгийн аялал жуулчлалын төвөөр үнэлэгдэв. 2014 онд 14 сая юанийн хөрөнгө оруулж, баар клуб, KTV, тал нутгийн номын өрөө зэрэг 40 монгол гэр нэмж барьсан бол одоо 500 хүнийг зэрэг хүлээн авч, 150 хүн амраах хүчин чадалтай бөгөөд зугаалах үйлчилгээг иж бүрэн болгож, 2016 онд Хятад улсын хэмжээний 3A зэрэглэлийн аялал жуулчлалын төвөөр үнэлэгджээ.

Хасмөрөн
Хасмөрөн энэ жил 36 настай. Энгийн нэг малчин айлын хүү, аав ээжээс эгч дүү дөрвүүл, хоёр эгч нэг дүүтэй. Одоо аав ээж болон гэргий охинтойгоо тавуулаа амьдардаг.
- Өвөр Монголын Урлагийн дээд сургуулиа төгсгөөд би Хөххотод арваад жил хөгжимчин хийж явсан, “Төмөр туурай”, “Цагаан шонхор” хамтлагийн гитарчин байлаа. Олон газраар тоглолт хийн, аялал жуулчлалын газруудаар олон ч хүрдэг байв. Тэгээд аялал жуулчлалын бизнес хийвэл зүгээр юм шиг санагдсан гэж Хасмөрөн ярилаа.
“Түмэн алхмын түрүү алхам нь хэцүү” гэдгээр тухайн үед бизнес эхлүүлэх хөрөнгө мөнгө байсангүй. Гэхдээ Хасмөрөн зориг мохоогүй. Үзэмж дүүс бэлчээр нутаг, нутгийн алдрыг өргөсөн Арвас цагаан ямаа, халуун рашаан, Арзай агуйтай ойрхон зэрэг байгалийн хишиг, нутгийн буяндаа түшиж, банкнаас зээл авч, төрөл садан найз нөхдөөсөө тав гурван түмээр цуглуулж эхлэв. Эхэндээ бараг л Отог хошууны байгууллага нэгжийн зочдоор голлож байсан бол дам дамын сургаар Үхай, Яргай зэрэг хотын аялагчид ирэх болжээ.
- Зуны үедээ 50-60 ажилтан элсүүлж, хүн бүрийн сарын цалин хамгийн багадаа 3500 юань хүрдэг. 2008 оноос эхлээд зуны улиралд зочин элбэг болсон. Үхай-Ханжөү чиглэлийн нисэх онгоц нэвтэрсэн болохоор энэ зунаас Ханжөү зэрэг газраас ирдэг зочид олон болов. Энэ жилийн 7–8 дугаар сард бараг өдөр бүр дунджаар 1000 зочин хүлээж авсан гэж Хасмөрөн ярилаа.
“Тал нутгийн аялал жуулчлалд заавал тал нутгийн соёлыг уусгах хэрэгтэй” гэж ойлгосон Хасмөрөн 2009 онд “Шилийнтал соёл жуулчлал”-ын ХК байгуулж, 2010 оноос аялал жуулчлалын төвөө монгол үндэстний онцлогоор засан чимэглэж, 10 гаруй жил цуглуулсан 300 гаруй төрлийн уламжлалт эдлэл хэрэгсэл зэргээ дэлгэн үзүүлэх газар гаргаж, 1000 гаруй номтой “Тал нутгийн номын өрөө” байгуулав. Тэмээ унах, сур харвах зэрэг монголчуудын соёл спортын төрлийг тааруулж, үндэстний өвөрмөц соёлын онцлогийг харуулав.
- 2017 онд 6 сая юанийн хөрөнгө оруулж, дахин 40 монгол гэр барин, жижиг загварын онгоц зэрэг 10 гаруй төрлийн наадам тоглоом оруулж, Хятад улсын хэмжээний 4A зэрэглэлийн аялал жуулчлалын төв болгохоор зорьж байна гэж Хасмөрөн их л урамтай ярилаа.
Түүнд олноос хэтэрсэн ухаан санаа, бусдаас давсан зориг зүрх байдаг хойно санасан зүйл нь сэтгэлчлэн бүтэх ёстой.
