solongonews
Ажил хийвэл ам тосодно
2017-02-17 20:19
Малын үнэ ханш болон малчдын орлогын бууралт, малын тэжээл бордооны үнэ ханшны өсөлт зэрэг нь малчдад нэгийг бодогдуулж эхэлсэн байна.

Тиймээс сүүлийн хоёр жилээс малчид малын ашиг шимээ өөрийн арга ухаанаар боловсруулан зах зээлд гаргах талаар бодож сэдэх нь их болжээ. Тэр дундаа хэрэгцээгүй хэмээн асгаж эсвэл малдаа уулгадаг шар усыг ашигласнаар санхүүгийн ашиг орлоготой болж, хэрэглээ нэмэгдэж байгаа нь гайхалтай. Түүнчлэн Хөвөөт шар хошууны хот, хөдөөгүй бүгд шар ус, сүүн чихэр хийж байгаа нь сурвалжлагч миний анхаарлыг эрхгүй татаж, энэ тухай сурвалжиллаа.

Хөвөөт шар хошууны хот, хөдөөгийн ямар ч айлаар ороход "Өөрсдөө хийсэн чихрээс амталж үз” хэмээн цаасыг нь задлан дайлж байгаагаас харахад ямар нэгэн зүйлийг туршиж байгаа нь илхэн байсан юм.

Шар усаар чихэр хийх арга хаанаас улбаатай, хэр зэрэг амжилттай байгаа бол

Тус хошууны Ажил эрхлэлтийн товчооноос 2015 оны 12 дугаар сар, 2016 оны 5 дугаар сард Монгол Улс болон Шилийнголын Ажил мэргэжлийн дээд сургуулиас багш урин шар ус болон сүүгээр чихэр хийх мэргэжлийн сургалт зохион байгуулжээ. Сургалтад хошууны төвд суурин амьдарч байгаа 500 гаруй иргэд, оюутнуудыг үнэ төлбөргүй хамруулсан байна. Сургалтад хамрагдсан иргэд шар усны чихэр хийх ажилдаа ханцуй шамлан орж, үр дүнтэй суралцсан байна. Бүртгэлээр одоогоор хошууны төвийн 130 гаруй цагаан идээний дэлгүүр байгаа бөгөөд 130 айл өрх хувиараа шар усны чихэр хийж, худалдан борлуулж байгаа аж.

Шар усаар хийсэн чихрээ ямар аргаар, хаана борлуулдаг бол

Гагцхүү хотын иргэд бус хөдөөний малчид ч гэсэн шинэ цагийн мэдээ мэдээллийн хэрэгслийг сайн ашигладаг болсон. Тэд хийсэн чихрээ Вичатаар сурталчилдаг учир Хятад улсын аль ч газраас захиалга ирдэг болжээ. "Эгч, дүү" цагаан идээний дэлгүүр" болон "Ивээл" цагаан идээний дэлгүүрт очиж, чихрийн борлуулалтын байдалтай танилцлаа. "Эгч, дүү" цагаан идээний дэлгүүрийн хамт олон өнгөрсөн жил чихэр хийх гурван өдрийн сургалтад хамрагдсанаас хойш одоог хүртэл чихэр хийж байгаа аж. Тэд чихрээ гараар хийдэг болохоор өдөрт шар усны болон сүүний төрлийн гэх зэрэг бараг 25 килограмм чихэр хийдэг байна. Вичатдаа түшиглэн чихрээ борлуулдаг. Эхэндээ хэрэглэгчид ганц хоёр килограмм чихэр авдаг байсан бол сүүлдээ захиалга нь нэмэгдэж, Хөххот, Шилийнхот, Жинин хотод долоо хоногт нэгээс хоёр удаа, нэг удаадаа 40-50 килограммын тогтмол захиалгатай болсноор тэд өдөр бүр чихэр хийж, өглөөнөөс үд хүртэл борив бохисхийхгүй ажилладаг болсон байна.

Одоогоор "Ивээл" цагаан идээний дэлгүүр нь тус хошуунд машин техник ашиглан чихэр  үйлдвэрлэж байгаа цорын ганц дэлгүүр юм. Өнгөрсөн оны 6 дугаар сараас эхлэн зориулалтын машинаар хийж эхэлжээ. Ингэснээр гараар хийснийг бодвол өдөрт үйлдвэрлэх чихрийн болон борлуулалтын хэмжээ, борлуулалтын цар хүрээ ч харьцангуй өргөжсөн байна. Шар усны, сүүний, өрөмтэй гэсэн гурван төрлийн амт, хэвтэй чихэр нэг өдөрт дунджаар 50 килограммыг хийдэг. Машинаар хийх нь хөдөлмөр, цаг хугацаа хэмнэх бөгөөд түлэгдэх эрсдэлгүй гэнэ. Чихрээ Алшаа, Хөлөнбуйр, Тунляо, Хөххот, Шилийнхот, Бээжин, Чуулгат хаалга зэрэг газруудад борлуулахад нэг удаад 250-1000 килограмм чихэр авах хэрэглэгч гарч байсан гэх.

Үүнээс үзэхэд шар усаар хийсэн чихэр жинхэнэ цэвэр бүтээгдэхүүн гэдэг утгаараа хэрэглэгчдэд их таашаагдаж байгаа юм. Борлуулалтын цар хүрээ нь ч мэдэгдэхүйц өргөжиж, Юүннаньд хүртэл борлуулагдаж байна гэсэн сайхан мэдээ сонсогдох болов.

Шар усаар чихэр хийхэд хэр их хөдөлмөр, мэргэжлийн ур чадвар шаардагдах бол

Үйлдвэрлэгдээд гарсан амттай чихрийг идэхэд амархан байх. Гэтэл энэ чихрийг хийж бүтээхэд тийм ч амархан биш. Мөн гараар хийж байгаа үед өдөржин гал тогоотой зууралдана. Мөн жаахан захиалга ихтэй болоход бүр илүү “мунгинана” гэсэн үг.

Ерөнхийдөө таван литр шар уснаас хоёр килограмм орчим чихэр гардаг. Таван литр шар усаа ширүүн галаар нэг цаг хэртэй буцалган ширгээж өтгөрүүлнэ. Хоёр килограмм хэртэй болох үед дээр нь зөөхий, элсэн чихэр хийж, ширүүн галаар хэд дахин сайн буцалгаад галаа зөөллөж, түлэгдэхээс нь болгоомжлох хэрэгтэй.  Агшиж өтгөрөөд зажлахад шүдэнд наалдан зунгааралдахуйц болсон үед хэвдээ цутгаж, хагас цагийн дараа гэхэд дэлгүүрийн чихрээс хэд дахин илүү амт шимттэй чихэр болдог хэмээн чихэр хийдэг хүмүүс ийнхүү товчхон тайлбарлан ярьж байлаа. Тийм ээ, чихэр хийх үйл явцыг сонсоход амархан ч чухам хийхэд анхаарах зүйл олон. Галаа тааруулахгүй түлбэл түлэнхий амттай болно. Зөөхий, элсэн чихрийн хэмжээг хэтрүүлэхэд нялуун, харин багассан тохиолдолд амт муутай болно. Тиймээс ийм чихрийг гараар хийхэд жаахан л анхаарал алдвал нэг удаагийн хөдөлмөр талаар болох магадлалтай. Нэг ширхэг чихэрт хэчнээн их хөдөлмөр хүч, ур ухаан шингэдэг гэж санана.

"Эгч, дүү" цагаан идээний дэлгүүрийн чихэр хийж байгаа явцаас бид ийм нэг тооцоо гаргасан юм. 50 литр шар усаар 20 килограмм чихэр хийж, 500 гр бүрийг нь 30 юаниар худалдахад өдрийн үйлдвэрлэлийн орлого 1200 юаньд хүрнэ. Үүнээс өдрийн зардалд зөөхий 150 юань, шар ус худалдаж авсан 75 юань, цахилгааны төлбөр 20 юань, элсэн чихэр 105 юань, хоёр хүний хөдөлмөр хүчний 400 юань, 20 юанийн газ хэрэглэсэн нийт 770 юанийг хасахад 430 юанийн цэвэр орлоготой, килограмм бүрдээ ногдуулбал дөнгөж 21.5 юанийн орлого олдог байна.

Ингэж нарийн тооцож үзвэл цэвэр байгалийн түүхий эдээр материал болгосон бүтээгдэхүүний хувьд үнэ ханш нь арай хямд байх шиг санагдах юм. Эндээс чихэр худалдаж авсан хэрэглэгчид өмнөд оронд аваачиж маш өндөр үнээр худалдаж байна гэдэг ч үнэний ортой үг биз ээ.

Шар усны чихрийн зах зээлд ямар асуудал оршиж байгаа бол

Одоогоор Хөвөөт шар хошуунд шар усны чихрийн борлуулалт, хэрэглээ маш сайн байна. Цагаан сар, баяр наадам, хурим, бэлгэнд шар усаар хийсэн чихрээ авч хэрэглэдэг хэмээн уулзсан бүхэн ярих юм. Гэтэл сайны хажуугаар бас өдий төдий саар саад дутагдалтай зүйл, яаралтай шийдэх асуудал оршиж буй нь гарцаагүй.

Нэг. Чихэр хийж байгаа хүмүүс нарийн тооцоо бодох тал дээр дутагдалтай байна. Тэд зөвхөн хэдий хэр шар уснаас хэдэн килограмм чихэр гардаг, хэдий хэмжээний чихрийг хийхэд хэдэн килограмм зөөхий, хэдэн килограмм элсэн чихэр хэрэглэдэг, чихрээ килограмм бүрийг нь хэдээр худалддаг гэсэн эдгээр л тойм төдий л тооцоотой байдаг. Түүнээс цаашдын хөдөлмөр хүчний зардал, цахилгаан, газ, чихрийн цаас, боодлын зардлыг огт боддоггүй байв. Энэ бол аж үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсийн хувьд зайлшгүй бодох шаардлагатай тооцоо бөгөөд үүнийг бодохгүй бол хэдийг олж хэдийг алдахаа мэдэхгүй байдалд хүрнэ. Жишээлбэл, зарим цагаан идээний дэлгүүрийн задгай худалдаж байгаа нэг килограмм чихрийн үнэ болон гоёмсог хайрцагтай килограмм чихрийн үнэ адилхан байдаг. Тэд гоёмсог хайрцагныхаа өртгийг юманд боддоггүй. Энэ нь үнэндээ маш том алдаа. Нэг хайрцагны үнийг нэг юаниар бодвол мянган хайрцагтай чихэр худалдаж байж илүү мянган юань олж болно гэдэг нь мэдээж. Харин мөнгийг бага багаар удаан хуримтлуулах нь ашигтай гэдгийг анхаарах. Өөрөөр хэлбэл манайхан бизнес эрхлэхдээ хэрэглэгчдийн сэтгэл зүйд тулгуурлах талаар судалж сэтгэхэд огт  анхаардаггүй дутагдалтай. Үнэндээ хэрхэн хийвэл өөрийн өртгийг хэмнэх тал дээр борлуулалтын өртгийг нэмэгдүүлж чадах вэ гэдэг тал дээр илүү бодож сэтгэх шаардлагатай.

Хоёр. Жижиглэн болон бөөний худалдааны үнэ ханш адил бус бас тогтворгүй байна. Одоогоор цагаан идээний дэлгүүрийн чихрээ задгай болон бөөндөж худалдах үнэ хоорондоо огт өөр. Түүнчлэн дэлгүүр бүрийн үнэ тогтворгүй байна. Адилхан чихэр хэрнээ 500 гр бүр дээр бараг 4-5 юанийн зөрүүтэй зарагдаж байна. Энэ тухай "Эгч, дүү" цагаан идээний дэлгүүрийн ажилтан: - Зарим дэлгүүр чихэр дарагдахаас айдаг биз. Сандраад үнээ багасгаад худалдаад байдаг. Энэ байдал экологийн бүтээгдэхүүнийхээ үнэ өртгийг өөрөө буулгаж байгаа хэрэг. Үнэ ханшийн тогтворгүй байдал ийм байдалтайгаар удаан үргэлжлэхэд хүрвэл бид “Өөрийн аягаа өөртөө хагалах болно” гэж сэтгэл зовнин ярьж байлаа.

Шар усаар чихэр хийж байгаа хүмүүст одоо юу шаардагдаж байна вэ Мэдээж хэрэг чихрийн зах зээлийн үнэ ханшийг тогтвортой болгох нь тэдэнд тэргүүн чухал шаардагдаж байгаа зүйл. Тэд басхүү чихрийн нэр тэмдэг бүртгүүлэх, чанарын баталгааны зөвшөөрлийн бичиг баримт бүртгүүлэх ажлуудад хандаж байв. Тиймээс орон нутгийн Засгийн газраас энэ байдалд ямар туслалцаа үзүүлж байгаа бол?

Сурвалжлагч тус хошууны Ажил олголтын товчооны орлогч, Товчооны дарга Бүрэнбилигтэй уулзсан байна. Тэрээр:

- Засгийн газар тэдэнд зориулан үнэ төлбөргүй сургалт зохион явуулдаг. Мөн хүүгүй 50-100 мянган юанийн зээл өгөх зэрэг үйлчилгээ үзүүлж байна. Түүнчлэн өнөөгийн чихрийн борлуулалтын тал дээр үнэ ханшийн тогтворгүй байдалд хандан:

Нэг. Нийгэмлэг байгуулж чихрийн үнийг нэгдсэн байдлаар тогтворжуулна.

Хоёр. Бөөнөөр худалдах нөхцөл боломжийг нэмэгдүүлнэ. Учир нь одоо нэг хэрэглэгч бөөнөөр авахад манайхны ямар ч дэлгүүр бүрэн хангаж чадахгүй байдалд байна. Бүгд нийлээд хангана гэж бодоход дэлгүүр бүрийн чихрийн үнэ ханш өөр өөр байдаг болохоор цуглуулахад хүнд байна. Иймээс дээрх хоёр асуудлыг эн тэргүүнд шийдэх нь чухал байна. Миний бодлоор хүнсний бүтээгдэхүүний чанарын баталгааны зөвшөөрлийн бичиг баримт бүртгүүлэх нь дараагийн ажил байх. Энэ талын шаардлага өндөр байдаг. Жишээлэхэд,

Нэг. Зайлшгүй үйлдвэрлэлийн байр байх.

Хоёр. Улсын бүх талын стандартад нийцсэн байх.

Гурав. Хүнсний аюулгүй байдлын шаардлагад нийцэх хэрэгтэй байдаг гэж танилцууллаа.

Ерөнхийдөө хангалт нь хэрэгцээндээ хүрэхгүй байгаа байдал бол шар усны чихэр хэрэглэгчдэд их таашаагдаж байна гэдгийг харуулж байгаа юм. Түүнчлэн экологийн цэвэр бүтээгдэхүүн бол зах зээлтэй байх ёстой гэдэг нь гэрчлэгдэж байна. Тиймээс энэ аж үйлдвэрлэлийг орон нутгийн, стандартад нийцсэн онцлогт аж үйлдвэрлэл болгон хөгжүүлэхэд хувь хүн, Засгийн газраас тус тус чухам юун дээр анхаарах, хэрхэн хийх ёстой гэдэг асуудал чухал болоод байна. Хоёр тал хамтдаа хичээн ажиллавал бид өөрсдийн бүтээгдэхүүнийхээ зах зээлд эзлэх орон зай, байр суурийн давуу талыг өөрсдөө эзэмших бүрэн боломжтой.

 

Зохиогч: Содбилэг
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл