solongonews
Шилийн малчдын сүлд хийморь бадартугай
2017-02-10 10:29
Өнгөрөгч гал бичин жил Шил нутгийн малчин түмний хувьд хатуухан жил байлаа. Ган гачиг, малын үнийн уналт зэрэг байгаль, зах зээлийн хатуу шалгалт Шилийн малчдын шандсыг шалгасан.

Хүнд хэцүү нөхцөл байдалд малчин түмэн минь гар хумхин гачигдан суугаагүй харин өөрсдийн шаргуу хөдөлмөр, шандас зориг, оюун ухаандаа түшин, тулж ирсэн хүнд бэрхийг туулан гарч, шинэ оноо баяр хөөртэй, жаргалтай амжилт төгөлдөр угтаж билээ.

Бич жилийн зун гэж хэцүү гантай зун. Өргөн уудам Үзэмчин нутаг, Авга, Авганар нутагт улаан ган үргэлжлэн, +40 хэмийг хэтэрсэн бүгчим халуун өдрүүд малчин түмнийг сандаргаж, мал сүргийн тарга хүчийг барсан бол Шилийн малчид мал унаагаа тууж оторлон явах, худаг усаа сайжруулах, гаднаас өвс бордоо оруулан авах зэрэг аргаар ган гамшгийг ялсан байна. 2016 онд малын үнэ, ялангуяа хонины үнэ унасан нь малаа түшин аж төрж яваа Шил нутгийн малчдын үйлдвэрлэл амьдралд бас нэгэн хатуу шалгалт болсон юм. Ингэхэд “тулж ирсэн хэргийг тойроод биш, туулаад гардаг” ёсоор малчид интернэт сүлжээ, вичат, цахим худалдаа зэрэг шинэ цагийн худалдааны тавцанг ашиглан хонь үхрийн махаа Хятадын олон газарт борлуулан, үлэмж ашиг хүртэж малын үнэ унаснаас болсон гамшгийг ухаанаараа туулжээ.

“Амьдрал арван даваатай” гэдэг. Гэхдээ хүнд бэрхийн өмнө зориг босоо, ухаан зөв, шандас хатуу байдаг л юм бол амжилтад хүрч чадна гэдгийг Шилийн малчид өөрийн бодит үйл ажиллагаагаараа харуулсан. Ийм л ажилч хөдөлмөрч, цэцэн мэргэн малчин түмэнтэй учир Шил нутгийн минь мал сүрэг өнөр өтгөн өсөж, бич жилийн их ганд 16 сая мал тоолуулсан гайхамшгийг бичсэн бөгөөд малын ашиг шимээ цахим худалдаа зэрэг орчин үеийн худалдааны тавцангаар дамжуулан борлуулж эхэлснээс айл нутагт шинэчлэл авчирлаа. Ирээдүйд илүү дэвшсэн өөрчлөлт гарах учир шил нутгийн минь мал сүрэг өнөр өтгөн өсөж, тал нутгийн цэвэр хүнс дэлхий дахинд борлуулагдаж, малчин түмний амьдрал өдрөөс өдөрт өөдрөг болох нь тодорхой.

Шил нутгийн минь малчин түмэн шинэ жилдээ өөд хийморьтой байх болтугай.

Зохиогч: Хад
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл