solongonews
Говь нутгийн үзэсгэлэн
2017-01-10 09:55
Монгол нутаг даяар дөрвөн улирлын ялгалгүй найр наадам хийнэ. Найр наадам гэхээр сонирхолгүй болсныг бүү хэл, хаширмаар болж билээ.

Саяхан нутгаас минь ирсэн наадмын урилгыг аваад жигтэй баярлахын оронд хачин уярч билээ. Харь хөндлөнгийн газарт сажилж явсаар ус нутгаа олон жил эргэж чадаагүйн их ослоор өөрийгөө зэмлэж, эвий муу хүүгээ элгэн хайртай нутаг минь мартаагүйд би их азтай гэж бодон ухаарсан билээ.

Хоног өдрийг хуруу даран тоолж, наадмын өмнөх өдөр эхнэр хүүгийн хамт нутаг зүглэж билээ. Хөхрөн цэлэлзэх шил хөдөө, алаглан бэлчих мал сүргийг хараад бүсгүй хүү хоёр шохоорхон бахархах нь аргагүй. Утаа манан хөшилдсөн агаар, тоосорсон зээл гудамж, хаалга үүд нь түгжээтэй хорооллын явцуу орчинд удаан сууж уйдсан хүн цэлмэг агаар цэнхэр хангайд юу юунаас ч илүүтэй сэтгэл татагдах нь зөв. Хэвтээ тэмээд шиг хүрэн манхад замын хоёр хажуугаар холд үргэлжлэн дүнхийж, бургас, хайлаас, шаваг, харгана гээд олон янзын ургамал ягшран ургасан харагдана. Хайлаас, харгана, шаваг, тасхий, халгай нь манхан нутагт үлэмж ургадаг ганд тэсвэртэй, шим сайтай, элс тогтворжуулдаг сайн ургамлууд билээ.

Манхан харсан хүү минь:

- Ямар гоё юм бэ, энэ элсэн дээр тогловол ямар гоё вэ? гэж машины цонхоор шагайн ярина.

- Миний хүү одоо өвөө эмээдээ хүрэх ойртож байна шүү хэмээн хэлэхийн зэрэгцээ тэр манханд элэнгэ бойтог минь байдаг …” хэмээх нэгэн яруу найрагчийн шүлгийн мөр тархинд харван буух нь бүр ч зөнтэй.

Өглөө эртэлж мордсон бид үд болоход суман төвд хүрч ирлээ. Ус нутагтаа олон жил ирээгүй надад юу бүхэн сэтгэлд аятай дулаахан харагдана. Манхан нутгийн эл хул энэхүү жижигхэн сумнаас би соёлын шимийг дээжлэн хүн болсон билээ. Анх сургуульд сууна гэхэд аав минь намайг үхэр тэргээр хүргэж байсан. Хааяа багшаасаа чөлөө авч гэртээ харихад ээж минь үс толгойг угаан, бөгөөс хуурснаас салган, шөнө хагаслан тосон дэнгийн доор бөхийн хагзархай цоорхой бүхнийг оёж нөхөн суугаа зургууд нүдэнд харагдах мэт болоход дотор уярахгүй байж чадсангүй.

Биднийг суманд хүрэхэд дүү минь ирээд хүлээж байв. Миний дүү өндөр хүдэр биетэй, булчин шөрмөс зангирсан бөх хүн. Дүү маань хөдөө мал маллахын зэрэгцээ хошууны бөхийн клубт дасгал хийдэг. Би эхнэртээ машинаа өгч өөрөө дүүгийнхээ машинд суулаа. Дүүтэйгээ ярьж хөөрөн зам хороож явлаа. Ваар тоосгон гэр байшин, хороо хашаа жигдрэн манхан нутгийн хөгжлийг харуулна.

- “Арвыг хамруулах” төсөл хөдөө бууж, малчдын амьдралд шинэчлэлт гарчээ. Өрх болгон байшин, хороо хашаатай болж, зам, цахилгаан, сүлжээ нэвтэрсэн. Хот хөдөөгийн ялгаа үгүй болсон. Хотод юу байна, хөдөө ч адилхан байна. Хотод эрж сурдаг зүйл хөдөө элбэг олдоно гэж дүү минь сэтгэл хангалуун ярина.

Дүү бид хоёр яриа дэлгэж явсаар гэрийн бараа ч харагдлаа. Хурган насны балчир мөрийг хормойлон тосож, хулан шиг дураар залуу насыг минь хурайлан дуудсан Их энгэрийн шар манхандаа хүрч иржээ. Аав ээж хоёр минь хормой дэрвүүлэн гаднаа зогсон харуулдаж байлаа. Наашаа “эзгий, бүжгий” алдан ирж, эхнэр бид хоёрын магнайг үнсэн угтаж билээ. Ялангуяа ачаа хараад: “Эвий минь, хөөрхий минь” хэмээн уруул өмөлзүүлэн сүжирч байлаа. Унаж төрсөн нутаг ус, гэр орондоо ирээд сэтгэл маш таатай байв. Аав ээжийн минь бие нь тэнхлүүн, дүүгийн минь амьдрал ч нийгмийн хөгжлийг дагаж төвхнүүн тавтай байна. Оройн хоолны дараа гэр зуурын зоог дэлгэж сууцгаалаа. Эхнэр бид хоёр оршин амьдарч байгаа газар усныхаа тухай дэлгэж, дүү минь бөх, наадмын тухай шимтэй ярина. Хүү минь өвөө эмийнхээ дунд суугаад хамт тоглодог хэдэн найзынхаа тухай ярьж сууснаа өвөөдөө:

- Өвөө маргааш ямар наадам болох гэж байгаа юм бэ? Үнэгэн харанхуйгаар босоод явах юм гэнэ. Наадам гэдэг чинь өдөр эхэлдэг биш юм уу? гэж гайхан асуув.

- Их Доён хайрханы хоньчин овооны тахилга болох гэж байгаа юм. Уул нь багийн хэдэн өрх ээлжлэн тахиж байсан юм. Энэ жилээс хошуу, сум тахилгад оролцож, хошууны айл болгоноос сайн дурын бадар гуйж, гадагш гарсан хүн болгонд урилга өгч том хэмжээгээр хийх гэж байна шүү гэж өвөө хүүгийн духыг үнэрлэн том хүнтэй ярьж байгаа юм шиг ярина.

- Хоёр зуун тавин зургаан бөх барилдуулна гэсэн. Гаднаас сайн бөхчүүд ирэх байх гэж дүү ярив.

- Авга ах та маргааш барилдах уу? гэж хүү асуув.

- Авгынхаа хөгсөж байгааг харахгүй байна уу? Бөхийн өмсгөлөө өмсөөд унтахаар хийрхэж байгааг нь хар даа. Хийрхэж байгаад маргааш ойчив гэж аав хэлэхэд дүү:

- Аав хэзээд намайг ойчив гэж муу амлах юм. Маргааш барилдах гэж байхад бэлэгтэй үг хэлж болохгүй уу? гэж гомдсон маягтай байлаа.

Эхнэр дунд сургуульд түүхийн хичээл заадаг багш гэсэндээ түүх домогт надаас илүү сонирхолтой.

- Аав аа, Доён хайрхан гэж лав л домогтой уул байх? гэвэл аав гаансандаа тамхи нэрээд:

- Домогтой. Эрт урьдын цагт эзэн Чингис хаан цэрэг дайчлан дайн хийж энэ уулын хавиар ирээд байхад яаралтай мэдээ ирүүлж, Өэлүн эх тэнгэрт хальсан гашуудал дуулгажээ. Эхийгээ алдсан хүнд л байх тэр их гашуунаар эзэн хаан гашуудаж, энэ уулын орой дээрээс ээждээ доён шатааж гашуудлаа илэрхийлсэн гэнэ. Түүнээс хойш энэ уулыг Доён хайрхан гэж нэрлэсэн гэдэг. Доён хайрханыг тойроод арван гурван нуур бүрд байдаг. Хайрхан уулын энгэр дэх сүрэг цагаан нуур гэж 99 булаг оргилуулсан манхан нутгийн далай гэдэг. Урьд хөгшчүүл цагаан нуурыг Доён хайрханы хатан гэдэг. Дээд зууны 91 оноос хошуу хоньчин сүрэг айл Доён хайрханы орой дээр овоо босгон сэргээж тахилга дайлга хийх болсон. Жил болгоны билгийн улирлын зургаан сарын 19-ний тахилга, энэ жил 25 жилийн ой тохиож том хэмжээнд тахиж байгаа нь энэ.

Овооны тахилгын өдөр болж аав, дүү, хүү бид 4 үүрийн харанхуйгаар босож овоонд гарлаа.

- Доён хайрхан харахад намхан ч үнэндээ өдрийн холоос бараа нь тодрон, ойртох тутам газрын өндөрт гардаг их холын бараатай уул шүү. Далайн түвшнээс бараг 1890 метр өргөгддөг гэсэн тэмдэглэл байна гэж дүү минь номоос харснаа бидэнд замын зоог болгож ярив.

Биднийг овоонд хүрэхэд нэлээд олон хүн ирсэн байв. Овооны лам ч ирээд номоо дүнгэнүүлж байлаа. Бид авчирсан сүү цагаагаа овоондоо өргөлөө. Ламын зааварлагаар хүмүүс овоогоо нар зөв гурав эргэж, сөгдөн мөргөлөө. Аавын хэлэхээр овоондоо сөгдөн мөргөхдөө сайн сайхан зүйлийг дотроо залбиран даатгадаг юм гэнэ. Дараа нь ламын зааварлагаар даллага аван хурайлж, бүгд тойрон суугаад овооны хишиг хүртлээ. Ахмадууд нь идээ дээжлэн архи амсана. Хүүхэд багачуудад чихэр боов атгуулна. Тэгээд бүгдэд нь хишгийн мах түгээнэ.

Овооноос буцаж ирэхэд эхнэр ээж хоёр сайхан цай чаначихсан сууж байлаа. Цайлж дуусаад бид наадамд явлаа. Наадмын газар Доён хайрханаас өмнөх тав зургаан газрын зай дахь уужим талд болзжээ. Майхан босгож, дөрөв таван монгол гэр эгнүүлэн барьж, талын захаар дэлгүүр, машин жигдэрч, хүний хөл болно.

Наадмын талбайд холын зайн уралдааны морьд талбайд орж сан эргэж байлаа. Зассан шагай шиг олон морьд уяа сойлго нь тэнцэн тасралтгүй тургилан толгой хаялан гангарна. Морьд талбайгаас гарахад бөх дуудаж наадам эхэллээ. Уртын дууны уяхан эгшиг дагаж тал хөдөө, уул хангай уужимшин тэлж, хүн зоны сэтгэлд аятай тавтай байлаа. Энэ үеэр холын зайд уралдсан морь ирлээ хэмээх чимээнээр хүмүүс өндөр газарт зогсон ирэх морьдыг хэн нэгнээсээ амжиж зүслэн нэрлэж байлаа. Хүлэг морьд нь салхин хурдтай, хүн зон нь нутаг амьтай гэдэг шүлгийн мөр эрхгүй сэтгэлд бууна.

Хүчит бөхийн барилдаан залгаж, ус нутгийн содон бөхчүүд, хөрш хошуу аймгийн аваргууд зодоглон нутаг нутгийн нэрийг өргөж омогтой алхана. Уухай алдуулсан олон үзэгчдийн дунд шахалдан бөх харсаар нэг мэдэхэд орой болж, хүдэр том биетэй, хар залуу зангиа дэрвүүлэн дэвж наадмын тэргүүн бөхөөр тодорлоо. Дүү минь ч одтой барилдаж дээд дөрөвт тунаж үлдсэн байлаа.

Наадмын шөнө бороо оржээ.

- Доён хайрханы навтаг савдаг, хоньчин овооны эзэн лус хөөрхий өршөөж баярлажээ гэж ээж залбирна.

Гадна болжмор шувууд жиргэн, мандах нарны туяанд өвсний намаанд шүүдэр бөмбөлзөн, говь нутгийн өглөө хувийн гадна үзэсгэлэнтэй.

Зохиогч: Хөххийморь
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл