solongonews
Эгэл тариачны үлгэр - Эрин цагийн зураглал
2016-12-06 15:34
ӨМӨЗО-ны Төлөөлөгчдийн Х хуралд зориулсан ӨМӨС-ны Үлгэр булангийн нийтлэл 29

Тунляо хотын Хорчин зүүн гарын дунд хошууны Замт суурингийн Жя Баолян эгэл нэгэн тариачин билээ. Эгэл нэгэн тариачин гэхэд эргэн тойрныхоо тариачдын дунд баян тариачны тоонд ордгоороо бусдаасаа бас онцгой. Тэрээр энэ жил 10 га тариа тарьжээ.

Багийн хүн бүр дунджаар хагас га газартай гэвэл 10 га нь 20 хүний газар байх ёстой.  Гэтэл дөрөвхөн ам бүлтэй Жя Баолян яагаад тийм их тариа тарьсан юм бол?

Уг нь тэдний багийн хэсэг тариачид хот орж хар бор ажил хийх болж, тарианы ажилдаа сайн хийгээд гадагшаа явах дургүй нэг нь тариагаа тариад үлддэг ажээ. Гэхдээ бусдын тариаг дааж аван тарих тэнхээтэй цөөн хүмүүсийн нэг нь Жя Баолян билээ.

- Манай энд хэдэн арван га тариатай монгол тариачин бараг байдаггүй болохоор миний тариа ихэд тооцогдоно гэж Жя Баолян ярилаа.

Монголчуудын тариа тарьж эхэлсэн цаг үеийг эрдэмтэд адилгүй тайлбарладаг ч Өвөр Монголд их хэмжээгээр атар хагалж тариа тарьсан цаг нь Чин улсын сүүлийн үеэс эхэлсэн гэдэгт санал нэгддэг. Зарим эрдэмтэд бүр цааш нь Улаанхадын соёлын буурь ба мөн Хорчин зүүн гарын дунд хошуунаас илрүүлсэн 5000 жилийн түүхтэй гэгддэг. Хамбын манхны соёлын бууриас тариалах соёл Монголын өндөрлөгт эрт үед оршиж байсан гэж үздэг ч байна. Ямар ч байсан тариалах соёл монгол нутагт уламжлагдаж ирээд ядахдаа хэдэн зуун жилийн түүхтэй болсон нь маргашгүй үнэн. Хорчин нутаг бол тариалах соёлд нэлээд эрт, нэлээд их хэмжээгээр ууссан газрын нэг юм.

Жя Баоляны эрдэнэ шишийн хураалт

Жя Баоляны хашаанд овоолсон эрдэнэ шишийн тухай тэрээр:

- Энэ зун гандаад тарианы уналт тун муу, 80-90 мянган килограмм л хураасан. Өнгөрсөн жил 8 га тарианаас 100 мянган килограмм хураасан. Тэнгэрийн царай харах чинь үнэндээ горьгүй. Дараа жилээс шинэ аргаар тариа тарина гэлээ.

Ярьж суухын хооронд шар бүрий болж, хүү нь малаа хотолж ирлээ. Өвөл болбол эрдэнэ шишийн иш сүрлээрээ малынхаа тэжээл болгож, мал тариаг уялдуулах аргыг энэ нутгийнхан ихэвчлэн ашигладаг байна.

Эднийх 26 үхэртэй. Үхрээ зараад жилийн 40-50 мянган юанийн орлого олж, тарианаасаа жил бүр 70-80 мянган юанийн орлого олдог байжээ.

Мал тариаг хавсаргаж, тариандаа шинэ техник технологийг ашиглан, орлогоо баталсан нь хөдөөгийн энэхүү тариачны хувьд хялбар бус амжилт юм.

- 5 жилийн өмнө бид эрдэнэ шишээ гараар хугалдаг байсан. Одоо машинаар авдаг боллоо. 3 жилийн өмнө хүүгийн хүссэнээр компьютер авч өгсөн. Хүү одоо олон янзаар ашиглаж байна. Хавартаа тарианы үр авах болон намартаа тариа худалдах зэрэгт интернэтээс үнэ ханшийн байдлыг мэдэх болсон гэж Жя Баолян ярьж байлаа.

Хөдөө нутагт интернэт сүлжээ нэвтэрч, хот болон хөдөө орон нутгийн иргэдийн амьдралын ялгаа зөрүү багассанаас тариачин малчид ч шинэ цаг үеийн амьдралын хэлбэрийг эдлэх болжээ. Жя Баоляны амьдралын байдал нь хөдөө нутгийн эгэл тариачны амьдралын бор зураглал гэлтэй. Тэд нийгмийн соёл иргэншлээс алхам хоцролгүй мөрдөн урагшилж, хөдөө нутагтаа өнгө гялбаатай амьдралын түүхээ бичсээр л байна.

Зохиогч: Шюанши, Бүрэнбаяр, Бао Чиншэн, Алдарт, Хөвчин
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл