solongonews
Яруу хэлний уянга хурай хурай хурай
2017-01-10 16:27
Яруу хэлний уянга хурай хурай хурай

2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өвөр Монголын Зүүн Үзэмчин хошууны Улиастай сууринд хүүхэд багачуудын авьяас билэг, яруу хэлний уянгыг сорьсон сайхан үйл ажиллагаа болж өнгөрсөн чимээгээр холбогдож сурвалжилсан билээ.

Энэхүү арга хэмжээ нь Зүүн Үзэмчин хошууны залуу хөтлөгч, ерөөлч Гэрэлцэцэний хүүхэд багачуудад зориулан зохион байгуулсан “Хурай” ерөөл магтаал, хөтлөгчийн сургалтын жилийн эцсээ дүгнэх ерөөл магтаалын тэмцээн байлаа. Анх удаа зохион байгуулж байгаа ч тус тэмцээн хүүхэд багачуудын ур ухааныг тэлж, эцэг эхчүүдийн урмыг тэтгэсэн утга төгөлдөр үйл ажиллагаа болсон нь мэдээж. Тэмцээнд сургалтад хамрагдсан  20-иод сурагч оролцжээ. Юуны тэргүүнд тайзанд гармагц хүн бүр заавал өөрийгөө тодорхой танилцуулах шаардлагатай, дараа нь ерөөл магтаалаа уянгалж, эцэс сүүлд нь шүлгийн уран тод уншлагаар авьяас чадвараа сорьсон байна.

Хурц ширүүн өрсөлдөөн, шүүгчдийн шударга шүүлтээр уралдааны эцэст Зүүн Үзэмчин хошууны Монгол үндэстний 2-р бага сургуулийн 1-р ангийн сурагч Цэцэгмаа “Ирэгний шүүс дэвшүүлэх ерөөл”-өөрөө тэргүүн байранд орсон бол 4-р ангийн сурагч Цолмон, 5-р ангийн сурагч Цацраа нар 2-р байранд тодорсон байна. Цэцэрлэгийн багачуудаас бага, дунд сургуулийн сурагчид оролцож өрсөлдсөн тус уралдаанд тэргүүн дэд байранд эмэгтэй сурагчид шалгарсан нь сонирхолтой байв. Энэ тухай шүүгчээр уригдан саатсан Б.Наранцогт хэлэхдээ: - Ер нь эмэгтэй хүүхдүүд эрэгтэй хүүхдүүдээс илүү цэцэн сэргэлэн, цээжлэх чадвар нь ч хурдан байдаг. Гэвч ерөөл магтаалын уншлагын хувьд бол жаахан нас нь нэмэгдээд ирвэл эрэгтэй хүүхдүүд нь аяндаа давуу  талтай болдог. Яг энэ үедээ хүүхэн сурагчдын хэл нь хурц, хоолой нь чанга, эгшиг сайтай, цээж сайтай байдаг. Тиймээс энэ удаагийн уралдаанд эмэгтэй сурагчдын уншлага нь давуу талтай болж чадсан байна. Ерөнхийдөө бүх сурагчдын хувцас гоёлооc эхлэн тайзанд гарсан байдал, уншлага болон хэлний сургалт дасгалын талаар ихэнхдээ их сайн байна хэмээн ярьж билээ.

Мөн Улаанхад хотын Хишигтэн хошуунаас шүүгчээр уригдаж ирсэн ерөөлч, хөтлөгч Мөнхбаатар: - Амнаас ам дамжин уламжлагдсан энэхүү өв соёлоо хүндэтгэн хүүхэд багачууддаа ерөөл магтаалын ангид элсүүлж байгаа эцэг эхчүүдэд талархал илэрхийлж байна. Хэдийгээр хүүхдүүдийн тэмцээн боловч энэ нутгийн өв соёл бадарч, улам илүү хөгжин дэлгэрэх нь лавтай. Сурагчдын ихэнх нь сэтгэлээсээ уянгалаг, уран тод сайн уншиж байна. Харин зарим нь үг нь тод боловч айзам нь жаахан дутуудаж байгаа буюу эсвэл айзам нь зохицож байгаа ч үг хазалт нь жаахан дутуудаж байна. Шүлгийн уран уншлагын талаар ихэнх сурагчид хэт хурдан буюу орилон бархирах хэлбэрээр уншсан болохоор уран сэтгэлгээний талаар яг л загнаж агсамнаж байгаа юм шиг байдал харагдаж байна. Хожим эдгээрийг анхаарах хэрэгтэй байна хэмээн эрхэм нандин зөвлөгөө хайрласан байна.

Тэмцээний шүүгчдээс хүүхэд багачуудад тайзны соёл, хадаг барих ёс заншил, газар нутгийнхаа нэрийг зөв бөгөөд уран тод ярих, үг хэлний дасгал, уншлага аялгуу, хоолойн өнгө хэлбэрээ хэрхэн засах, хэл зүгшрүүлэх үгсийг илүү уншиж давтах зэрэг талаар ярилцсан нь ганц тэмцээн уралдаан явуулсан биш бас нэг удаагийн маш том утга учиртай хичээл болсон байна.

Эцэг эхийн төлөөлөл: - Тус тэмцээнд оролцсоноор хүүхдүүд шүүгчдээс ерөөл магтаалын тухай маш олон зүйлийг ойлгож мэдлээ. Эхэндээ 1-р ангийн сурагч тэргүүн байранд ороход учрыг нь ойлгож ядаж байлаа. Харин шүүгчдийн нарийн тайлбаруудаас бусад сурагчдад байгаа нарийн далд алдаануудыг нь олж харлаа. Үзэхэд суухад том сурагчдын хэл аялгуу нь их тэгшхэн сонсогдож байлаа. Харин аялгуу, уран сэтгэлгээ, тайзны урлагийн алдааг нь бид олж хараагүй байсан байна гэж сэтгэгдлээ ийнхүү хуваалцлаа.

Ийнхүү анх удаа зохион байгуулагдаж буй “Хурай” ерөөл магтаал, хөтлөгч боловсролын ангийн жилийн эцсийн ажлаа дүгнэх тэмцээн олон эрдэмтэн багш нараас эрхэм нандин зөвлөгөө сурагч багачууддаа хайрлаж сургасан болохоор нэг удаагийн маш их утга агуулга бүхий онцгой уралдаан тэмцээн боллоо. Гэрэлцэцэн багш: - Тэмцээн бодож байснаас илүү сайхан боллоо. Халуун сэтгэлээр дэмжин тусалж, үр хүүхдээ идэвхтэй оролцуулсан эцэг эхчүүдэд баярлалаа. Шүүгчийн суудалд саатаж санал шүүмжээ харамгүй хайрласан шүүгч багш нараас би ч гэсэн маш олон зүйлийг сурлаа. Бидэнд дутагдалтай тал бас олон байна. Цаашид энэ бүхнээ анхаарч хичээх болно. Мөн энэхүү тэмцээнээ жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэдэгтээ итгэлтэй байна хэмээн итгэл дүүрэн ярив.

Зохиогч: Туяа
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Шилийнголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл