solongonews
Шинэ жилийн шинэ төрх
2017-02-10 10:57
Тахиа жилийн цагаан сараар үзэж сонссон зүйл

Тахиа жилийн цагаан сар айл айлын тотгон дээр тунарсан нартай, дулаахан сайхан буулаа. Нутаг нутагт шинэ сайхан гарсныг нүдээрээ үзэж бахадсан нь бий. Жиргээ холбоогоор цацагдсан гэрэл зураг, мэдээ нийтлэлийг харж мэдсэн нь ч бий. Ямар ч байсан хадаг барин золгосон шинийн гийчид бүхний анхны бэлгэ дэмбэрэлтэй яриа нь болохоор “Өнгөрөх өвөл сайхан өвөл, шинэ жил сайхан гарлаа” гэж байна.

Миний бие шинэ жилийн амралтын өдрүүдээр амжуулан Үзэмчин, Сөнид, Цахар нутгаар зочилсон юм. Жил гараад тэнгэр сайхных гэж аль нутагт ч шинийн гийчин ердийн жилүүдээс илүү бөгөөд тайван тойрч байлаа. Сар шинийн хөдөө нутгаар тойрон явахад бахархалтай сайхан үйл хэргүүд сэтгэл догдлуулахыг хэлэх юм биш.

Монголоороо гоёсон цагаан сар

Дээл хувцсаараа гоёж шинэлэх нь цагаан сараар хот хөдөөгүй эрхэмлэх зүйл болжээ. Хөдөөнийхөн Монголоороо гангарчихсан нэг нэгнийдээ зочлох нь ёстой л шинийн өнгө, нутгийн хийморь болж бахархлыг татах юм. Шинийн нэгэн, хоёрноор монгол дээлтэй олон хүний дунд хааяа нэг богино хувцастай хүн таарахыг харахаар олон тэмээний дунд нэг ямаа орчихсон юм шиг сүргүй харагдаад эвгүй санагдана. Өнгө өнгийн дээлний оёдол урлалын сайхан нь монгол оёдолчдын гарын урыг гайхуулах юм.

Монгол бэлэг солилцсон сар шинэ

Монголчууд цагаан сараар садан төрөлдөө айлчлахдаа гар хоосон хүрэхийг цээрлэж, харилцан бэлэг сэлт солилцдог заншилтай. Энэ жил бэлэг солилцдог заншил нь өөрчлөгдөөгүй ч солилцох бэлэгний хувьд шинэчлэгдсэн байв. Гол төлөв хурууд, өрөм шар тос, шар сүүгээр хийсэн чихэр өгөхөөс гадна мах махан бүтээгдэхүүн, цагаан идээг олон төрөл болгон хайрцагласан бэлгийг солилцож байгаа нь онцлог байна. Жишээ нь Сөнид нутгийн малчны үйлдвэрлэсэн “Хур” нэртэй хайрцагтай бэлэг болон Үзэмчин малчдын өөрсдөө үйлдвэрлэж байгаа “Хувьтай” нэрт хайрцагтай бэлэг хүмүүст их таалагдаж байлаа.

Морьтой гийчин олширсон сар шинэ

Машинтай гийчдээсээ морьтой гийчид нь сайхан санагдах болжээ. Нэг үе морьтой гийчин бараа тасраад байсан бол энэ жил харин олширсон нь цагаан сарын шинэ өнгө болж байлаа. Үзэмчин, Цахар, Сөнид, Авга нутгаар морьтой гийчин олон байгаа нь вичатаар харагдаж байна. Хазаарын чимээ, дөрөөн хангинаагаар цагаан сарын үүрийг сэрээсэн тэр зүгийн нутаг урь орсон цагаасаа эхлээд улам өнөр тансаг болно гэдэгт итгэж байна.

Зохиогч: Содбилэг
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл