
Баярын инээд, ялалтын дуун, ажлын хариуцлага, амжилт дагуулж ирсэн дайчин баатруудаа хүлээн авахад Өвөр Монгол даяар баяр бахдал болж билээ. Алшаа аймгийн Монгол эмнэлгийн хорооны сувилагчийн дарга Улаантуяа энэ багийн нэгэн гишүүн.
20 жилийн ажлын туршлага, намын гишүүн, ажлын хариуцлага, гэр бүлийн хүний хайр халамж түүнийг сарын өмнө буюу 02-р сарын 15-ны өдөр Хүбэй мужийн Үхань хотыг зориход хүч нэмлээ. Нэг сарын турш тэрээр Хүбэй мужийн иргэдэд туслах Өвөр Монголын эмчилгээний гуравдугаар багийн 102 гишүүнтэй багт коронавирусний эсрэг ажилд хүчин зүтгэхээр хатуу албанд гарсан нь энэ.
- Анх ажиллах багт бүртгүүлж байхад айх цочирдох зүйл байгаагүй. Харин Үханийг зорих ээлжийн нислэгт гараад ажил амьдрал, ар гэр, охин үр гээд олон зүйл бодогдон хүнд санагдсан гэж Улаантуяа тухайн үеэ эргэцүүллээ.
Амьдралд олон ч аялал тохионо. Амьдрал гэдэг өөрөө нэг төрлийн аялал. Харин вирусний аюулын манан, амь насны түгшүүр рүү аялна гэж хэн санах аж. Охин үрээ санана, халдвар авбал харьж чадахгүй гэж айна. Гэсэн хэдий ч Улаантуяа Хүбэйд туслах нь эмч хүний хувьд дархан үүрэг гэж шийдсэн. Түүн шиг Хүбэйг зорьсон мянга мянган эмч хүний зориг байсан.

Тэд 02-р сарын 16-ны өдөр Үханьд газардаж, буудалдаа ороод ачаа бараагаа эмхэлж дуусахад өглөө болжээ. Ингээд хагас өдөр амраад шууд л ажлын байранд хүрч нөхцөл байдалтайгаа танилцан ажлаа эхлүүлэв.
- Бид Үханьд явахаас хоногийн өмнө сургалт хийсэн. Коронавирусний тухай, өвчтөний шинж тэмдэг, эмчилж сувилах ажлын тойм, амны хаалт зүүх, хамгаалалтын хувцас өмсөж тайлах зэргийг эзэмшин ажлаа шуурхай эхлүүлсэн гэж Улаантуяа ярьж байлаа.
Тэд бусад дөрвөн мужаас ирсэн туслах ангитай хамт Үхань хотын Жүань Көү эмнэлэгт ажлын хуваарь авчээ. Энэ эмнэлэг 1000 ортой. Өвөр Монголоос очсон эмчилгээний баг 200 өвчтөнийг хариуцав.
- Бид онгоцноос буухад Үхань хотын гудамжаар хүн амьтны бараа байхгүй байв. Хөгжил ихтэй том хот коронавирусний халдварын гайгаар ийм болсныг хараад сэтгэл зовохгүй байхын аргагүй гээд хоолой нь зангирч байв. Харин коронавирус маш хүчтэй тарсан ч эрч хүчээр бүгдийг даван гарах итгэлийг өвөрлөсөн Үхань хотын иргэд ч Улаантуяад хязгааргүй их итгэл найдварыг өгсөн байна.
Ажил голдуу өвчтөний шинжилгээг хийх, эм хүргэх, хоол хүнсийг нь зохицуулах зэргээр үргэлжилнэ. Вирус орон зайгүй тарсан эмнэлэгт өдөрт зургаан цаг ажиллана. Дээр нь өдөр бүр явж ирэхэд хоёр цаг, хамгаалалтын хувцас өмсөж тайлахад хоёр цаг, угааж цэвэрлэхэд нэг цаг зарцуулна. Бүх ажил нь өвчтөний дунд олон цагаар үргэлжилдэг болохоор амрах, идэж уух боломжгүй. Учир нь халдвар авах эрсдэлтэй юм.
- Өвчтөнүүд ч эмч нартай сайхан хамтран ажилласан. "Та нар ирсэн болохоор бид коронавирусний халдвараас айхгүй" гэж байсан. Энэ нь бидэнд ч сэтгэлийн их дэм өгсөн. Бид ч өвчтөнүүдийн сэтгэлийн тайвшрал нь болсон гэж ярилаа.

Өвчтөнүүдийн дотор ч айж сандрах хүн олон байсан. Тэдэнд сэтгэл итгэл өгөх нь юу юунаас чухал. Эмч нар өвчтөний биеийн байдалд цаг үргэлж анхаарал тавихаас гадна сэтгэл зүйн талд анхаарал тавина. Байнгын чанартай сургалт боловсрол хийхээс гадна Өвөр Монголынхоо цагаан идээ, борц зэрэг орон нутгийн бүтээгдэхүүнээ бэлэг болгон тараахад өвчтөнүүд их баярлаж байлаа. Мөн "Хан тэнгэр Алшаа" зэрэг монгол дуугаа дуулж өгнө. Яг ийм байдалтайгаар завгүй хүндхэн үүргийн өмнөөс хариуцлага хүлээж хориод өдөр ажилласнаар тэдний ажилласан хэсэгт нэг ч өвчтөн эндэлгүй эмнэлгээс гарав.
Ажлын үүргээ дууссан боловч тэнд дахин долоо хонож, бусад эмнэлэгт тусламж үзүүлэх бэлтгэлтэй байсан. Энэ хугацаанд ажлын дүгнэлт, сургалт зэрэг үйл ажиллагаа ар араасаа үргэлжилж байв. Хүбэй мужийг багтаасан муж хотуудын вирусний байдал эерэг зүгт хандсанаас тэд ч ялалт байгуулсан алдрыг өргөн эх нутагтаа буцан иржээ.
- Одоо бодоход үнэхээр эрсдэлтэй санагдах юм. Гэсэн ч тухайн үед сайн хамгаалж эрүүл энх нутаг буцах хэрэгтэй гэж өөртөө цаг ямагт сануулна. Өөрийгөө хамгаалж байж олон өвчтөнийг эмчилнэ. Олон өвчтөнийг хамгаалж чадвал вирус биднээс хурдан холдоно гэлээ.
1999 онд 19 насандаа ажил дээр гарч байсныг бодвол Улаантуяа эмчийн ажилд 20 жилийг элээжээ. Энэ хорин жилийн хавар намрыг нэг л өдөр мэт нэг л зангаар өнгөрүүлж ирснийг эмчлүүлсэн өвчтөнүүд сайн мэднэ.
Хүбэйд туслах багт Өвөр Монголоос нийт 847 эмч, сувилагч Үхань хотыг зорин ниссэн байна. Дайчин баатруудын ялалтын дуу хангинан эх нутагтаа буцаж ирэхийг бид бүхэн хүлээнэ.
