30 жилийн өмнө Урадын өмнөд хошууны Монгол дунд сургуульд хориод настай, намхан биетэй нэгэн эмэгтэй багш томилогдон ирж монгол хэл заахаар болов. Анх эхэндээ царайгаа улайлгаж, бухимдаж сандарч байсан бол нэг их удалгүй ажилдаа дадлагажиж, сурсан мэдлэгээ сурагчиддаа юүлж эхэллээ. Нас нэмэгдэхийг дагаад эрдэм мэдлэг, арга туршлага нь баялаг болж, сургуулийнхаа чимэг болж олны нүдэнд туссан ажээ.

Чимгээ багш
10 дугаар сарын 20-ны өдөр бид товлосон ёсоор Баяннуур хотын Урадын өмнөд хошууны Монгол дунд сургуульд хүрч, монгол хүүхдийн төлөө зүрх сэтгэлээ зориулж яваа Чимгээ багштай уулзаад бишрэн хүндэтгэх сэтгэл эрхгүй төрж билээ.
Багш төвтэй зааж сурагчдын сонирхол буурдаг сургалтын хэлбэрийг өөрчлөн, хүүхдүүдэд мэдлэг олгож, чадварыг нь дээшлүүлэхийн тулд Чимгээ багш 2008 оноос заах аргыг сайжруулах тухай судалгааны сэдвээ оролдож эхэлжээ. 2009 оноос эхлэн сурагчдын зохион бичлэгийн суурийг бататган, зохион бичлэгийн сонирхлыг дээшлүүлэхийн тулд “Монгол сурагчдын санаачлан бүтээх чадвар ба сэтгэхүйг өргөжүүлэх тухай” судалгаагаа өрнүүлсэн бөгөөд тодорхой хэмжээний амжилтад хүрчээ.
Чимгээ багш сурагчаар гол төлөв яриулах, олон зохиол бичүүлэх зэрэг өөрийн арга барилтай.
- Сурагчдад оршдог асуудал гэвэл зохиол бичих сэдвээ олохгүй, санаагаа тодорхой илэрхийлж чадахгүй, өдөр тутмын амьдралыг ажиглаж тунгаах нь муу байсан гэж Чимгээ багш ярина. Зохиол бичих сэдвээ олохгүй асуудалд чиглэн Чимгээ багш цаг заваа ашиглан сурагчидтай ярих, сурагчдаар амьдралын дундах үйл явдлыг нь яриулах зэргээр дамжиж олон сайхан сэдвүүдийг олжээ. Санаагаа илэрхийлж чадахгүй байвал Чимгээ багш сурагчиддаа үргэлж өөрийн уншсан номуудаа танилцуулж, заримыг нь уншиж өгөх, заримыг нь өөрсдөөр нь уншуулж суралцуулжээ. Ийнхүү сурагчдын зохион бичлэгийн түвшин, сонирхол илэрхий нэмэгджээ. Мөн амралтаар үзэж харсан зүйлээ сургуульдаа ирээд ярих буюу зохиол бичүүлэхээр шаардав.
Чимгээ багш монгол сурагчдыг цэвэр монгол хэлээрээ ярихыг шаардаж, үндэстнээ хайрлахад юуны урьд үг хэл үсэг бичгээ хайрлах хэрэгтэй гэж хүмүүжүүлдэг. Харь хэл хольж ярихыг нь сонсвол шууд монгол үгийг нь тулган асууж, дараа нь бүр сайхан тайлбарлаж зааж өгдгөөс сурагчдын хольж ярих нь цөөрсөн буюу бүр үгүй болсон байна.
- Энэ өөрчлөлт нь надад үнэхээр таатай санагддаг. Хүүхдүүд бас ухаарч сэхээрч байна гэж баярладаг гэж байв. Чимгээ багш мөн уламжлалт монгол соёлыг сэргээх сургалт хүмүүжил хийж, монгол соёл түүх, монгол зан үйлийн хичээлд их сэтгэл тавьдаг байлаа. Жишээ нь шагай тоглоомыг заахдаа хөдөөнөөс олон шагай цуглуулж хүүхдүүдэд түгээж, шагай яаж тоглодог, шагай тоглох үйл хэрэг, хэрхэн нэрлэдэг зэргийг нэгд нэггүй танилцуулна. Мөн бусад багш нартай хамтран уран илтгэл зэрэгт анхаарал тавьж, сурагчдаар илүү яриулахыг баримтлан, зарим тууж жүжгийн зохилыг яриулах, жүжиглэж тоглуулах болов. Ийнхүү сурагчдын урам сонирхол маш сайжирсан байлаа.
Хичээл зүтгэл хүнийг гомдоодоггүйн ёсоор хүүхдүүд юмыг ажиглаж анхаарч, багшаас олон юм асуух, хэл бичгийн хичээлийг хүндэтгэж, монгол ном үзэх, монгол хэл, монгол соёлоо хүндэтгэх ухамсар, үндэстний соёлоо ойлгож мэдэхийг зорих, зохион бичлэгийн чадвар илэрхий дээшилж, зохион бичлэгийн талаар авьяастай хүүхэд олон гарсан гэх мэтээр Чимгээ багшийн тэмүүлэл баримтлал нь асар их амжилтад хүрчээ.
Чимгээ багш 22 настай анх ардын багш болж, гучин хавар намрыг өсвөрийн монгол хүүхдүүдтэй туулж явахдаа амжилтын үр жимсээ амталж явсан бөгөөд өргөмжлөл цолыг ч олонтаа авч, Баяннуур хотын УТЗЗ-ний гишүүн зэрэг нийгмийн тушаал үүрэглэж явна. Хичээл сургалтын явцыг сайжруулах судалгаанд мэрийж, сурагчдын зохион бичлэгийг удирдахад гол хүчээ тавьсан тэрээр сурагчдынхаа уран бүтээлийг ном болгон хэвлүүлэх гэж өдий олон жил санасан хүсэл нь энэ онд биелэгдэж, “Хүсэл хурайлсан хүүхэд” хэмээх сурагчдынх нь сонгомол зохиол саяхан хэвлэгдэв. Сурагчдынх нь уран бүтээл Хятадын хэмжээний “Найман шарга” тэмцээн зэргээр ганзага дүүрэн явж байгаа нь түүний олон жилийн хүчин зүтгэлийн үр дүн гэж тэрээр сэтгэлдээ сэм баярладаг сан.
