solongonews
Адуу эрдэнэ хурай хурай хурай
2017-02-10 11:24
Шилийнгол аймгийн адууны үйлсийн тухай ерөнхий хүүрнэл

Хятад улсын “Адууны нутаг” хэмээх Шилийнгол минь хол ойрдоо алдаршсан. Шил нутгийн ажилч хөдөлмөрч малчин түмэн маань үеийн үедээ эзэн богдынхоо хайртай адуун сүргийг хайрлан хамгаалж, өсгөж үржүүлсээр ирснээс “Адууны нутаг” гэдэг энэ сайхан алдрыг даянд дуурсгаж билээ.

2016 оны зун Шилийнголын адууны тоо 218694 хүрч, өнгөрөгч оны мөн үеэс 7690 нэмэгдсэн. Энэхүү халуун мэдээг сонссон бүгд “Хөөрхий адуу минь Шил нутагтаа дахин өсөж үржиж эхэллээ” хэмээн баярлана. Зүйл зүйлийн шалтгаанаас болж нэгэн үе адууны тоо цөөрөөд адуундаа хайртай малчид өөрийн эрхгүй нулимс бөмбөрүүлж байсан. Тиймээс өнөөдөр адуун сүрэг нь дахин өсөж үржиж эхлэхэд малчид минь баярлах нь түмэн зөв.

“Төмөр зуд” хэмээгдсэн 1977 оны зудад Шилийнголын мал сүрэг хэдэн саяар хохироход адууны тоо ч ихээр буурсан юм. Төмөр зудын дараа хэдэн жил дараалан өнтэй сайхан жил болсноос адуу мал өнөр өсөж, 1989 онд Шилийнголын мал сүрэг 10 саяыг давсан гайхамшигтай түүхтэй. Өнгөрсөн зууны наяад онд мал сүргийг хувь өрхөд даатгаснаас хойш ялангуяа өнгөрөгч 90-ээд оны үед хөдөө нутагт тор хүрээ олшрон холын бэлчээртэй адууны хөл хоригдсоноос малчид аргагүйн эрхээр адуугаа худалдаж эхлэв. Ингээд Шилийнголын адуу бас нэг удаа цөөрсөн удаатай. Гэвч молор эрдэнэ адуу минь эцсийн эцэст Шил нутагтаа өсөж үржих хувьтай л байжээ. Тал нутгийн аялал жуулчлалын хөгжлийг дагаад сүүлийн жилүүдэд адууны ашиг орлогын зам өргөжиж ирсэн ба Шил нутагт адуу маллах хүн олширч, адуу өнөр өсөж 2016 он болоход 200 мянгыг давсан байна. Адуугаа өсгөж үржүүлэх явцдаа адууныхаа үүлдрийг сайжруулснаар Үзэмчин цагаан адуу, Авга хар адуу, Шилийнгол адуу гээд олон шилдэг үүлдрийн адуу Шил нутагт өсөж үржиж байна.

Адуу эрдэнэ минь хурай, хурай, хурай.

Зохиогч: Хад
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл