
Бандид гэгээн сүм бол өмнөх Авганар зүүн хошууны засаг бэйсийн байгуулсан хошуу сүм болохоор “Бэйсийн сүм” гэдэг.
Бэйсийн сүм нь одоо Шилийнхотод байрладаг. Чөлөөлөгдөхөөс өмнө ба хойно Шилийнгол аймгийн чуулган яам ба захиргаа энд байршиж байснаас тус сүм нь Шилийнгол аймгийн улс төр, эдийн засаг, соёл, шашин суртахууны гол төв болсоор ирсэн тул Хятад улсын дотоод гадаадад алдаршсан олон жилийн түүхтэй сүм болно.
Бандид гэгээн сүм нь хоёр давхар дөрвөн их сүмээр гол болгосон, олон бага сүм, гэгээний ордон лавриныг гурван их улаан хэрмээр ангилж (Гурван их улаан хэрмийн зүүн талд Зүдэв сүм хэмээгч бага улаан хэрэмтэй сүм байв.) байрлуулсан байна. Баруун их улаан хэрэмд Мянган бурхны сүм, Гэгээн шүтээн, Ордон Лаврин ба Бага сүм байрлаж, дунд их улаан хэрэмд нь Цогчин сүм, Зуугийн сүм ба Олон бага сүмтэй. Зүүн улаан хэрэмд Чойр сүм, Бага сүм жасын шампан, Рункан зэрэг бий. Зэрэгцсэн гурван их улаан хэрмийн баруун зүүн жигүүрээс хоёр зүгт сан жасын гэр хүрээ ба шавь нарын орон сууцыг дэгш сайхан жигдрүүлэн байгуулжээ.
Зүүн Авганар хошуу Манж Чин улсын Энх-Амгалан хааны VI он (1667)-д анх хошуу тогтож, тэнгэр тэтгэгчийн VIII (1743) онд нэгдүгээр дүрийн гэгээн дөрөвдүгээр үеийн засаг бэйс Балжирдоржтой зөвлөн, тус хошууны өмнө хэсэгт байрлах Эрдэнэ овооны энгэрт хоёр давхар гучин таван жингийн Цогчин дуганыг байгуулж, таван жил үргэлжлэн эргэн тойрны сүм болон дунд улаан хэрмийг байгуулжээ. Ингээд хоёр мянган лангаар бүтээсэн мянган Гэгээсод алтан хүрдийг Далай ламд өргөсөнд Далай лам гэгээнд “Бандид” цол хайрлаж, сүмд нь “Галдан цоймжит лин” гэсэн нэр өгчээ. Тэнгэр тэтгэгчийн гучин гуравдугаар (1768) оны шар хулгана жил хаанд айлтгасанд тул гэгээнд “Адьяа бандид” цол, сүмд нь “Сайныг эрхлэгч сүм” гэсэн дөрвөн төрлийн үсгээр бичсэн биян болон Да ламд жаафу, дөчин таван түдиа сэлтийг олгов.
Дараа нь хоёрдугаар дүрийн гэгээн Агваанлувсандамбийжалцан, зургадугаар засаг бэйс Гомбованжилийн үед сайшаалт ерөөлтийн тавдугаар (1800) оны цагаан бар жил хаанаас зуугийн сүмд “сайн буянт сүм”, мөн сайшаалд ерөөлтийн Х (1805) оны хөхөгчин үхэр жил, Мянган бурхны сүмд “Буяныг цугларуулагч сүм” хэмээж, Мянган бурхны сүмийн дэмчид жаафу, арван түдиа сэлтийг олгосон байна.
Сүм байгуулсан анхны гэгээн Балжирлхагвадов өмнө нь Тангад оронд мэндэлж, зургаан насандаа тангадын Түвдэндаржий сүмд ширээний ламаар залагдсан байна. Бурхан шашны ном сударт энэ гэгээнтэн Монгол оронд ирэхээс өмнөх дээдийн дээд төрлүүд нь Энэтхэг Төвдийн оронд арван хоёр удаа мэндэлсэн түүхтэй гэлцдэг.
Бандид гэгээн хийд нь ламрим, манба, зүдэв, их жийс, гэгээн сан, ар сан зэрэг арав гаруй сан жийстэй мянга гаруй шавь хуврагтай байв. Энэ сүмд Халх, Дариганга, Барга зэрэг гадна чуулганы шавь нар олон тоотой байсан бөгөөд чөлөөлөгдөхөөс өмнөхөн хүртэл найман зуугаад ламтай байсан юм.
Бэйсийн сүм нь 1966 онд “Дөрвөн хуучныг эвдэх” хөдөлгөөн дунд ихэнх нь эвдэгдэн хохирсон байна. Сүүлд нь Бэйсийн сүмийг засаж шинэчилснээр одоогийн Бэйсийн сүм нь мөн Шилийнхотын хамгийн том сүмийн нэгэн бөгөөд шашин суртахууны соёлыг зөвөөр хөгжүүлэхийн зэрэгцээ Шилийнхотын соёл, аялал жуучлалын үзэсгэлэнт орны нэг болж, хол ойрдоо алдаршиж байгаа юм.

