Наранхуар шар нүдэн хонио төлийн хамт өхөөрдөнө
Үлгэр биш үнэн явдал. Малчин Цэцэн хургаа дагуулан буцаж ирсэн шар нүдэн хонио хараад гайхаж цочирдох, баярлаж догдлох хосоллоо. Нутагтаа байгаа мэт үргэлж санагддаг. Хэзээ нэгэн өдөр буцаад ирнэ гэсэн зөн совин татаад байжээ. Үнэхээр л шар нүдэн хонь нь буцаад ирсэн байна.
Өнгөрсөн өвлийн 11-р сард сүргээсээ алдсан шар нүдэн хонь нь энэ жилийн 03-р сарын 28-ны өдөр шар хүзүүт хурга дагуулаад хотондоо ирсэн нь айл саахалтынхныг гайхшрууллаа.
Бүтэн өвөл, бүтэн хавар 120 гаруй өдөр хоног. Шар нүдэн хонь өдөр хоногийг хэрэн туулсан бол? Ямар бэрхшээл тулгарсан бол? Яагаад дөрвөн сарын дараа хургаа дагуулан хот хороогоо олоод ирсэн вэ? Гайхалтай сонин явдал, тайлагдашгүй оньсого болжээ.
Вичат, интернэт сүлжээгээр маш хурдтай тархсан энэ үйл явдал нутаг нутгийн олон хүн нутаг усны бурхан сахиус ивээн хайрлаж, харж хамгаалж, малын хишиг хурайлсан буянтай мал, мал сүрэг өнөр өсөх сайн бэлгэдэл гэж бэлгэшээж байлаа.
Учрыг эргэцүүлэн дурсахуй
Цэцэн, Наранхуар нар бол Өвөр Монголын Шилийнгол аймгийн Хөвөөт Шар хошууны Баянтал суурингийн Сүүжийн гол багийн Цагаанхошууны малчид. Нутаг усныхаа шүтээнт овоо болох Хонхор овооны ар хормойд амьдарна.
2019 оны 11-р сарын эцсээр нутгаар нь нэлээд их цас орсон болохоор зусланд байсан үхэр малаа өвөлжөөнд тууж, сууриндаа ойртуулсан байв.
Нүүж ирсэн хэдэн өдрийн дараа нэг хонь дутсаныг мэдэж, их цасан дундуур Хонхор уулын эргэн тойрон, бэлчээр ус, айл саахалтын мал сүргээр эрэл болсон боловч олсонгүй.
Нутаг усны төлөгчөөс асуухад: “Олно, олно. Нутагтаа л байна” гэж сэтгэлийг нь тайтгаруулж байв.
Өнгөрсөн өвлийн цас ихийг хэлэх үү, есийн хүйтний эрчийг хэлэх үү. Цас мөс уул талыг бүрхсэн өдөр хоног холдож, хайлж хоржигносон хаврын урин дулаан өдөр хаяанд саатахад Цэцэн, Наранхуар нар ч шар нүдэн хонио үгүйлэн санасаар байв. Малын бэлчээрт нь гуу ганга их болохоор үлдэж хоцорсон болов уу гэж бодно. Үе уламжилсан дурангаа байн байн гаргаж, хол ойрыг дурандаж сууна. Гэтэл шар нүдэн алга.
Үр төлөө гэх нь аргагүй
Гэнэтийн баяр буюу гайхамшигт явдал
Шар нүдэн хонио алдаад 120 гаруй өдрийн дараа гайхамшиг ирлээ. Энэ жилийн 03-р сарын 28-ны өдөр “Шар хүзүүт хурга дагуулсан хонь манай хонинд нийллээ. Хэнийх вэ? гэж хот усны вичатаар Цагаанхошуу хотын хамгийн баруун захад суудаг саахалт Мандалт ярив.
Цэцэн, Наранхуар нар очиж үзэхэд өөрийн хоньтой нь ижил им тамгатай, шар хүзүүт эр хурга дагуулсан зогсож харагдана. Гэнэтийн баяр гэж энэ дээ.
- Бид өвлийн сууриндаа нүүж ирэх үеэр шар нүдэн хонь маань хээр хургалан хургаа хамгаалан хөдөө хоцорсон байж дээ. Шар нүдэн хонь минь их л тар муутай эцэж туржээ. Цас хучсан цагаан талд хүйтэн өвлийг хэрхэн туулсан бол гэж бодохоос зүрх зүснэ. Хүн малын үрээ гэх сэтгэл адил. Хөөрхий хонь мал үг хэлж чадахгүйгээс л гэж Цэцэн хоолой чичрүүлэн ярьж байв.
Хээр өссөн шар хүзүүт хурга
Малчин Цэцэний бэлчээр ус нь уулархаг бөгөөд гуу ганга ихтэй болохоор үнэг, элээ, жигүүртэн шувуу, хээрийн амьтан ихтэй. Шар нүдэн хонь хургаа хамгаалан мэнд сайхан торниулсан нь гайхалтай.
Хээр хөдөө өссөн шар хүзүүт хурга эхээ даган хот усандаа ирлээ. Нүд нь шар, ноос нь өтгөрчээ.
- Эхтэйгээ үргэлж хамт байсан болохоор майлахыг мэдэхгүй. Хурга сүрэгтэй нийлүүлэхэд эхээ эрж майлах дуу нь ч өөр.
Шар хүзүүт хурга их сонин. Хурга сүрэгтэй хамт хашаанд хийж, өвс бордоо өгөхөд идэхгүй, эхийгээ эрнэ. Ингээд эхтэй нь хамт хашиж, өвс бордоо өгдөг болсон. Эхийнхээ хүзүүн доогуур шурган наалдан зогсох нь нэг л өхөөрдөм. Хөдөө хээр өссөн болоод ч тэр үү сүрэгтээ идээшиж чадахгүй байна.
Цэцэн, Наранхуар нар вичатаар энэ үйл явдлыг цацаж нутаг усныхан, садан төрөл, найз нөхөдтэйгөө хуваалцахад хүн бүр гайхаж, мал сүрэг өнөр өсөхийн сайхан бэлгэшээл хэмээжээ.
- Нутгийн ахмадууд шар хүзүүт хургыг эхтэй нь сэтэрлэхийг захин хэлж байсан. Нутаг усны ах дүү, төрөл садан, айл саахалтаас хадаг зүүлгэж, малын хишиг хурайлан шар тосоор мялааж билээ хэмээн Цэцэн ярина.
Нутаг ус, уул хайрханы ивээл хүртээлээр нялх үрээ харж хамгаалсан шар нүдэн хонь, нутаг усаа шүтэн дээдэлсэн малчин ард үл мэдэгдэх орчхуй дунд бие биеэ сахин хамгаалж түшилцэн оршсоор.
Монгол нутаг маань энх амгалан, таван хошуу мал өнөр өтгөн, малчин түмэн маань өнө үүрд жаргалтай байх болтугай.
