solongonews
Мал аж ахуйн үйлдвэрлэлд бэлтгэл нөөц чухал
2020-04-16 09:50
Мал аж ахуйн үйлдвэрлэлд бэлтгэл нөөц чухал

Шинэ мянганы босгонд цагаан зуд болж, мал идэх өвсгүй, нэлээд тооны мал үхэж үрэгдэн, хотоо хураасан айл ч олон гарсныг зуд туулсан малчид яаж мартах билээ. Хотонд нь суурь бүтээн байгуулалт гэхээс битүү хашаа саравчгүй, мал сүрэг нь бэлчээрт түшиж, хурга тугал, буурай хэдэн малдаа гэж бага өвс хурааж нөөцөлдөг байсан малчид тэр зудаас хойш бүтээн байгуулалтаа сайжруулж, өвс тэжээлийг ихээр нөөцөлдөг болсон билээ.
- 2000 онд олон малтай баян хүн байлаа. Гэсэн ч тэр өвлийн зудад бог мал ихээр сүйдэж, 400 гаруй л үлдсэн. Одоо ч харамсана. Түүнээс хойш өвс тэжээлийг хүрэлцээтэй сайн авдаг боллоо гэж Жаргал хорин жилийн өмнө хотоо хураах шахсан нэгэн удаагийн их зудаас олсон сургамжаа эргэцүүлэн ярив. Тийм ээ, хайрлаж өсгөсөн мал нь хэдхэн өдрийн дотор нүдэн дээр сүйрнэ гэдэг тэсэхэд бэрх.

                                                              Хашир малчин Жаргал ярилцлага өгч байгаа нь

Жаргал Өвөр Монголын Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Гахил сумын Баянгол багийн ахмад малчин. 2019 оны эцсээр Жаргал малчинтай ярилцахаар жолоо залсан нь энэ билээ. 15 килограммтай өвсийг арван давхар өндөр овоолжээ. Хорь гучин метр урт үргэлжилсэн өвс нь уржнан жилийн өвс байлаа. 2018 оны намар Жаргал 3000 мү /1га =15 мү/хадлангийн бэлчээрээсээ 11 мянган боодол өвс хурааж нөөцөлсөн учир өнгөрсөн намар өвс нэмж аваагүй. Харин ч малаа хавар болж ногоо бултайтал өвс өгөн тэжээхэд бардам хүрэхээр байлаа.
- 2000 оны зудыг би мартдаггүй. Цасны ихийг хэлэх үү. Манай хонь суурингаас нэлээд зайтай өвөлжиж байсан. Хонио өвөлжөөндөө авч ирэхээр хүний нутагт 3-4 хонож байлаа. Бэлчээр байсан ч цас их орсны улмаас хонь өл даахгүй их үрэгдсэн. Хэрэв бэлтгэл бүрэн сайн байсан бол хагас тооны малаа ч үхлээс холдуулах байв. Энэ бүхнээс сургамж авч жил жилийн өвс тэжээлийг сайн бэлтгэж, хашаа саравчаа сайжруулсан гэж Жаргал ярив.

                                                                 Жигдрүүлэн хураасан өвс

Баян хүн нэг зудад, баатар хүн нэг суманд гэдэг. Хорин жилийн өмнөх тэр цагаан зудад зөвхөн малчин Жаргалынх биш олон олон айлын мал сүйрсэн. Малчид уг нь өвс тэжээл гэж их нөөцөлж авдаггүй байсан. 1999 онд Шилийнгол аймгийн малын тоо олон байсан ч нөөцөлж хураасан өвс 1356000 тонн байв. Гэхдээ одоо харин өвс тэжээл их нөөцөлдөг болж, 2019 оны намар Шилийнгол аймаг 2201000 тонн өвс хадаж нөөцлөв. Эндээс харахад малчид малын тоо толгойгоо цөөлж, өвс тэжээлийн нөөцөө нэмэгдүүлсэн байна. Жаргал уржнан жилийн нөөцөлсөн өвсөө ус бороо, нар салхинд гэмтэхээс сэргийлж гялгар бүрхэвчээр бүтээжээ. Жаргал нутаг бэлчээрийн ургац, цаг агаарын байдлыг харан малаа тэжээдэг нэгэн. Энэ нь мал тартай байхад нь өвс тэжээл өгвөл таргаа алдахгүй, эцэж турахгүйд байгаа юм. Өнгөрсөн өвөл 500 хонь онд мэнд орж, өдөрт 15 килограммтай 30 боодол өвс малд өгөхөөр бодож, 150 өдөрт 4500 боодол өвс хэрэглэнэ хэмээн урьдчилан төсөвлөн боджээ. Тэрээр төлийн цагаас сарын өмнө малдаа шим тэжээл нөхнө. Эх малын шим сайн бол төл малын бойжилт сайн байдаг аж.
Өнөөдөр мал аж ахуйн орны айл бүр өвс тэжээл сайн нөөцөлдөг болж, хашаа саравчны бүтээн байгуулалт ч сайжирч, битүү хашаа саравчгүй айл гэж үгүй болжээ. Өнөө цагийн малчид цагаан зудаас сүрдэхгүй болсон байна.

Бордоо тэжээл ч нэлээд нөөцөлж амжжээ

Зохиогч: Нийтлэл: Саранаа, Содбилэг
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл