solongonews
Нутаг усаа хайрлан хамгаалах нь зөв ашиглахад бий
2020-09-14 10:18
Нутаг усаа хайрлан хамгаалах нь зөв ашиглахад бий

Нутаг бэлчээр нь бидний оршин амьдрахын үндэс болохоор бид харах нүднийхээ цэцгий мэт хайрлан хамгаалбал зохилтой. Гэхдээ хайрлан хамгаалах нь зөвхөн хэрэглэхгүй хадгалж тавихыг хэлдэг биш харин зөв ашиглах нь гол зүйл болдог аж. Өвс хадлан бол мал аж ахуйн үндсэн суурь болсны хувьд бэлчээр нутгийн ашиглалт, хадлан өвсний нөөцийг малчид их анхаардаг юм. Баруун Үзэмчин хошууны Хоолтын гол суурины Баянхошуу баг нь газар нутаг өмчлүүлснээс хойш одоог болтол гацааны 2666.67 гаруй га хадлангийн нутгаа хамтдаа хамгаалан ашиглаж байгаа билээ. Баянхошуу баг нь энэ жил 40 гаруй мянган юанийн хөрөнгө оруулалт хийж, хадлангийн талбайдаа 9 камер суурилуулсан тухай сонсоод сурвалжилж билээ.

Баянхошуу багийн нийтийн хадлангийн талбай нь Сэргэлэн хараат уулын байгалийн үзэсгэлэнт газарт байж, мал маллахыг хориглосон газар юм. Тус баг нь хадлангийн нутгаа улам сайн хамгаалахын тулд 2018 онд суурин, хошуундаа хандан төсөлд хамрагдаж, энэ хэсэг газар нутагтаа төмөр хөшөө барьжээ. Ингэснээр хадлангийн талбайг улам сайжруулж, өвсний ургацыг баталсан байна. Нутаг өмчлүүлснээс хойш үр өгөөжөө өгсөөр ирсэн хадлангийн талбай нь энэ нутгийн малчин ардын мал аж ахуйн баталгаа болж, мал маллах өөрийн өртгөө бууруулах арга зам болдог.

Угаасаа хадлангийн талбай болон бэлчээр тусдаа байдаг Баянхошуу баг 151 өрхтэй. Одоогийн байдлаар мал аж ахуй эрхэлж байгаа айд өрх 70 гаруй байгаа аж. Хамтдаа ашиглаж байгаа хадлангийн талбай нь багийн нийт иргэд, өрх болгоны хувьчилж авсан нутаг болохоор мал аж ахуй эрхэлж байгаа өрхийн хувьд гаднаас өвс тэжээл худалдан авах шаардлагагүй байж, мал аж ахуйн зардлыг ихээхэн хэмнэж өгдөг. Баянхошуу багийн малчин Баянбат : - Манайх өмнөх зууны наяад оны эхнээс одоог болтол гуч гаруй жил өөрийн хадлангийн талбайгаасаа өвс авсаар ирсэн. Гаднаас өвс тэжээл худалдаж авах шаардлагагүй болохоор зардал мөнгийг гайгүй хэмнэдэг. Ноднинг өвсний үнэ ханшаар бол нэг тонн өвс 1200 юань хүрч байсан. Манай багийн малчид өвс тэжээл худалдаж авах шаардлагагүй. Өвс тэмжээл авахаар бодоход мал аж ахуй эрхэлдэггүй өрхийнхөө өвсийг худалдаад авчихвал өөр газраас авснаас хол хямдхан гэж хэллэ.

Баянхошуу багийнхан төмөр тор хашаа татсан нутгаа улам сайн хянан, өвсний ургацыг сайжруулах, экологийг хамгаалахын зэрэгцээ мал аж ахуйн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахын тулд тусгай хүн томилон хадлангийн талбайгаа хянадаг байжээ. Энэ жил тэд шинэ техник ашиглах, хөдөлмөр хүч хэмнэхийн тулд 40 мянган юанийн хөрөнгө оруулалт хийж, 9 хяналтын камер худалдан аваад хадлангийн талбайдаа суурилуулжээ. Багийн дарга хэлэхдээ : - Уг нь манай баг зун намрын улиралд тусгай жижүүр гарган, хадлангийн хүрээг харж харуулддаг байлаа. Хаврын гачиг өвлийн хүйтэнд бол харж чаддаггүй. Одоогоор 9 хяналт камер суурилуулсан болохоор гэрээсээ бүхнийг олж харах боломжтой болсон. Өвөл хавартаа ч мал оруулахыг хорьж, бүтэн жилээрээ хамгаалах болжээ  гэлээ. Баянхошуу багийн хадлангийн талбай нь том болохоор харч хамгаалахад нэлээд цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулж байсан. Энэхүү нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд  тус багийн зөвлөлөөс иргэдийнхээ саналыг авсан үндсэн дээр нийтийн хадгаламжаас мөнгө гарган камер худалдан авч, дэвшилтэд техникийн ачаар хөдөлмөр хүчээ хэмнэж байна.

Нутаг бэлчээр бол малчдын ахуй амьдралын үндэс. Өвс хадлан бол өвөл хаврын гачгийг туулахад дутагдаж болшгүй эрдэнэ юм. Нутаг усаа хайрлан хамгаалах нь зөв ашиглахад байдаг. Баянхошуу баг нь гуч гаруй жилийн турш хадлангийн нутгаа хамтдаа хамгаалан ашиглах замаар мал аж ахуйн үндсэн зүйлээ хангаж ирсэн бөгөөд сүүлийн хэдэн жилд хашаалах, хяналтын камер суурилуулах зэрэг аргаар улам сайн ашиглаж, малчиддаа ашигтай нөхцөлийг бүрэлдүүлж байгаа аж. Хөгжлийг дагаж шинэ техникийг мал аж ахуйд түлхүү ашиглаж байгаа нь сайн үйл хэрэг билээ.

Зохиогч: Сурвалжлагч Сарнаа, Шүрэнчимэг
Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.solongonews.mn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл