Өвөр Монголын Ордос хотын Үүшин хошууны Сүлд сумын Талын-Ус багт байрлах Өвөр Монголын байгаль биологийн шинжлэх ухаан мэргэжлийн ХК хот, хөдөө бүс нутгийн хаягдмал мод, бургас, шаваг, харгана, нойлын ялгадас, хог новш зэргийг шинэ технологиор боловсруулан исгэж, хөдөө аж ахуйд ашиглах органик бордоо болгож байгаа нь хэрэгцээгүй зүйлсийг өндөр үнэ хүргэн, иргэдийн амьдрал, орчин ахуй, хүн зоны эрүүл мэндэд хувь нэмэр оруулж байгаа юм.

Уг компани 2015 онд энэхүү төлөвлөгөөг гаргаж, 2017 оноос эхлэн үйлдвэрээ байгуулж, 2018 онд барилгын ажлаа дуусган, өнгөрсөн оны 07-р сард ашиглалтад орсон байна.
- Тэр үед манай багт хамтарсан аж ахуйн нэгж байгаагүй. Мөн ядуу буурай гэр бүлийг удирдан дагуулах орон нутгийн томоохон компани байгаагүйгээс энэ санааг сэдсэн. Яг энэ үеэр манай багийн нэг залуу Японд органик бордоо боловсруулах мэргэжил суралцаад нутаг буцсан болохоор багийн зөвлөл, гишүүдийн хурлаар бордооны үйлдвэрийг байгуулсан гэж Талын-Ус багийн дарга асан, тус компанийн захирал Өргөнбуу танилцууллаа.

Тус органик бордооны үйлдвэрийг бүтээн байгуулахад нийт 5.4 сая гаруй юанийн хөрөнгө оруулж, Үндэсний төслийн мөнгө болон багийн 100 гаруй малчин өрх хувь оруулсан байна. Үүний зэрэгцээ тэд бас “Банкны бус санхүүгийн зөвлөл”-г зохион байгуулан эргэлтийн хөрөнгө зохицуулсан байлаа. Ингээд үйлдвэр нь түүхий материал хуримтуулах,исгэх,бүтээгдэхүүнийг баглан боодоллох, борлуулах зэрэг явцаар ажиллаж,бүх ажлыг дөрвөн ажилчин биелүүлдэг болсон аж.
- Бид малчдаас тонноор хэмжин бургас 160 юань, шаваг 260 юань, уд мод 120 юань, малын шээг 260 юаниар тус тус худалдан авдаг. Тодорхойлж хэлэхэд бидний авсан мод бургас бүгд үхэж өгөршсөн буюу хаягдах зүйлс. Үүнээс гадна яс, цус, ахуйн хэрэглээний хаягдал ч олдошгүй ховор эрдэнэ юм. Эдгээрийг цуглуулж аваад Японоос импортолсон микробоо дотор нь хольдог. Микроб нь түүхий эдэд агуулагддаг хорт бодисыг цэвэршүүлдэг. Дараа нь хамгийн чухал исгэх процессод орно. Дулааны хэм зэрэг талд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй бөгөөд бараг 2 сар гаруй хугацаа зарцуулдаг. Хамгийн сүүлд органик бордооны бүтээгдэхүүнээ боож зах зээлд гаргана. Органик бордоо тонн бүрдээ 1388 юань хүрч байна гэж Өргөнбуу ярив.

Органик бордоо гол төлөв хүнсний ногоо болон жимс тарьж байгаа бүс нутагт өргөн ашиглагддаг. Энэ оны хамгийн анхны боловсруулсан 400 гаруй тонн бүтээгдэхүүнээс 200 тонныг нь мөн Ордос хотын Отогийн өмнөд хошуу болон Нарийнгол суурин захиалжээ.
Үйлдвэрийн гол талбайн ойролцоо бас нэг хүлэмж байгуулсан нь тус компанийн өөр нэг туршилтын суурин байв. Хүлэмжийг 700 мянган юанийн хөрөнгө оруулан бүтээн байгуулж, органик бордоо хэрэглэж тарьсан стандартад нийцсэн хүнсний ногооны ургацад хяналт тавихад зориулсан байна.

Мал аж ахуйн баг бордооны үйлдвэр байгуулан хөдөө аж ахуйн бүс нутагт үйлчилж байгаа нь холыг харсан, ядуу буурай малчин өрхийн амьжиргааны түвшинг ч дээшлүүлсэн явдал байлаа. Үйлдвэрт тус багийн ядуу буурай малчдыг сарын 5000 юанийн цалинтай ажиллуулж байсан бол хөдөлмөр хүч дутагдах зарим үед өдөрт 200 юаниар ажиллуулж байна. Үүний зэрэгцээ хүлэмжээ багийн Эмэгтэйчүүдийн Холбоод хариуцуулж, эмэгтэйчүүдийн орлогыг ч нэмэгдүүлж чаджээ.

- Бид ирээдүйд үйлдвэрийн цар хүрээг өргөжүүлж, жилд 5000 тонн органик бордоо боловсруулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд шингэн биет органик бордоог ч үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Сүүлийн жилүүдэд үргэлж химийн бордоог ашигласаар олон янзын өвчин гарах боллоо. Үүнээс гадна химийн бордоог урт хугацаагаар ашигласан хөрсөнд тарьсан ургамал ургац авахаа больдог. Тиймээс цэвэр байгалийн хүнс нь хүмүүсийн эрүүл ахуйн шаардлагыг хангахад баталгаа болдог. Эрүүл бие саруул ухаан хоёр л хүнийг урт наслуулж, удаан жаргаана гэж Өргөнбуу өөрийн үзэл бодлоо хуваалцлаа.
