solongonews
Адууны өгөөж чанар
2016-12-12 10:18
Адуу нь өвсний соргогийг идэж, усны тунгалгийг уудаг цэвэр идэштэй амьтан юм.

Адуунд гүзээ байхгүй болохоор халтар хомоол нь намрын тарга авах үед идэшлэх бэлчээрийн өвс ногооны амт шимийг тэр хэвээр нь хадгалдаг байна. Тиймээс намрын халтар хомоол нь өвлийн тарчиг цагт хонь үхрийн сайн тэжээл болдог сонин гайхалтай туршлага бий. Намрын халтар хомоолоор тэжээсэн тугал бяруу хар мах суудаг гэж настай хүмүүс ярьдаг. Энэ нь намрын халтар хомоол нэлээд шим тэжээлтэй байдгийг харуулж байна. Намрын халтар хомоолыг өвөл үхэрт өгөхөд булаалдан иддэг. Малын үнэ буурч өвс үнэ орсон энэ цагт намрын халтар хомоолыг цуглуулж малаа тэжээх нь их ашигтай юм. Энэ нь адууны гайхалтай гэмээр өгөөж болно.

Арваад жил гүү сааж байгаа хүний хувьд айраг исгэх, гүү сургах талаар товч бичиж, үүнээс улбаалан адууны өгөөж үлэмж чанарыг мөн л товчхон тоочъё. Айргийг ус асгасан сэрүүн гэрт газар ухаж гангаа /шавар сав/ суулгаад (агаар нэвтрэх нь илүү сайн тул монгол гэр нь сайн), урт хугацаанд аяар нь бүлж, гүйцээж исгэвэл амт чанарын хувьд илүү сайн болдог. Элдэв төрлийн юм хийж халуун наранд хүчээр исгэсэн айраг шар ус тунах нь хурдан, амт нь тийм сайн болдоггүй. Эхлээд хөрөнгөө сайхан гарган авч, тусад нь сайн хадгалж, дахин дахин бүлж л байвал айрагныхаа чанар амтыг батална.

Сөнидийн хойд хэсэг нь өвс ургамал тачирхан ч төрөл зүйл олон шим тэжээл сайтай байдаг тул түүнийгээ дагаад Сөнид айраг сайхан амттай болдог. Үүний зэрэгцээ сайхан исгэсэн айрганд өчүүхэн шуналаас болж элдэв төрлийн юм холихгүй, чанар болон нэр хүндийг нь унагаахгүйг хичээх нь чухал юм. Байгалийн тансагт тэжээл авсан гүүгээ сааж, уламжлалт аргаар айргаа исгэж, уг амт чанараар нь ашиглавал эрүүл сайн явах болно. Энэ нь мөн адууны хүсэлтэй өгөөж чанар болох юм.

Хурдан морийг дагаад Монголын олон сайхан соёл хадгалагдаж байдаг. Морь уяж байгаа хүн хүнтэй эвтэй байхыг ямагт хичээж, элдэв муу муухай зүйлээс хол явдаг. Уяан дээрээ байхдаа хүнтэй уулзаж, айлд орохдоо ч Монголын үе уламжилж ирсэн бэлэг дэмбэрэлтэй үгийг ярьж, мэндчилж, дээл хувцсаа өмсөж, морь хүүхдээ аль сайхан засал чимэглэлээр гоёж явбал сайхан билээ. Энэ нь эргээд унаач хүүхдийн ой ухаанд зөв хүч буюу урам зориг болдог. Багаасаа хурдны морь унасан хүүхэд морь унадаггүй хүүхдийг бодвол малд илүү хайртай байдаг. Хожим малчин болсон ч сайн малчин, нийгэмд гараад хүнтэй зөв сайхан харьцаж чаддаг. Ялангуяа биеийн бойжилт болон бие даах чадвар нь илүү байдаг. 30 километрийн урт замд тав зургаан настай хүүхэд ганцаараа эзэн мэдэж, ой ухаан хүч чадлаа шавхан байж морио хурдлуулдаг болохоор багаасаа л бие даах болдог. Тиймээс адуун соёл хүн болох ёсыг сургаж боловсруулдаг өгөөж чанартай байдаг.

Адууны бас нэг чухал хэрэгцээ өгөөжтэй зүйл нь адуу шивээ өвсийг иддэг. Энэ хэдэн жил хурганы шивээтэй арьс нь сохор мөнгөний ч үнэ хүрэхгүй болжээ. Долоон сар гараад шивээ хатаж хурганы арьсанд шигдэн ордог. Нялх шивээнд адуу дуртай тул явдал дундаа тасдаж идээд байдаг. Бага хэмжээний тор хүрээнд шивээ нялх байгаа үед нь амжиж адуугаа оруулж идүүлбэл, адуу шивээг хадсан юм шиг үлдээхгүй идчихдэг болохоор тэр тор хүрээндээ хонио оруулж бэлчээвэл шивээнээс хамгаалж чадна. Учир нь хурга худалдахаас нэг хоёр сарын өмнө л шивээ хатаж зүү шиг болон арьсанд шигдэн орох тул энэхүү богино хугацаанд амжиж адуунд идүүлбэл адууныхаа сайнаар шивээгүй арьс зарах бүрэн бололцоотой болно. Үүний зэрэгцээ адуутай тор ногоорч байхад хажуу талын хонь бэлчдэг тор нь харин хялгана шивээ халиурч цайран байдаг нь адууны бэлчээр өвсний төрөл болон чанарт эерэг нөлөө үзүүлж, мал аж ахуйн амьдралд өгөөж болдгийг харуулж байна.

Үүнээс гадна адуун соёлоо дээдлэн яваа хүмүүсийг нийгэм нийт хүндэтгэн, адуун соёлоо түгээн дэлгэрүүлж явбал мөн асар их өгөөж болно.

 

Зохиогч: Мэргэжилт
Найруулагч: Bandi
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл