“Найзын сэтгэл”, “Гэртээ харина”, “Төгсөх дургүй минь юу билээ” зэрэг олон сайхан дууны үгийг оюутан ахуйдаа бичиж, энэхүү дуу нь оюутан сурагчдыг байлдан дагуулж байв. Мөн түүний бичсэн “Найзын сэтгэл”, “Гэртээ харина”, “Шагай орхиё” зэрэг бүтээлүүд нь Монгол дунд болон бага сургуулийн сурах бичигт сонгогдсон байна.
Зөвхөн дууны шүлэг бус “Дэлхийгээ хайрла”, “Зүүдэн нутаг”, “Шинэ хөдөө” зэрэг шүлэг найраглал нь Өвөр Монголын хэмжээний шагнал хүртэж, “Айбага минь” бүтээл нь Хятад улсын дууны шүлгийн тэмцээнд шилдэг шагнал хүртэж байсан сайхан түүхтэй юм.
Чөлөөт уран бүтээлч маань цомгийнхоо тухай: - Энэхүү 81 дуутай есөн цомгоо өөрийн уран бүтээл туурвиж ирсэн 20 жилээ дүгнэх, өөрийгөө шалгах, сонсогч түмнээрээ шалгуулахаар зорьж, 1991 оноос хойш бичсэн 130 гаруй уран бүтээлээсээ 81-ийг сонгож 9 цомог болгон сонсогчдынхоо хүртээл болгож байгаа юм. Монголчуудын бэлгэдлийн тоо 9 нь тэнгэрийг бэлгэдсэн тоо, “Зөн цацал” гэдэг нь миний 9 цагаан хүслийн зөн бэлгэдэл байгаа юм. Дууны цацал болгон өргөж, миний бүтээлийг хүн ардаас тэнгэр дэлхий, уул ус минь бүхлээрээ сонсоосой гэж зөгнөдөг болохоор зөн цацал гэж нэрийдсэн юм. Цомог бүрийнхээ хальсыг тоогоор тэмдэглэлгүй адууны тамгаар тэмдэглэсэн нь С.Отгоны бүтээл гэдгийг шууд танихад амар байх үүднээс хийсэн гэлээ.

Oлон сайхан уран бүтээлээрээ ард түмний дунд танил болсон С.Отгоны цомгийн нээлтийн ёслолд Өвөр Монголын Радио Телевизийн алдарт хөтлөгч, дууны яруу найрагч Насан, дуучин Дэлхий, Алтанбүргэд, С.Хөгжилт, Цам хамтлаг зэрэг хамтран ажилладаг уран бүтээлчид уригдан ирж ая дууныхаа дээжээс өргөн барьсан бол нутгийн ахан дүүс, анд нөхөд ерөөлийн үгээ хайрлан баяр хүргэлээ.
Өвөр Монголын Радио Телевизийн алдарт хөтлөгч, дууны яруу найрагч Насан: - Өнөөдөр маш сайхан дурсамжтай сэтгэл догдолсон агшин болж байна. Учир нь Монгол түмний сэтгэл зүрхэнд сайхан ая дуугаа хүргэдэг энэ сайхан ажилд эрчимтэй оролцож, авьяас билгээ зориулж яваа нэгэн залуу уран бүтээлчийн уран бүтээлүүд олны алганд дэлгэгдэж, сонорт хүрэхэд бэлэн боллоо. Ингээд Монгол орныхоо тухай учирласан бодол сэтгэгдлээ дуугаар илэрхийлж нандин ажил үйлсээ улам эрхэмлэж, илүү өндөр амжилтад хүрэх болтугай хэмээн ерөөлийн үгээ хайрлалаа.

“Хол байгаа ээж”, “Домогт Аржаа” зэрэг уран бүтээлээ Монгол Улсын хөгжмийн зохиолч Б.Магсаржавтай хамтран бүтээсэн бол залуу хөгжмийн зохиолч н.Балж, н.Тамираа, н.Цогоо, н.Түвшинцогт нартай хамтран маш олон сайхан уран бүтээл хийжээ.
С.Отгоны бүтээлийн хувьд уянгын төрлөөр намрын сэдэвтэй бүтээл дийлэнх хувийг эзэлж, нутаг ус, аав ээжийгээ санаж хайрласан сэдэвтэй бүтээл ч цөөнгүй аж. Мөн сүүлийн үед хүсэл мөрөөдөл, байгаль, шүтээн шүтлэгийн сэдвээр бичих болсон байна.
