
Сөнид баруун хошууны Сайхан-Өлзий сумын Сайханбүрэн багийн малчин Эрдэнэ-Өлзий арван долоотойгоосоо эхлэн эмнэг тэмээ сургасан сайн унаачин юм. Саяхан сэтгүүлч түүнээр эмнэг тэмээг хэрхэн сургадаг тухай яриулснаа хуваалцья.
— Эмнэг тэмээг ихэнхдээ тормонд нь сургадаг. Бас нас гүйцсэн хойно нь сургах тохиолдол ч байдаг. Тэмээ сургах цаг хугацааны хувьд өвлийн эхэн сарыг сонгодог байж, их хүйтэн орсны дараа сургавал таваглаа нь хөлдөх буюу сайн уяа ордоггүй учраас тохиромжгүй байдаг. Эмнэг тормыг тэмээн сүргээс барьсны дараа гурав хоног уяж сойно, уяхдаа бурантаг нь сайн ойрхон уяхгүй бол ороолдож боогдох аюултай. Тормыг ердөө гурав хоног л уясан дараа таваглаа хийгээд тошиглж унана. Ер нь ямар ч тэмээг сургахад таваглааг зогсоогоор нь өмнө хөлд нь хийдэг. Энэ нь хэвтүүлэхийг сургахад хэрэглэдэг албаар татдаг хялгасан дээс юм. унахдаа ногтон жолоог сайн ойрхон барьж мордоод туйлахаас болгомжилно. Унасны дараа тором өөрийнхөө эвээр явах ч магад, туйлж ч мэднэ. Ингээд хагас сар унавал эвдээ орж, хөтлөхийг мэдэх, жолоо залахыг мэдхээс гадна хэвтээд ч сурчихдаг. Тэгэхээр таваглааг нь авчхаж болно.
Нас гүйцсэн бүдүүн тэмээг сургах нь тором сургахаас хэцүү байх нь мэдээж. Нас чадал нь гүйцсэн болохоор барихаас эхлээд анхаарах зуйл олон. Уургалж барих буюу ороож барихдаа хүзүү нь гарахаас болгомжилно. Тэмээ гэдэг амьтны хүзүү нь амархан гарах аюултай. Нас гүйцсэн эмнэг тэмээг эхлээд хагас сараас нэг сарын хугацаатай уяж сойно, тэгвэл сая уяа орж толгойг нь зөөлрүүлж дийлнэ. Үгүй бол шууд унах гэгч хэцүү юм. Унахаасаа өмнө буйллаж, хялгасан ногтоор ногтолвол сайн. Энэ нь татахад чангараад толгойг нь эрхшээхэд тустай. Яг дийлдэхгүйг нь бөхөнд сойж уяад унадаг. Эхлээд унахдаа ногт болон бурантгаа сайн ойрхон чанга барьж мордоно. Үгүй бол туйлж, хүзүүгээ гаргах аюултай байдаг. Унангуутаа удаан хоног уюулж даарсан эрчиндээ цочмог гүйж ч мэднэ. Эсвэл Цочмог туйлж ч мэднэ. Том тэмээг бараг сар шахам хугацаа унавал номхордог …” гэж Эрдэнэ-Өлзий малчин хүний хамшир ухаанаар нарийн тайлбарлан ярьж билээ.

Эрдэнэ-Өлзий гэгч бие багатай хүн, алхаа гишгээ нь хөнгөн, тэмээ малд сурмаг эвтэй байдаг нь эмнэг сургахаар төрчихсэн шиг санагдуулах нь аргагүй. Тиймээс Сайхан-Бүрэн тэмээдээс одоо ч гэсэн домгийн юмшиг ярьдаг “Ганган улаан”, “Хормой хийсдэг бор” гээд олон сайхан хурдан буянуудыг Эрдэнэ-Өлзий унаж сургасан байдаг юм. Тэрбээр арав хүрээгүй наснаасаа тэмээ унаж сураад, хорь хүрээгүй наснаасаа нэгдлийн тэмээ хариулж эхэлсэн төдийгүй. Гучин жилд 300 эмнэг тэмээ унаж номхруулахдаа туйлаанаас нь нэг их буугаагүй амжилтыг бичиглэсэн. Эрдэнэ-Өлзий өнөө нэгэнт жар дөхөж, нутгийн ахмадын тоонд зүй ёсоор багтаж яваа хүндтэй хүн билээ. Нутгийн олон нь тэмээнийхээ эдэлгээнээс холдсон өнөө цагт Эрдэнэ-Өлзий гуай хэдийгээр эмнэгийн нуруунаас холдсон ч мөн л тэмээтэйгээ сүргийн зах дарж явдаг заншлаа орхиогүй авч яваа нь залуу нэг үеийнхэнд дуурайл болж үнэлэгдэх ёстой. /Бэлтгэсэн нь Содбилэг/
