solongonews
Ямаа эрдэнэ хурай хурай хурай
2017-02-13 10:42
Шилийнгол аймгийн ямааны тухай ерөнхий хүүрнэл

    Монголчууд урт удаан жилийн түүхэн явцад таван хошуу мал маллаж, ашиг шимийг нь боловсруулан, байгаль ахуй, мал сүрэгтэйгээ зохицсоор эдүгээд хүрч ирсэн юм.

Асга хадны ирмэг дээр алиалан тоглосон янгирын удамтай ямааны ашиг тусыг яриад барахгүй. Ямаа гэж төрөлх цовоо дэгжин, өсөж үржих нь түргэн байдгаараа эзэндээ ээлтэй. Өнгөрсөн зууны наяад оны сүүлч, ерээд оны эхээр ямаан ноолуурын үнэ өсөхийг дагалдан Шилийнгол аймагт ямаа маллах айл өрх илт нэмэгдэв. 1993 оны тооллогоор Шилийнгол аймгийн ямаа 2.3 сая байсан бол 1994 он болоход нэмэгдээд 2.54 саяд хүрсэн байна.

Шинэ мянганы эхээр байгаль орчин муудсанаас “Ямаа маллах нь бэлчээрт халтай” хэмээн ямааг худалдаж эхэлсэн боловч зарим хүмүүс мөн ямаа маллахаа баримталсаар байсны нэгэн жишээ нь Сөнид Баруун хошууны Сайхан-Өлзий сумны Эхэн-Ус багийн малчин Билэгжаргал билээ. Тэрээр ангамал хөрстэй тачир бэлчээрт шинжлэх ухаанчаар мал маллан, цөөн малаас өндөр ашиг хүртэж, чинээлэг амьдралыг эдэлж их Тамчийн элгэнд ямаатай баян хэмээн алдаршсан юм. 2001 онд Билэгжаргал хоёр зуугаад үхэр, хориод тэмээгээ заран, Ляонин мужийн Гай шянаас 120 сайн үүлдрийн охин ишиг оруулж, Баяннуур хотын сайн үүлдрийн ямаан удамтай ямаан сүрэгтээ нийлүүлж, шинэ үүлдрийг сонгон бойжуулах ажлаа эхлүүлжээ. Ийнхү жилийн ямаан ноолуурын орлого нь 130 мянган юаньд хүрч, бүх жилийн цэвэр орлого нь 190 мянган юанийг давж байсан билээ.

Малчин хүн амьдрал үйлдвэрлэлийнхээ эрэлт хэрэгцээнд зохицуулж, нутаг бэлчээрийнхээ нөхцөл байдал, эдийн засгийн ашиг орлогын байдлаа нарийн тодорхой ойлгож мэдсэн суурин дээр мал аж үйлдвэрлэлээ эрхлэх бол зөв сонголт юм. Сүүлийн жилүүдэд жил дараалан ямааны тоо цөөрсөн боловч ямааны зах зээл хөл хөдөлгөөн ихтэй байж, ямаан ноолуурын үнэ тогтуун байсаар. Иймээс таван хошуу малын нэг ямаа эрдэнэ минь түм бумаар өсөн үржих болтугай. Хурай, хурай, хурай.

Зохиогч: Э.Туяа
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл