
Шулуунхөвөөт цагаан хошууны Мянгат суурингийн Инт багийн малчин бүсгүй Шүрэнчимэгийг сурвалжлахаар хүрсэн маань өнгөрсөн зуны явдал билээ.
Малчин Шүрэнчимэгийнх саруул тохилог гэр оронтой, мал аж ахуйн үндсэн бүтээн байгуулалт сайн, шинэ цагийн урсгалыг дагасан эдлэл хэрэгсэлтэй чинээлэг айл байлаа. Амьдралдаа хайртай, ажилч хөдөлмөрч, өрийн амьдралдаа нарийн данс боддог Шүрэнчимэгтэй уулзаад түүний тэрхүү амьдрахуйн ухааныг үнэхээр биширсэн юм. Хорин жилийн өмнө өр ширэнд баригдан ядуу хүнд байсан энэ айл өөрийн хөдөлмөрч гар, нарийн данс боддог амьдрахуйн ухаандаа түшиглэн чинээлэг болсон гэдэг.

Тухайн үед Шүрэнчимэгийн нөхөр Насанбаяр гэрийнхээ бүх хадгаламжаараа арилжаа наймаа хийнэ гэж яваад дуусгаж, хэдэн арван мянган юанийн өр тавьсан байлаа. Малчин айлын хувьд бүх байснаа хөнтөрч хэдэн арван мянган юанийн өрний нүхэнд унана гэж амаргүй. Айл гэрийн амьдралд маш хүнд дарамт болжээ. Гэвч Шүрэнчимэг болон Насанбаяр хоёр “тулж ирсэн зовлонг туулж гарах л учиртай” хэмээх нугарч бүдрэхийн өмнө хөл нугарсангүй, “малаа сайн маллаж их мөнгө олж өр ширээ төлнө” хэмээн зориг шийдэж малаа маллаж эхэллээ.

Мөнгө төгрөг төсөв төлөвлөгөөтэй хэрэглэдэг хүний амьдрал дээшлэх л ёстой учир Шүрэнчимэг Насанбаяр нар бүх сэтгэлээрээ малаа маллаж, орлогоо нарийн хувааж нямбай төлөвлөж орлого зарлагаа тэнцүүлсний эцэст хэдхэн жилийн дотор бүх өрөө төлж дууссанаар барахгүй гар зуур зарах бэлэн мөнгөтэй болсон байлаа. Хүүхэд нь ч арвилан гамнадаг сайхан дадалтай болж хүмүүжсэн байна.
Амьдралын түвшин сайжрахыг дагаад тэд нарийн данс бодож алаг үнээ маллавал орлого сайн гэдгийг мэдэж алаг үнээ худалдан аваад цагаан идээ хийж эхэллээ. Хөдөө цагаан идээгээ өөрсдөө боловсруулж хошууны төвд хүргэж борлуулдаг. Одоо 10 гаруй алаг үнээ 200 гаруй бог малтай болсон байна. Шүрэнчимэг:
- Нэг алаг үнээ өдөрт арван юанийн бордоо идэж, 20 кг сүү гарна. 20 кг сүүгээр хурууд хийвэл кг бүрээс 10 юанийн цэвэр орлого олно. Шарсаар нь гахай тэжээнэ. Жилийн орлого 200 мянган юаньд хүрч байна гэлээ.

