solongonews
Таван сарын хугацаанд 140 мянган юань оллоо
2020-02-21 15:19
Таван сарын хугацаанд 140 мянган юань оллоо.

ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн Шулуун хөх хошууны Сайнхудаг сумын Нарст багийн малчин өнгөрсөн оны 04-р сараас 09-р сарын хооронд 56 тугал тэжээж нэг тугалыг 15 мянган юаниар зарж, тугалд бүрээс 2500 юанийн цэвэр орлого олсонтой холбогдуулан малчин Соёлтоос нарийн учрын талаар ойлголт авлаа.

Малчин Соёлт 153 га талбай бэлчээртэй бөгөөд ойр зэргэлдээ малчдын 666 га талбай бэлчээрийн газрыг түрээсэлж, 100-аад үхэр малладаг ажээ. Байгаль орчноо хамгаалах, орлогоо нэмэгдүүлэхийг уялдуулах зорилгоор тэрээр цөөн малаас өндөр ашиг хүртэхээр ажиллаж, үхрийн үүлдрийг шилдэг болгосноор өнөөдөр нэг зүсмийн шилдэг үүлдрийн үхэр болсон байна. Соёлт өөрийн тугалуудаа бэлчээрт гаргахгүйгээр хэсэг хугацаанд хашаалан тэжээхийн зэрэгцээ тугал худалдан авч тэжээн орлогоо нэмэгдүүлж байгаа юм.

- 2018 онд 70 тулгалыг богино хугацаанд үржүүлэн эцэст нь тугал бүрийг дунджаар 10 мянган юаниар зарж, нийт 700 мянган юанийн ашиг олсон. Тугалыг богино хугацаа бордон үржүүлэх нь бэлчээрээ хамгаалах төдийгүй орлого ч нэмэгдэнэ. Тугал үржүүлэхдээ эрдэнэ шиш, базмаг зэрэг эко бордоо хэрэглэн малын ашиг шимийн бүтээгдэхүүнийхээ яс чанарыг баталгаажуулж байна хэмээн Соёлт сүүлийн жилүүдийн туршлагаа хуваалцсан билээ.

Соёлт мал аж ахуйгаа хөгжүүлэхээр зах зээлийн байдалд анхаарал хандуулж, олон газраар явж үзэн туршлага хуримтлуулсан юм. Тэрээр 2013 онд 270 мянган юанийн хөрөнгө оруулж, 100 үхэр тэжээх 500 хавтгай дөрвөлжин метр бүхий мал тэжээх хүлэмж байгуулжээ. Үүнээс гадна өнгөрсөн жил сая гаруй юанийн хөрөнгө оруулж 300-аас дээш мал хашаалан үржүүлэх 1700 хавтгай дөрвөлжин метр бүхий байр байгуулж, 50 тоннын багтаамжтай хүйтэн агуулах барьж байгуулсан байна.

Соёлт тугал худалдан авахдаа Тунляо, Улаанхад, Хэбэй зэрэг муж хот болон Шилийнгол аймгийн малын зах, малчин айлаар явж бие бялдар, өнгө зүсмийг сайтар судалж 200 килограммаас дээших эр тугалыг сонгож авдаг байна. Түүний өнгөрсөн жилийн тугал бордон үржүүлсэн бүртгэлээс харвал 56 тугал худалдан авсан ба ачиж тээвэрлэсэн зардлаа оруулаад нэг тугал 9800 юанийн үнэ хүрсэн байна. Таван сарын дараа нэг тугалыг 15 мянган юаниар 56 тугал зарж нийт 840 мянган юань олжээ. Тугал худалдаж авсан мөнгөө хасаад нэг тугалаас 5200 юанийн орлого олсноос өвс бордоо, хөдөлмөрийн зардлаа хасаад нэг тугалаас 2500 юанийн цэвэр орлого олжээ.

Өнгөрсөн намар хошуунаас “Хулан Шарга даагын цөлийг ногооруулах төсөл”-ийг нэвтрүүлж, Соёлт баян чинээлэг үлгэр жишээчээр сонгогдон үнээ үржүүлж, хошууныхаа малчдад шилдэг үүлдрийн үнээ хангах болсон байна.

Малчин Соёлт зах зээлийн байдлыг нарийн ойлгодог бөгөөд бүх хүчээрээ зүтгэн, шилдэг үүлдрийн тугалаа богино хугацаанд үржүүлэн маш их ашиг хүртжээ. Мөн экологийн байгаль орчноо хамгаалж эдийн засгийн үр ашиг олж болохыг хүмүүст өөрийн жишээгээрээ харуулсан  юм. Ийнхүү бид зах зээл хөгжсөн шинэ цаг үед малчид мал аж ахуй эрхлэхдээ шинийг санаачилж, зах зээлийн мэдээ мэдээллийг анхааралдаа авч, бусдын туршлагаас илүү суралцахын дээр орчин үеийн мал аж ахуйг хөгжүүлэх арга хэлбэрээ шинэчилж өөрчлөхөөр зүтгэн ажиллавал сайн үр дүнтэй болно гэдгийг ойлгох ёстой билээ.

Зохиогч: МЭРГЭН, САРААНА
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Шилийнголын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл