
Хуртай бороотой өнө шиг намар болоход малчид маань хадландаа гарахаар мунгинадаг. Орчин үед хадах, боох, тээх гээд бүх ажил автоматаар хийгдэх болж, айл өрхийн хадлангийн ажил нэг хоёр өдөр л болоод дуусна.
Өнгөрсөн хэдэн жил Үзэмчин нутгаар 35 килограммтай өвс, 15 килограммтай өвс байнга харагддаг байв. Гэвч 35 килограммтай өвс зөөвөрлөхөд маш амаргүй байдаг болохоор сүүлийн жилүүдэд ихэнх айл 15 килограммтай өвс боох болсон байна.




Улаанхад хотын Онгинууд хошууны Мөнхбаяр 2014, 2015 онд Үзэмчин нутгаар ирж өвсний худалдаа хийж байжээ. Гэвч өвс жилээс жилд үнэ орж өвсний бизнес нь хийхэд хэцүү болов. Ажигч гярхай Мөнхбаяр Үзэмчин нутгаар хадлангийн цаг болоход өвс ачих хөдөлмөр хүч маш их дутагдах асуудлыг мэдэж, 2016 оноос эхлэн нутгийн хэдэн найзтайгаа Үзэмчинд ирж өвс ачиж эхэлсэн байна. Ажил хөдөлмөрт шийдэмгий, шууд шулуухан зантай энэ хэд удахгүй тухайн нутгийн хүмүүстэй танилцан өвсийг нь ачиж өгдөг болов. Ажилд сайн энэ залуусаар хүмүүс өвсөө ачуулах их дуртай.
Энэ намар Мөнхбаяр заншил ёсоор Онгинууд хошууныхаа Баянтөл сумаар нутагтай Соёлт зэрэг гурван найзтайгаа Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошуунд ирж өвс ачих ажлаа эхлүүлсэн байна. Өвс ачих ажил жил бүр гучин дөрөв таван өдөр үргэлжилж, арав гаруй өрхийн өвсийг ачиж оруулж өгдөг. Ажлын хугацаанд тэд үүрийн 03 цаг 55 минутад босож, 04:00 цагт ажилдаа гардаг. Ойрхон, зам сайтай өрх таарвал өдрийн дөрвөн удаа явж ирж амждаг. Ихэнхдээ өдрийн гурван удаа явдаг байна. Нэг удаад 500 гаруй боодол өвс ачиж, айлынх нь задгай хашаа буюу өвсний хашаанд нь оруулж өгдөг. Тэд хамгийн олондоо өдрийн 2000 шахам боолт өвс ачиж зөөвөрлөдөг байна.


- Багаасаа Шилийнголын тал нутгийг маш ихээр хүсэн мөрөөдөж, очиж үзэхийг хүсдэг байсан. Харин аз болж энэ ажлыг хийж бодож санаснаа биелүүлж явлаа. Ажлын хувьд их хүнд байсан ч дуртай юм болохоор тийм их ядардаггүй. Нэг сэтгэл нэг зоригоор ажлаа сайн хийнэ гэж зүтгэдэг гэж Мөнхбаяр ярилаа.
Өвс ачих ажил гэдэг үнэхээр хүний хүч чадлыг шалгадаг. 15 килограммтай өвсийг хүн бүр өдрийн хэдэн зуугаар хэдэн метр өндөрт шидэж гаргана гэгч тийм ч хялбар биш. Өвс ачих ажлын хугацаанд тэд нэг хүн өдрийн 380-390 юанийн орлого олдог. Энэ нь ар гэрийн амьдрал ахуйд дэмжлэг болдог. Тэд машин нь эвдрэх, бороон орж ажил саатахаас их эмээдэг.
Итгэлийг барьж, ажлыг нь шуурхай хийх нь Мөнхбаяр нарын баримтлал. Яг л ингэж хичээн ажилладаг болохоор олон малчдын итгэлийг олж, жил бүр танил болсон хэдэн малчдынхаа өвсийг ачиж оруулж өгдөг болов.
Ажилч хөдөлмөрч хүмүүсийн амьдрал улам өөдөө байдгийн ёсоор ажлын хүндийг гололгүй хийдэг хөдөлмөрч залууст гүн хүндэтгэл илэрхийлье!




