Алаг цэцэг дэлгэрсэн талыг зүссэн цардмал зам нь шууд тосгон руу нэвтэрдэг. Тосгоны оршин суугчдын байшингууд эгнэн гайхалтай сайхан харагдана. Ойролцоох намгархаг цэцэрлэгт хүрээлэнд алхах талбай, ногоон зүлэг бий. Жуулчид хэсэг бүлгээрээ цугларч, цэвэр агаар, хөдөөний үзэсгэлэнт газраар зугаалж байхдаа гэрэл зураг авч, богино хэмжээний видео бичлэг хийнэ.
"Би энэ жил хэд хэдэн удаа зугааллаа. Энд ирэх бүр жуулчин олон байдаг. Ийнхүү "Интернэт од тосгон" болжээ. Уул устай сайхан орчин бий" гэж хүүхдүүдтэйгээ хамт зугаалж байсан ӨМӨЗО-ы Шилингол аймгийн Тайвас хошууны Баочан суурингийн оршин суугч Ян Чинлянь ярив.

Өвөр Монголын Шилийнгол аймгийн Тайвас хошууны Баочан суурингийн Бяньчян тосгон нь саяхан зарлагдсан улсын хөдөө тосгоны аялал жуулчлалын гол тосгодын жагсаалтын хоёрдугаарт оржээ. Энэ нь мөн нийт тосгоны хувьд баяртай үйл явдал болжээ.
- Сүүлийн жилүүдэд бид хоноглох хооллох байр, эрүүл мэндийн үйлчилгээ, цахим худалдаа, соёлын аялал жуулчлал гэх мэт хөдөө тосгоны цогцолборуудыг барьж байгууллаа. 150 жуулчин нэг дор байрлуулах, хооллох боломжтой юм. Одоо энэ тосгон олонд танигдан жуулчид олширсон гэж Бяньчян тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга Ван Вэньчэн ярилаа.
Одоогоос долоо, найман жилийн өмнө Бяньчян тосгон нь олны сайн мэдэх ядуу буурай тосгон хэвээр байв. Тосгоны оршин суугчид нэг нэгэндээ "Тосгонд шар шороо ихтэй болохоор гэрээс гарвал гутлаар нэг шар шавар наалддаг" гэж хошигнон ярилцдаг байжээ. Тосгон нь шороон зам, шавар байшин, шавар ханаар дүүрэн байдаг болохоор ийнхүү ярьдаг аж. 2014 онд тус тосгонд 272 ядуу буурай өрх, 692 ядуу буурай иргэн байсан бөгөөд ядуурлын түвшин 58.84 хувьд хүрч, нэг хүнд ногдох цэвэр орлого ердөө 2000 юань байв.
Сүүлийн жилүүдэд ядуурлыг бууруулах зэрэг улсын цуврал бодлогын дэмжлэгтэйгээр Бяньчян тосгон дэд бүтцийг бэхжүүлж, аж үйлдвэрийг хөгжүүлж, орлогыг нэмэгдүүлжээ. 2019 онд тосгоны ядуусыг ядуурлаас ангижруулж, тосгоны иргэдийн нэг хүнд ногдох цэвэр орлого 18000 юаньд хүрсэн байна.
- Бид голчлон аж үйлдвэрт түшиглэн сайхан амьдардаг. Өмнө нь хүмүүс цөөн хэдэн мү /нэг га=15 мү/ газарт тариалж, бага орлоготой байсан бөгөөд тэд гадагш гарч хөлсний ажил хийдэг ч ажил олоход хэцүү байсан. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд тус тосгонд мод тарих, махны чиглэлийн үхэр тэжээн үржүүлэх, хятад эмийн материал, төмс тариалах гэх мэт тусгай хоршоод байгуулагджээ. Тосгоны олон хүн газар тариалангаа бусдад түрээслүүлэн тусгай хоршоонд ажиллаж, цалин хөлс авах боломжтой болжээ. Ингэснээр шаргуу хөдөлмөрлөж л байвал орлого муугүй байна хэмээн 47 настай тосгоны оршин суугч Рэнь Линь ярив.
Бяньчян тосгоны мод суулгах сууринд арав гаруй тосгоны иргэд зулзаган мод түүж, моддыг ногоон байгууламж тарих төлөвлөгөөтэй үйлчлүүлэгчдэд зарахаар бэлтгэж байлаа.
48 настай Лю Юнжюнь хүрз барьж, зулзаган модны дэргэд хянуур ажиллана.
2013 оноос өмнө Лю Юнжюнь эхнэрийн хамт 12 мү тариалангийн талбайдаа үр тариа тариалж байсан бөгөөд нэг мү газраас 100 орчим килограмм ургац авдаг байсан бөгөөд жилийн орлого нь 2-3 мянган юань байсан бөгөөд энэ нь зөвхөн хоол хүнс, хувцас хэрэглэлд л хангалттай байжээ. Харин 2013 оноос хойш аж үйлдвэрээр ядуурлыг бууруулах бодлогын тусламжтайгаар эхнэрийн хамт нэг мү газрыг 350 юанийн үнээр бусдад түрээслүүлж, ойн суулгацын сууринд ажиллаж эхэлсэн байна. Өнөөдөр тэдний жилийн орлого 40 мянган юаниас давж байна.
- Өдөр хоног өнгөрөх тусам их ажилтай болж байна. Хуримтлуулсан мөнгө маань их болж, дөрвөн өрөө тоосгон байшин барьж, хүрээ хашаагаа тун цэвэрхэн болгов. Ингэснээр өдөр бүр надад маш сайхан санагдаж байна гэж Лю Юнжюнь ярилаа.
Одоогийн байдлаар Бяньчян тосгонд нийт дөрвөн модлог ургамлын суулгацын баазтай бөгөөд нийт талбай нь 350 мү-ээс дээш байдаг. Ингэснээр 100 гаруй оршин суугчдыг дайчлан олон жил ажиллуулахаас гадна улирлын чанартай олон ажлын байраар хангадаг.
Бяньчян тосгон хоршооны хэлбэрээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дайчлахаас гадна хөгжлийн төлөвлөлт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, төрөл бүрийн нөөцийг нэгтгэхийг анхаарч ажилладаг.
"Бид эхлээд газрын тариаланг нэгтгэж, аж үйлдвэр, тосгоны өнгө үзэмжийн зураг төсөл, төлөвлөлтийг хийж, хөдөө орон нутгийн шинэ барилга байгууламж, хөдөө орон нутгийн байгалийн үзэсгэлэнт газруудын барилгын төслийн хөрөнгө мөнгийг гудамжны гэрэлтүүлэг суурилуулах, авто зам засах, оршин суугчдын орон сууц барих, намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэн барих зэргээр ашиглалаа" гэж Ван Вэньчэн ярилаа.
2017 онд Бяньчян тосгон ядуурлыг бууруулах хөрөнгийг ашиглан хүлэмж барьж, Бээжингийн Чанпин дүүрэгтэй хамтран ажиллахаар холбогдох хэлэлцээр хийж, гүзээлзгэнэ үржүүлгийн бааз суурин байгуулжээ. 2018 онд тосгонд 24 МВт хүчин чадалтай нарны эрчим хүчний цахилгаан бааз байгуулснаар 70-80 хүнд ажлын байр хангав.

Зарим компаниуд мөн Бяньчян тосгоны хөгжлийн далд хүчинд татагдаж, хөрөнгө оруулсан байна. Одоогийн байдлаар Бяньчян тосгон нэгэн компанитай хамтран 8 сая гаруй юанийн хөрөнгө оруулалт хийсэн Ардын зан үйлийн музей албан ёсоор нээлтээ хийх гэж байна.
"Бид түүхийн янз бүрийн цаг үеийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн багаж хэрэгсэл, тариачдын өдөр тутмын хэрэгцээт зүйлийг цуглуулж, өвөрмөц тариалангийн соёлоо Ардын музейд дэлгэсэн юм. Үүгээр олон олон жуулчинд уул устай, тансаг сайхан тариалангийн соёлыг мэдрүүлэхэд бэлэн боллоо" гэж Ван Вэньчэн ярилаа.
