Орчин үеийн мал аж ахуйг хөгжүүлэх нэг зангилаа буюу онцлог нь техник хэрэгсэл. Даяарчлал болон хотжилтын урсгал хөдөө орон нутаг хийгээд малчин түмэнд маш том өөрчлөлт хөгжлийг авч ирсэн билээ. Шил нутгийн мал аж ахуй ч хөгжлийн жимийг даган өөрийн өнгөөр хувиран өөрчлөгдсөн. Өргөжин тэлсэн нэгэн жишээ бол мал аж ахуйн үйлдвэрлэлийн техник хэрэгсэл юм.
Дээр үед техник хэрэгсэл хэмээх зүйл байгаагүй цагт Шил нутгийн малчид хоёр гартаа түшин цаг нартай уралдан шаргуу хөдөлмөрлөж ажил амьдралаа зохицуулж байсан. 70-аад онд мал аж ахуйн үйлдвэрлэлийн техник хэрэгсэл ч арай хөгжөөгүй байсан. 80-аад он гэхэд малчид өвс тээх трактортай болсон. Энэ нь Шил нутгийн мал аж ахуйн техник хэрэгслийн эхлэл. Шинэ мянганаас эхлээд одоог болтол 20 гаруй жилийн хугацаанд Шил нутгийн мал аж ахуйн машин төхөөрөмж ямар өөрчлөлттэй байв? Эдгээр хөгжил нь мал аж ахуйн үйлдвэрлэлд ямар өөрчлөлтийг авч ирсэн бол?
Хоёр мянганы уулзвар үе буюу шинэ мянганы эхний арван жил бол малчид мал аж ахуйн техник хэрэгслийг гүн гүнзгий мэдэрч эхэлсэн цаг үе юм.
Шилийн хотын Булган сумын Өлзийдэлгэр багийн малчин Замсүрэн 2008 онд 754 трактор авч мал аж ахуйн үйлдвэрлэлдээ ашиглаж байсан ажээ. Энэ нь малчид машин төхөөрөмж авч хэрэглэсний эхлэл. Харин одоо багийн хэдэн айл хамтран тариалангийн машины хоршоо байгуулаад 8 сая юанийн үнэ өртөгтэй машин төхөөрөмж хэрэглэж байна. Тэд хөдөө орон нутгийн үйлдвэрлэл амьдралд ашиглах өвс бордоо тарих буюу тарих аж үйлдвэрлэлээр малчдад үйлчлэн орлого олох болжээ. Малчид өндөр үнэтэй машин төхөөрөмж хэрэглэх болсон бөгөөд машин төхөөрөмжөөр дамжин өндөр орлого олох болсон нь маш том өөрчлөлт билээ. Тэд одоо техник хэрэгслээр дамжин орлого олох болсон бөгөөд тариалан болон мал аж ахуйн үйлдвэрлэлдээ уусган оруулсан юм.
Шил нутгийнхан 2010 оноос хөдөө орон нутгийн амьдрал үйлдвэрлэлдээ техник хэрэгслийг илүү ихээр ашиглах болж, зарим малчин айл машин төхөөрөмжийг иж бүрэн болгожээ. Шинэ цаг үеийн хэвлэл мэдээллийг малчид хурдтай олж авах болсноор шинэ технологийг ашиглан үйлдвэрлэл амьдралын арга хэлбэрээ хялбарчилж, хурдасгах, шинэчлэх талд анхаарах болсон байна. Жишээлбэл автоматаар мал услах төхөөрөмж байгаа юм. Энэ нь мал усны онгоцон дээр ирэхэд усны цорго өөрөө нээгдэж, онгоцны ус дүүрэхэд автоматаар хаагддаг. Сүүлийн жилүүдэд малчид нутаг бэлчээртээ буюу хашаа хороондоо удирдлагатай камер угсарснаар нүд салгалгүй дагаж хүч бардаг байсан байдлыг өөрчилсөн бөгөөд малаа цаг харж болохоор болжээ.
Сөнид зүүн хошууны Баяннуур суурингийн Тарганнуур багийн малчин Амгалан мал аж ахуйн үйлдвэрлэлдээ олон төрлийн машин техник хэрэглэж байна. Тэрээр 2017 онд малын хашаандаа камер суулгав. Ингэснээр өвлийн хүйтэн шөнө манааны ажлаас чөлөөлөгдөж, шөнөөр хоёр, гурван удаа гарч малаа харах шаардлагагүй болов. Мөн зуслангийн малаа автоматоор услалтаар усалж, холын зайнаас ч удирдах болсноор мал аж ахуйн үйлдвэрлэлд нь маш том өөрчлөлт авч иржээ. Амгалан үхрийн тэжээл боловсруулах машиныг мөн хэрэглэж байгаа аж.
Хөдөө нутгаар мал аж ахуйн үйлдвэрлэлд хэрэглэгдэж байгаа машин техник олон төрөл болсноор хөдөлмөр хүчийг маш ихээр хэмнэдэг болов. Засгийн газраас хөдөө орон нутгийн малчид машин техник худалдан авахад нөхвөр олгох бодлого хэрэгжүүлснээр малчдын зарлагыг мөн маш их багасгаж байгаа билээ.
Олон хоногоор хэд хэдэн хүн хийдэг ажлыг машин техник олон төрөл болсноор нэг л хүн богино хугацаанд биелүүлдэг болсон жишээ Шилийнгол аймгийн хэмжээнд олон бий. Энэ нь нэг талаар цаг хугацаа, хөдөлмөр хүчийг маш ихээр хэмнэж, үлдсэн цаг хугацаа, хөдөлмөр хүчээ мал маллахаас бусад ажил үйлсэд зарцуулан орлогоо нэмэгдүүлэх болсон.
Зүүн Үзэмчин хошууны Мандахбулаг багийн малчин Хосбаяр мал аж ахуйн үйлдвэрлэлийн машин төхөөрөмжийг иж бүрэн болгож, хэрэгцээндээ тохируулан өөрчлөн угсарч хөдөлмөр хүчээ хэмнэж чадсан байна. Том хэлбэрийн 4 трактор , өвс хадах 4 машин, жижиг хэлбэрийн 3 машин, хонь хайчлах 4 машин, цас түлхэх 1 машинаас гадна ачаа хөсөгт хэрэглэх унаа, цахилгаан гаргах машин нэлээд хэт байгаа аж. Өвс хадах, боох, ачих машиныг иж бүрнээр нь ашиглан бүхий л ажлаа өөрөө хийнэ. Зарим айл өвс хадлангаа оруулахад 100 мянган юань зарцуулж байхад энэ айл 20 мянган юань л зарцуулдаг ажээ.
Шилийнгол аймгийн хэмжээнд Хосбаярынх шиг хөдөө нутгийн амьдрал үйлдвэрлэлдээ машин техник хэрэглэж буй айл өрх олон болж байгаа нь малчид маань орчин үеийн мал аж ахуйг хөгжүүлэх зангилаа билээ.
