“Торгоны замын шинэ хүч” нэвтрүүлэг нь Монгол Одон Телевизээс хувиараа бизнес эрхлэхээр зорьж яваа залуу үеийнхнийг дэмжих, тэдэнд боломж нөхцөлийг олгож өгөх үүднээс зориулан хийж байгаа шинэ цэнгээнт нэвтрүүлэг юм. Нэвтрүүлэгт Хятад, Монгол, Орос гурван улсын 100 гаруй залуучууд оролцсоноос эцсийн шатанд Өвөр Монголоос гурван оролцогч, Монгол Улсаас гурван оролцогч шалгаран үлджээ. Эдгээр зургаан оролцогч өөрийн хийж байгаа ажил үйлсийнхээ тухай болон зах зээлийн хөгжлийн хандлага, бараа бүтээгдэхүүний давуу тал, хөрөнгө оруулалт зэрэг олон талд нарийн тайлбар хийсэн билээ.
Ширүүн өрсөлдөөний эцэст PAOBI гар урлал засал чимэглэлийн бүтээгдэхүүн хийж байгаа Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулийн оюутан Хашгэрэл тэргүүн байранд шалгарч, 50 мянган юанийн эзэн боллоо.
Тус цэнгээнт нэвтрүүлгийн шүүгчээр Өвөр Монголын “Ашиг бүрэн” ХК-ийн захирал Гэгээнбат, Өвөр Монголын “Хүсэхүй” монгол эмнэлгийн хорооны захирал Хөхсод, Өвөр Монголын “Эзэн” компанийг үүсгэн байгуулагч Мөнхжаргал нар уригдан оролцжээ.
“Торгоны замын шинэ хүч” нэвтрүүлэг шинэ оноос Монгол Одон телевизээр үзэгчидтэйгээ уулзахад бэлэн болоод байгаа юм.



