
Тэнэгэр сайхан Тамчийн талаараа алдаршсан Сөнид нутаг "Хөгшин хуухан"-ы өлгий, "Хурдан морины өлгий" хэмээн алдаршсан байдаг. Тамчийн талд минь амиллын сайхан хаврын улирал ирэх цагаар адуу дэллэх, даага тамгалах, үрээ хайрах, эмнэг сургах зэрэг уламжлалт зан үйл бүхий үйл ажиллагаа Сөнид нутгийн адуучин айлын амьдралын уянга болж хийморь хурайлсаар...
Тэгвэл Сөнид нутгийн адуучин айлын хаврын ажил чухам ямар байдаг бол
Алдарт уяач Элбэгбаярынх
Сөнид Баруун хошууны Санбулаг сумын Шинэбулаг багийн ахмад адуучин, алдарт уяач Элбэгбаярынх энэ жилийн хаврын улирлын адуу дэллэх, даага тамгалах, үрээ хайрах ажлаа ойр саахалтынхаа адуучин айлтай хуваалцан биелүүлсэн юм. Хариуд нь өрөөл бусад адуучин айлынхаа адуу дэллэгэнд нь хүрч даага шүдлэн тамгалж үрээ хайрахад нь дэмжлэг туслалцаа болдог байв.Элбэгбаярынхан өнгөрсөн жил наяад адуу өвөлжүүлж, унаарийн буюу уралдааны морьдоо ойрхон билчээрт өвөлжүүлж, бусдаас түрээсэлсэн 10 мянган мү(15 мү=1 га) бэлчээрт мэнд сайхан өвөлжүүлсэн байлаа.Элбэгбаярынх өнгөрсөн намар охин унагаасаа нэлээдийг үлдээсэн болохоор даага шүдлэн үрээ цөөн байж, энэ жил даага шүдлэн тамгалах, адуун дэллээгээ амархан биелүүлчихсэн байв.
Өдгөө жаран насыг давсан Элбэгбаяр насаараа адуутай ханилсан хашир адуучин.Тэрээр Сөнид Баруун хошууны нэрт адуучин бөгөөд Монгол улсад хүрч хурдан морины уралдаанд одон шагнал тосч явсан аварга уяачны нэг.Түүний хүү Тугч их сургуулиа төгсөж, одоогоор аавдаа тус болж адуу малтай оролдож, адуун сүргээ өсгөн, адуучин аавынхаа морь уях авьяас чадвар. ур мэргэжлийг өвлөн, одоогоор ус нутагтаа алдар цуутай “Нэрт уяачин”болчихжээ.
Элбэгбаяр нь мөн Сөнид Баруун хошууны адуун соёлын нийгэмлэгийг үүсгэн байгуулагч, уяачдын нийгэмлэгийн ахлагч. Тэрээр:" Манай Сөнид адуун соёлын нийгэмлэг 2016 онд жинхэнээр байгуулагдсан, өдгөө нийгэмлэгтээ дөчөөд өрхийн 3000 гаруй адуутай.Манайхан нутаг бэлчээр бага, ойрын жилээс ган гачигтай болохоор намартаа охин унаагаа үлдээж, эр унаагаа ихэнхийг нь худалдаж, адуугаа дал наяадын дотор л хязгаарлаж бий.Сөнид нутаг бол хурдан морин б өлгий тул манайхан адуугаа арчлан өсгөхийн дагуу уралдааны морь уяж сорьдог”гэж ярьж байлаа.
Нутгийн адуугаа малжиж байгаа Төгсбаатарынхан
Төгсбаатарынх нь Сөнид Баруун хошууны Зүрх балгасын Хонгор багийн нутгийн адуугаа малжиж ирсэн жирийн нэгэн малчин айл. Эднийх өнгөрөх өвөл далаад адуу ондруулж, энэ жил гучаад гүү унагалах юм байна.Энэ жил цагаан сарын арван нэгэнд ойр хавийн адуучин айлынхаа тус дэмийн хүчинд даага тамгалах, үрээ хайрах ажлаа шалавдан хийж, хориод даага тамгалан амжууллаа.
Адуундаа хайртай байдаг Төгсбаатар олон жил нутгийн адуугаа өсгөн чармайж ирснээр ойр хавийн адуунд бахтай хүмүүс ч түүнээс үлгэр жишээ авч нутгийн адуугаа малжих болжээ.Төгсбаатар өөрийн сайхан нутагтаа адуун соёлын наадмыг олон удаа зохион байгуулж, Сөнид Баруун хошууны монгол адуундаа хайртай Очбадрах, Соёлт, Цэцэнбаатар, Энэрэлт, Хичээлт...зэрэг хүмүүсээр бүрэлдсэн“Их тамчийн гал уяа нийгэмлэг”-ийн гишүүн болж, Сөнид адуугаа малжих, сөнид адуугаа судлан ярилцах, сөнид адууныхаа зүсмийг тогтоох зэрэг олон сайхан үйл ажиллагаад оролцож ирсэн байна.

Гал уяанд ахлагч Очбадрахынхан
Очбадрахынх Сөнид Баруун хошууны Сайхантал балгасын Цагаанхошуу багийн "Цавын хоолой”гэдэг сайхан нутагт суурьшиж бий. Тэрээр морь сайн уяж сорьдгоороо нутаг олондоо алдартай. Өнгөрсөн өвөл ерээд адуугаа мэнд сайн өвөлжүүлэн, хаврын сайхан өдрийг тохиолдуулан ойр саахалтынхаа адуунд эв дүйтэй хүмүүстэйгээ гучаад даагаа тамгалжээ.Одоогоор цөөвөр хэдэн үрээгээ хайрахаар төлөвлөж, дөрвөн сайхан уралдааны морио наадамд хурдлуулахаар бэлтгэл сорио хийж байна.
Эднийх зун намрын улиралдаа бэлчээр түрээслэн отор явдаг, өвөл хаврын улиралдаа адуун сүргээ олонхдоо өвсөлж тэжээн арчилж байдаг болохоор энэ жил унагалах тавиад гүү нь тарга сайтай.Уулаасаа адуунд хайртай байдаг Очбадрах "Их тамчийн гал уяаны нийгэмлэг”-ийг үүсгэн байгуулагч хүний нэгэн. Тэр нийгэмлэгийн гишүүнүүдтэйгээ хамт адуун соёлын холбоотой судалгаа ярилцлага болон наадмыг олон удаа зохион байгуулсан байдаг.

Сайхан говийн адуучин Баяртынхан
Сөнид Баруун хошууны уугаал, малчин залуу Баярт бага наснаасаа адууны эрэлд явах, уралдааны морь унах зэрэг морь унаатай оролдож өссөн болохоор мориндоо туйлын хайртай байдаг. Монгол морины зан үйл явдал мөрийг сайн мэддэг.Баярт хүргэн дүү Цэцэнбаатар, Цэцэнбилэгийнхэнтэйгээ 30 мянга гаруй мү(15 мү=1 га) нутаг бэлчээр дээр 200 орчим адуу малжиж, говь нутгийн шимлэг сайхан бэлчээрт мэнд сайхан өвөлжүүлжээ.Баярт:“Энэ жил гурван айлын зуу гаруй гүү унагална.Адуу дэллэх, даага тамгалах ажлаа эрт хийж дуусгасан.Ноднин манай энд ган гачигтай болохоор үрээд минь жаахан тар хүч муутай шиг байна.Тэгэхээр үрээ хайрах ажлаа ногоонд цадсан дараа хийх төлөвлөгөтөй. Сүүлийн өдрүүдэд эмнэг даагаа унаж сургахын хамт унааны морь, уралдааны морио унаж сорьж байна”гэж ярилаа.
