solongonews
Хялгасан урлалд шингэсэн хайр
2017-01-18 11:27
- Баруун Үзэмчин хошууны гар уран Алтанцэцэг

Монголчууд аль эртнээс таван хошуу малынхаа мах сүүгээр идээ ундаа болгож, арьс шир, унгас ноосоор дээл хувцас оёж өмсөх буюу мал аж ахуйн амьдралынхаа эдлэл хэрэгслээ хийдэг ажилч хөдөлмөрч хүмүүс.

Нийгмийн хөгжил цаг үеийн өөрчлөлтөөс болж бүгд хотын өргөн зайд нүүж ирсэн ч таван хошуу малынхаа ашиг шимийг ажилч хоёр гараараа боловсруулж, уламжлан хөгжүүлж яваа хүмүүс ч байгаа юм. Алтанцэцэг гуай тэдний нэг нь болж дурдагдана.

Алтанцэцэг гуай Баруун Үзэмчин хошууны Улаанхаалга сумын Баяннуур багийн малчин. 2003 онд хошууны төв Балгаргал сууринд нүүж иржээ. Түүнийг ойр хавийн танилууд нь “олом ээж” хэмээн хүндэтгэн дууддаг.

Олом ээжийг сурвалжлахаар очиход хошууныхаа мөнгөн өвлийн VII наадмын хувцас, гар урлалын үзэсгэлэнгийн уралдаанд оролцохоор хялгасаар араг гөрж байгаатай таарлаа. Ийнхүү олом ээжийн халуун яриаг сонсгохын зэрэгцээ хялгас томон урлаж оёсон бүтээлийг нь үзэхэд монгол гэрийн олом бүслүүр, хялгасан дээс, зэл, чагт, үнээний тушаа, унаган ногт зэрэг олон төрөл байв. Унгас ноос, дэл хялгасаар томон урлан оёсон “хийморь, хүчин, буян, хишиг, нигүүлсэнгүй” зэрэг үсэгтэй тугалны хүзүүвч нь сайхан харагдаж байлаа. Цаашлаад ажиглахад “Тэнгэрлэг ухаан дэлхийн бүслүүр” хэмээх үсэгтэй том эмээлийн олом нь намайг яах аргагүй гайхшруулсан билээ.

Олом ээж арван хэдэн настайгаасаа эхлэн утас зүү барьж үйл оёдол оёх ажлыг хийж сурсан бөгөөд малын унгас ноос, дэл хялгасаар мал аж ахуйн амьдралынхаа эдлэл хэрэглэлийг ч эвтэй сайхан томон оёсоор ирсэн гар уран хүн гэдгийг түүний яриан дундаас ойлгож билээ. Олом ээж уламжлалт мал аж ахуйн эдлэл хэрэгслээ биширч бахархсан яриа зоогоо үргэлжлүүлэхийн хамт том эмээлийн олмоо ийнхүү танилцуулна.

— Одоо таван хошуу малынхаа ашиг шимийг боловсруулах хүн өдрөөс өдөрт цөөрч байна. Би ч чадал тэнхээтэй байгаа дээрээ монголчуудынхаа нүүдэл мал аж ахуйн үйлдвэрлэл амьдралын эдлэл хэрэгслийн гайхамшгийг хойч үеийнхэндээ таниулж мэдүүлж, үр ач нартаа уламжлан үлдээх зорилгоор тус олмыг томон оёсон юм. Тус олом 20 кг хүнд, 42 сантиметр өргөн, 13 метр урт бөгөөд 30 кг хялгас хэрэглэж, Монголын их бэлгэдэл тоонын утга учраар ес есөн наян нэгэн мөрөөр томон оёсон бөгөөд үзүүрийг нь хийморийн таван өнгөөр урлаж томсон. Тэгээд бүхэл бүтэн арван сар хийсэн гэлээ.

- Би насаараа унгас ноостой нооролдоод ирсэн хүн болохоор энэ ажлаасаа салж чадахгүй болсон. Хотод ирж суурьшсан ч хялгас урж олс томох ажлаа огт хаясангүй. Энэ ажил хэдийгээр үс унгас бутран, хялгас урж, олом оосор, ногт дээс томоход яршигтай мэт боловч хийж л байвал бие цогц хөнгөрөн санаа сэтгэл уужирна. Эмээлийн олом томж оёх ажлыг голлон хийдэг. Одоо миний томж оёсон олом 5651 хэсэг тоологдоод байна. 10 мянга хүргэхээр хичээж байна гэж инээмсэглэн ярьж байлаа.

Ийм олон эмээлийн олмыг томж оёсноор хүмүүс “олом ээж” гэдэг. Олом ээж хялгасаа кг бүрийг 30 юаниар худалдан авч, томж оёсон олмоо 30 юаниар зарж жилд 500 гаруй олмоо худалдаад 10 мянга гаруй юань олдог.

Ажилч хүний амьдрал нь өөдөө гэдэг, олом ээж амьдралын хатуу бэрхийг туулж, өнчин таван хүүхдээ айл гэр болгон төвхнүүлсэн байна.

Олом ээж Зүүн Үзэмчин хошууны ахмадуудын уралдаанд олом оосор томох төрөлд нэг удаа тэргүүлж, нэг удаа 2 дугаар байранд орж байсан юм. 2015 онд Улаанхаалга сумын ардын их наадмын малчдын дээс томох уралдаанд оролцоод нэгдүгээр зэрэглэлийн шагнал хүртжээ. Үүнээс гадна олон удаагийн гар урлалын уралдаанд дээс томон оролцдог. Тэрчлэн Зүүн Үзэмчин хошууны сурагчдын монгол зан үйлийн хичээлийн ажиллагаанд уригдан оролцож, сурагчдад шилбэ хөвөрдөх, олс томох, тэмээн унгас ээрэх, хялгас урж дээс томох зэрэг агуулгаар хичээл орж, хүүхэд багачууддаа үндэстнийхээ уламжлалт соёлоо өвлөн залгамжлах буяны үйлсэд ч хичээн зүтгэж явна.

Зохиогч: Д•Энхбат
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл