Хоёрдугаар сарын 20 өдөр байж билээ. Сурвалжлагч Сөнид баруун хошууны Зүрх суурингийн Баянбулаг багийн Гэрэлтийнхийг зорин Сайханталаас Шинэбулаг суурин хүрэх замаар цаг хэртэй аялж, тус хошууны хуучин Дүүрэн-Өлзий сумын захад хүрч олон салаа замтай тааралдаж аль замаар нь явахаа олж ядаж байхад хамт явж байсан нэг маань замын хажуу дахь хоньчин хараад: - Тэр хоньчноос асууя” гэв. Тэгээд машинаа зогсоож гар даллавал мотоциклоор давхиулан ирсэн хоньчин нь харин 20 орчим настай уут үүрсэн охин байлаа. Бид тэр охинтой мэнд мэдэн золгосны дараа, Гэрэлтийнд хүрэх замыг сураглахад:
- Та нар чинь төөрсөөр төөрсөөр төрөлдөө гэдгээр яг манай гадна хүрээд иржээ! Энэ баруун талын замаар явж тэнд харагдах хөх дээвэртэй нарны саравчтай айл бол манайх гэж хэлэнгүүтээ цайран бэлчих хонин сүрэг руугаа давхиуллаа.

Тэгээд бид түүний хэлснээр шууд л тавиад хүрэхэд Гэрэлт гуай гарч ирээд:
- Та нар чинь амархан олжээ гэхэд Гэрэлтийг таньдаг нэг нь “Хамрын дор ам байна!” гэж шоглоход
- Өө манай охин Цээлхэнээс асуусан биз дээ гэжээ.
Тэр хоньчин охин нээрэн Гэрэлтийн охин нь байжээ. Тэрээр Хятад улсын Гирин мужийн Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн газар шороо, байгалийн баялгийн менежментийн чиглэлээр суралцаж байгаа хоёрдугаар курсийн оюутан байжээ. Гэрэлт, Дэлгэрмаа хоёрын ярианаас эднийх үрийн ганц охинтой бөгөөд сургууль соёлын оргилд тултал мацуулахаар л хичээж байгааг нь ойлгосны дээр тэднээс охиных нь талаар улам нарийн ойлголоо. Тухайлбал охин Цээлхэн хэдийгээр сургуульдаа төрөл бүрийн хичээлээ хятад хэлээр сурдаг ч өөрийн шаргуу зүтгэлээр амжилттай сайн сурч байгаа аж.
Хүүхэн Цээлхэн амралтын хугацаандаа хараагүй болсон 85 эмээгийнхээ гар хөл нь болж, асардаг бөгөөд мал хар эргүүлж, төл хүлээн авах зэрэг ажилд ханцуй шамлан ордог гэнэ. Аав Гэрэлтийн ярьж байгаагаар охин нь уг нь ийм биш байж, аяга савхаа ч өөрөө авдаггүй эрх танхил байжээ. Харин их сургуульд орсон чинь бүр шал өөр болсон байна. Хол явж ихийг үзсэнийх хэмээн их л сэтгэл хангалуун байгаа нь илэрхий харагдана.
Уут үүрсэн оюутан охины үүрсэн уутанд нь хурга ишиг дүүрч, уураг тархинд нь эрдэм дүүрэх болтугай гэсэн ерөөлийг тавиад Гэрэлтийнхээс мордсон билээ бид!
